Малчид туршлага судлах аялал хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Малчид туршлага судлах аялал хийжээ

Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан Эрдэнэцогт, Галуут, Шинэжинст сумын малчид Өмнөговь аймагт  туршлага солилцох, танилцах аялал хийлээ. Тус хөтөлбөр Баянхонгор аймагт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд гол зорилго нь малчид аж ахуйгаа тогтвортой эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, аливаа эрсдлээс хамгаалах зэрэгт чиглэгдэж байгаа аж. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг газар тариалантай хослуулах, нүүдлийн мал аж ахуйг фермерийн эрчимжсэн суурин аж ахуйд шилжүүлэх, аялал жуулчлал, байгаль орчн бэлчээрийн хомсдлыг багасгах, малчдын  ур чадвар, боломж, идэвхи санаачилгыг дээшлүүлэн амьдрал ахуйг нь сайжуурлах зорилготой юм байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн ХХҮХ-ийн мэргэжилтнүүд, хөтөлбөрт хамрагдсан сумдын малчид Өмнөговь аймаг, Өвөрмонголын эзний хошуунд эрчимжүүлсэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр  танилцах, туршлага солилцох аялал хийжээ.

Энэ үеэр газар тариалангийн чиглэлээр буюу малын тэжээл хэрхэн бэлтгэх, цөлжилтийг хэрхэн зогсоох, мод, төрөл бүрийн нарийн ногоо, олон настай ургамал  тарих талаар “Ойн хишиг” ТББ-ын тэргүүн н.Бараадууз малчдад сургалт хийсэн байна. Энэхүү аялалд явсан малчид цаг агаарын бэрхшээлтэй энэ үед малынхаа тоо толгойг өсгөх биш, хэрхэн яаж чанаржуулах, хаанаас ямар үүлдрийн мал  авч өндөр ашиг шим  авах, үүнийхээ хажуугаар өрхийн үйлдвэрлэл хэрхэн явуулах талаар олон зүйлийг газар дээрээс нь үзэж харж, судалжээ.

Тус хөтөлбөрт хамрагдсан  малчид буцалтгүй тусламж авч, өвөл хаврын хашаа хороо, худаг устай болж, өвлийг ямарч хорогдолгүй давж, амьдрал ахуй нь эрс сайжирсан зэрэг олон амжилтанд хүрчээ. Мөн малчид хөтөлбөрийнхөө хүрээнд чадавхжуулах сургалтад хамрагдаж, өрхийн хөгжлийн төлөвлөгөө гаргадаг болсон байна.  

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж