Тавантолгойн гэрээг халтуурдахад арваад хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

Тавантолгойн гэрээг халтуурдахад арваад хоног үлдлээ

Бушуу туулай борвиндоо гэгчээр улсдаа хэрхэн ашигтай гэрээ байгуулахаас илүүтэй хугацааг чухалчилдаг түшээд үлдсэн 14 хоногт багтаана энэ гэрээг халтуурдах нь. Наана нь Оюутолгойн гэрээ но-той болсон гэх дуулиан тэдний толгойг өвтгөж буй.

УИХ-ын намрын ээлжит чуулган эхлээд хоёр сар илүү хугацааг ардаа орхилоо.  Дотоодын нийт бүтээгдэхүүний 9,9 хувьтай тэнцэх алдагдал бүхий Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг Улс тунхагласны ойн босгон дээр гараас гаргаж, Төрөөс баримтлах мөнгөний бодлогоо цэгцэлсэн нь эрхэм гишүүд хамгийн том ачаагаа нуруунаасаа буулгасан гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссыг шинэ даргатай болгож, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээ сэлбээд томилчихлоо. Харин одоо намрын чуулганы үлдээд буй сар илүүгийн хугацаанд  эрхэм түшээд юу хийх вэ. Лав л хаврын чуулганаас хойшлуулсан УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай, Жендэрийн тэгш байдлын тухай хуулиудын төсөл зэрэгцээд ороод ирнэ. Ирэх 2012 онд парламент, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хамтад нь хийх эсэхийг шийдэхээс гадна сонгуулийн тогтолцоогоо солих уу, болих уу гэсэн толгойн өвчин энэ намрын чуулганаар дахин сэдрэх гэж байна. Пропорциональ тогтолцоог сонгох гэснээ төвдөлгүй хаврын чуулганаа өндөрлүүлсэн эрхэм гишүүд “Голсон юм голд” гэгчээр жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоогоо эргүүлж авъя гээд сууж байж чадах л байх.

Уг нь холимог тогтолцоог авах тал дээр намын бүлгүүдийн санал нэгдээд байгаа гэдэг ч танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэгчээр зодог тайлах дургүй мөнхөд залрах хүсэлтэй түшээдэд зангий нь мэддэг мажоритар хувилбар 2012 онд ээлтэй тусч мэдэх юм. Жендэрийн тэгш байдлын хууль Сонгуулийн хуулийг дагаад ороод ирнэ.  Ардчилсан намын эмэгтэйчүүд тэргүүнээ шинэчилчихсэн. МАН-ын бүсгүй гишүүд даргаа солиогүй ч хурлаа хийчихсэн. Дарга нь МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлдөө багтчихсан. Намуудын эмэг­тэйчүүдийн байгуул­лагуудын идэвх сэргэж байгаа болохоор Сон­гуулийн хуульд эмэг­тэй нэр дэвшигчдийн квот суулгуулахаар зүтгэх нь лав. Өмнөх 2007 оных шигээ андуурч квот хийгээд хулгайгаар сугалаад хаячих боломж энэ удаад эрчүүдэд олдох­гүй л болов уу. Намуудын эмэгтэй гишүүд  соргог болсны дээр нэг хуур­тагдсан юман дээрээ дахиж мадлуулахгүйгээ мэдэж таарна.

Том том хуулиудын зэрэгцээ түүнээс дута­хааргүй хуулийн төслүүд намрын чуулганаар хэлэл­цүүлэхээр өнгөрсөн зун баталсан хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. Наад зах нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай болохоор жаг­саалтад оруулсныг хэлэл­цээд эхэлсэн. Их биш гэхэд орон нутгийн засаг захиргааны хуваарь зэрэг­тэй холбоотой нэмэлт зас­варыг Үндсэн хуульд хийх шаардлага амьдралаас урган гарч ирснийг гишүүд хэлдэг болсон. Ямар ч гэсэн эцэг хуульдаа гар хүрэх үед бэлэн мөрдөх журамтай болохоор УИХ-аар хэлэлцээд эхэллээ. Хүний эрхийг дордуулалгүй, засаглалын хэлбэрээ өөрчлөлгүйгээр Үндсэн хуулийг засварлаж болохыг эрхэм гишүүд хэлж байна.

Бас Засгийн газарт эрх өгчихөөд буй Тавантолгойн ордыг ашиглах гэрээг батламжлах том ажил эрхэм гишүүдийг хүлээж байгаа. УИХ, Засгийн газрын гишүүдийн хэлснээр он гарахаас өмнө амжиж энэ гэрээг үзэглэнэ. Бушуу туулай борвиндоо гэгчээр улсдаа хэрхэн ашигтай гэрээ байгуулахаас илүүтэй хугацааг чухалчилдаг түшээд үлдсэн 14 хоногт багтаана энэ гэрээг халтуурдах нь. Наана нь Оюутолгойн гэрээ но-той болсон гэх дуулиан тэдний толгойг өвтгөж буй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг намрын чуулганаар  шинэчлэхээр төлөвлөөд байна.Түүгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сайдын зиндаатай болгож эрх ямбыг нь дээшлүүлж мэдэхээр байгаа. Мөн нийслэлд оршин суугчид нь Улаанбаатарын зам, талбайг элээж, агаар бохирдуулж, машины болоод гэр сууцны яндангаас утаа савсуулж буйнхаа төлөө татвартай болж ч магадгүй. Хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдээс татвар хураадаг байсан хуучны зарчмыг сэргээн Улаанбаатарын хүн амын механик өсөлтийг сааруулах арга хэмжээ авч мэдэх нь.

Эрүүгийн хуулиа өнөөгийн нөхцөлд зохицуулан шинэчлэх, төрийн цол, одон, медалиудыг өөрчлөх тухай хуулийн төслүүд жагсаалтад бас бий. Хөдөл­мөрийн гавьяаны улаан тугийн, Байлдааны гавьяаны улаан тугийн гэх зэрэг социалист агуулгатай одонгуудыг Чингис хааны, Хубилай хааны гэх мэтээр шинэчилж алдарт эхчүүддээ Өөлүн эхийн одон хүртээж байхаар Ш.Сайхан­самбуу, З.Алтай нарын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийг харин эрхэм гишүүд ярилцаж эхлээд орхичихлоо.

Нэрийг нь сонсохоос ч эвгүйрхдэг Казиногийн тухай хуулийг нам­рын чуулганаар хэлэл­цэхээр жагсаалтад тус­гасан. Эрхэм ги­шүүн Д.Загджав, Л.Гүндалай нар тус тусдаа хуулийн төсөл санаачлаад хэлэлцүүлэх өдрийг хүлээж сууна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Монгол Ул­сын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл гээд ажил хөдөлмөртэй холбоотой хэд хэдэн төслийг намрын чуул­ганаар хэлэлцэнэ.

Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл гэсэн нэг хууль гаргах гэж байна. Дарга нар Монгол Улсынхаа аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулагчдыг ажиллуулах тал дээр анхаарахаар шийдсэн бололтой. Цагдаагийн байгууллагын тухай хуулийг шинэчилж хамгийн хуучинсаг энэ салбарт шинэчлэлтийн салхи оруулах ажлыг бас хийх гэж байна. Цагдааг хүн загнаж торгодог жандарм биш, хүмүүнлэг сэтгэлгээтэй үйлчилгэний ажилтан болгох агуулгатай хууль гарах юм гэсэн. УИХ-ын тухай, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулиуддаа гар хүрэхээр эхний хэлэлцүүлгийг нь хийгээд эхэлсэн. Олзуурхууштай нь хурлаа хийдүүлдэг эрхэм түшээдийн хуралдааны ирц намрын чуулганаар гайгүй байгааг тэмдэглүүштэй.

                    Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж