Бага үнээр чанартай бараа авдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Бага үнээр чанартай бараа авдаггүй

Ж.Энхжаргал: Бага үнэ өгчихөөд чанартай
бараа дэлгүүрээс авдаггүй л биз дээ


Монголын авто замын эргэн тойрон дахь асуудлаар “Эм Си Си Си” консорциумын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Энхжаргалтай уулзаж ярилцлаа.

-Авто замын зарим компаниуд нэгдэж консорциум байгуулсан гэсэн. Яагаад авто замын компаниудын консорциум байгуулах  болсон бэ?

-Монгол Улсын ашигт малтмал уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. Тэр хэрээр манай улсын дэд бүтэц даган хөгжих эерэг боломж гарсан. Уул уурхайн салбарыг дагалдсан түлш, эрчим хүч, авто зам, үйлдвэр үйлчилгээ гээд эдийн засагт чухал ач холбогдолтой салбарууд Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслүүд дээр хамтран ажиллах боломж бололцоо бий болж байна. Шинээр орд газрууд ашиглалтад орж байгаатай холбоотойгоор авто зам тавих  том том төсөл дээр үндэсний томоохон компаниуд хамтран ажиллахын тулд “Эм Си Си Си” консорциумыг байгуулсан. Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулъя бас авто замын салбарыг хөгжүүлье гэсэн итгэл сэтгэлээр өнгөрсөн наймдугаар сард долоон компани хамтран энэ консорциумыг байгуулаад явж байна. Шинэ техник технологи оруулж ирэх, жилд тавьж буй замынхаа хэмжээг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах болно. 2010-2016 онуудад 24 чиглэлд 5500 гаруй километр зам тавих, долоон гүүрэн гарц байгуулах Засгийн газрын хөтөлбөрт үндэсний томоохон компаниуд хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Энэ нь улс орны хөгжил болон хувийн хэвшлийнхэн гээд хэн хэндээ ашигтай байх юм. Иймээс бид консорциумынхаа дэргэд ассоциаци байгуулсан. Төр хувийн хэвшлийнхнийг хооронд нь холбох үүрэгтэй төрийн бус байгууллага.

-Манай улсад авто замын гэх тодотголтой хэчнээн компани үйл ажиллагаа явуулдаг вэ. Тэд танай консорциумд нэгдэхэд ямар нэгэн шалгуур тавих уу?

-Өнөөдрийн байдлаар нийтдээ 160 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний хэн ч манай консорциумд нэгдэн ороход нээлттэй.

-Авто замын салбарын хөгжил өнөөдөр хэр төвшинд байна гэж та дүгнэж байгаа вэ?

-Одоогоос арван хэдэн жилийн өмнө авто замын салбарт хувийн хэвшлийнхэн орж ирсэн. Улс орондоо жижиг том  олон замыг барьж байгуулсан. Хот хөдөөг холбосон Мянганы замыг хувийн хэвшлийнхний хүчээр барьж байгуулсан нь Монголын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байгаа гэж үзэж байна. Иргэдийн хувьд сэтгэл дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Одоогоос хоёр гурван жилийн өмнө 300 гаруй компани манай салбарт хүч үздэг байсан бол өнөөдөр 160 гаруй болж буурсан. Төр үндэснийхээ компаниудыг дэмжих  хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр дарамтлаад байвал авто замын салбар хүнд байдалд орно. Хэн дуртай нь уг нь зам барьчихдаггүй юм шүү дээ. Тэгэхээр хийж бүтээе, улс орноо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй үндэсний компаниудаа дэмжмээр байна.

-Төрийн хүнд суртал, чирэгдлийг хэр амсч байна?

-Зарим нэг хүндрэлтэй асуудал тулгарч байдгийг нуухгүй. Зам барих ажил бол улирлын чанартай. Гэтэл 20 гаруй хүний гарын үсгийг цуглуулах гэсээр байтал бүтэн хоёр сар шахам болно шүү дээ.

-Замын компаниуд өөрсдөө назгайрч байгаад хугацаа алддаг юм биш үү. Хараад байх нь манай компаниуд намар л зам барих ажлаа эхлэх юм. Уг нь хавар эртхэн ажлаа эхлүүлбэл хэн хэндээ амар байх?

– Тендер зарлаж байна гээд баахан хугацаа алдана. Түүний дараа санхүүжилт нь орж ирэхгүй цаг алддаг. Дээрээс нь манай төрийн албан хаагчид зун болохоор бүгдээрээ амралтаа аваад алга болчихно. Тэдний гарын үсгийг хүлээсээр байтал намартай золгодог.

-Тендер гэснээс манайхан том төслүүдээ  гадныханд өгөөд байдаг тал ажиглагддаг юм?

-Энэ асуултаа төрийнхөнд тавих хэрэгтэй байна. Төр нь том зорилгоо биелүүлэхийн тулд үндэсний  компаниудаа дэмждэг, үндэсний компаниуд нь төрийнхээ зорилгыг биелүүлэхэд чармайж ажилладаг байх ёстой юм. Ингэж байж л улс орон хөгжинө шүү дээ.

-Ингэхэд нэг километр замыг хэдэн төгрөгөөр барьдаг юм?

-Уг нь бол зам тавихад зарцуулагдах бодит үнэ 450-500 сая төгрөг. Нэг километр замыг барихад шүү дээ. Харамсалтай нь төсөвт тусгахдаа  нэг километр замыг 180-200 сая төгрөгөөр барих ёстой гээд заачихсан байдаг юм. Үүнээс болж зөрүү мөнгөний хэрүүл байнга гардаг. Энэ тендерийнхээ хуулийг л өөрчлөхгүй бол манай улс сайн замтай болно гэж бодолтгүй. Чи бод л  доо. Дэлгүүрт ороход хямд бараа  чанаргүй, чанартай бараа нь өндөр үнэтэй байдаг биз дээ. Түүнээс ялгарах юм юу байна. Бага үнэ төлөөд чанартай бараа нэхнэ гэдэг утгагүй асуудал . Үнэнийг хэлэхэд Монголын зам чанаргүй байгаа нь үнэдээ таарсан бодит зүйл шүү дээ. Бодлого боловсруулах ёстой яам нь аж ахуйн хэрэгт оролцоод хэрүүл хийж явах хэрэггүй санагддаг.

-Зам барих мөнгөний уртаас нь монгол дарга, өргөнөөс нь хятад дарга иддэг гэж нэг үг байдаг шүү дээ. Замын компаниуд өөрсдөө төсвийн мөнгөнөөс дундаас нь шомбодоод бараг талын тал үнээр нь зам барьдаг юм биш үү?

-Энэ бол марзан яриа. Бидэнд тэгэх боломж байхгүй. Байнгын хяналт, давхар шалгалтын дор ажилладаг. Тэгэхээр замын компаниуд тендерийн мөнгөний тэн хагасаар зам тавьдаг гэсэн ойлголт байхгүй. Тэртээ тэргүй тендерийн мөнгө нь бодит зардлаас хавьгүй бага байдаг.

-Зам барих ажилд хятад хүмүүсийг авч ажиллуулдаг. Гэтэл Монголд ажилгүй хүн зөндөө байна шүү дээ. Гадныханд мөнгө өгч байхаар өөрсдийнхөндөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болов уу?

-Бид зам барих ажилд орон нутгийн хүмүүсийг байнга авч ажиллуулдаг. Гэхдээ бас нэг асуудал байна. Монголчууд нэгдүгээрт,  их залхуу хоёрдугаарт,  энэ их дээд сургуулиудыг цэгцлээд мэргэжлийн ажилчид бэлтгэмээр байна. Манайд зам барилгын мэргэжилтэй ажилчин гэдэг чинь ховор болоод байна шүү дээ.

-Замын компаниуд уул уурхайн олборлох ажилд оролцох хүсэлтэй байдаг гэж сонссон?

-Уг нь энэ бол буруу биш.  Бидэнд техник хэрэгсэл, машин механизм нь байна. Боловсон хүчин байна. Манай замын компаниудын ажилчид уул уурхайн салбарт ажиллаж байгаа гаднынхнаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Замаа ч тавина, олборлолтоо ч хийчихнэ. Нэг сумаар хоёр туулай буудаж байгаа биз. Даанч манай төрий энэ яамдууд нь хэдэн тийшээ харчихсан. Уялдаа холбоо муутай байдгаас  болоод зарим нэг эдийн засгийн хэмнэлт хийх зүйл  хаягдаад байна.

-Уул уурхайн хувийн компаниуд та нартай хэр хамтарч ажилладаг вэ?

-Хамтарч ажилладаг. Өмнөговь-Гашуун сухайтын чиглэлд 240 километр зам тавьж байна.

– Салбарынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа
– Зүгээрээ. Эх орныхоо их бүтээн байгуулалтад үндэсний компаниуд гар бие оролцож хамтран бүтээхийг зорьж байгаагаа ярилцлагын төгсгөлд дахин онцломоор байна. Та бүхэнд амжилт хүсье.  

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж