“Бизнесийн шинэтгэлийн жил” баяртай

Хуучирсан мэдээ: 2010.12.14-нд нийтлэгдсэн

“Бизнесийн шинэтгэлийн жил” баяртай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах  халуун мөч хамар дор ойртсоор л. Ганган гацуур айл болгонд сүндэрлэж, газар сайгүй ажлаа тайлагнах сүртэйхэн даалгаварт албан газрууд дарагджээ. Ерөнхийдөө шинэ оноо угтаж хуучин оноо дүгнэхээр яарцгааж байгаа нь хэрэг.

Татварын албаныхан үүргээ 110 хувиар давуулан биелүүлснээ бардамнаж, уул уурхайн экспортын ачаар улсын төсвийн  алдагдлыг нөхсөнөө Сангийн яамныхан дуулгаж, Эрүүл мэндийн яамныхан эх үрёийн эндэгдэл буурсан хэмээн сайрхаж энд тэндхийн хэвлэлүүдэд гарсан тайлан мэдээг нь сонирхвол яам газар, агентлагууд ямарч их ажил амжуулаа вэ гэж дуу алдмаар. Даанч цаасан дээрх төлөвлөгөө, бодит амьдрал дээрх үр дүн хоёр тэнгэр газар шиг зөрөөтэй байдаг Монгол  төрийн мартамхай араншинг гээж болохгүй болохоор. Өнгөрсөн жилийн  өдийд 2010 оныг “Бизнесийн орчин шинэтгэлийн жил” болгохоо, бизнесменүүдэд боломж олгохоо  бизнесийн гэх тодотголтой шинэхэн Ерөнхий сайд  зарлаж байлаа.  Шив шинэ юм болгон гоё бас шинэлиг, содон, сонихон сонсогддог хойно. Бизнесийнхний  зовлонг ойлгох  бизнесмен хүн амалсан болохоор энэ жил их л бүтээн босголт, үйлдвэрлэл үйлчилгээ өрнөх нь ээ хэмээн итгэж хүлээсэн нь олон байлаа. Гэтэл 2010 он улиран одоход хэдхэн хоног үлдэж, дараагийн жил гоёл чимэглэл, нэр зүсээ зүүхэд бэлэн болжээ. Энэ хугацаад Засгийн газраас бизнесийн орчинг сайжруулахад болон бизнес эрхлэгчдэд зориулан юу хийв ээ.  Сайн морины зажлах, залгих, давхих гурав зэрэг, сайн хүний сэтгэх, хэлэх, хийх гурав зэрэг гэдэг шиг эрхэм Ерөнхий сайдын сэтгэх, хэлэх, хийх гурав зэрэг байж чадсан уу гэдэгт бизнесийнхэн лавтайяа F дүн өгөх дэг. Тэдний нэрээр овоглосон жилд тэд юу ч эдэлж чадаагүй болохоор гомдолтой байгаа бололтой юм.  Татварын дарамт буурсан уу-Үгүй, татварын хууль өөрчлөгдсөн үү-Үгүй, төрийн хүнд аппаратыг цөөлсөн үү-Үгүй, төрийн албан хаагчдын дарамт шалгалт, авлига буурсан уу-Үгүй гэсэн мянган түмэн үгүй гэсэн хариултыг татвар төлөгчид, улсын төсөв бүрдүүлэгчид өгч байна. Харин төрийн яам, агентлагийнхан “Бизнесийн орчин шинэтгэлийн жил”-ийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдэд нийтдээ 30.8 тэрбум төгрөгийн зээл олгосон нь амжилттай ажил болсон хэмээн өөрсдийгөө дүгнэж сууна.

Жижиг, дунд үйлдвэрийн газар өнгөрсөн онд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд уг зээлд цөөн хэдэн аж ахуйн нэгж л хамрагдсан  аж. Гэтэл Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын регистрийн санд өнгөрсөн сарын эцсийн байдлаар 72.9 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг аж. Гэхдээ дампуурсан, санхүүжилтгүй гэх шалтгаанаар дээрх аж ахуйн нэгжүүдийн 52,6 хувь нь л үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.  Засгийн газраас зарласан “Бизнесийн орчин шинэтгэлийн жил”-ийн хүрээнд бол энэ таагүй л мэдээлэл. Бүртгэлтэй аж ахуйн нэгжийн  бараг тал хувь нь үйл ажиллагаагаа явуулж, тал ор сураггүй  гэхээр Монголд бизнес эрхлэх таатай боломж байхгүй байгаагийн хамгийн эхний илрэл энэ болов уу. Бас “Бизнесийн орчин шинэтгэлийн жил”-ийн ажлын нэг үнэлэмж болох байх. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлын явцыг Vндэсний хєгжил шинэтгэлийн хороо 50, харин МҮХАҮТ 30 хувьтай явж байна гэж дvгнэсэн бол бизнесменүүдийн  сэтгэл  нэлээд гонсгорхон үлдэж байна.  Тэдний хувьд төрийн доод болон дунд шатны мэргэжилтнүүдийн ажил гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх, зээлийн хүүг багасгаж, хугацааг уртасгах, хувийн хэвшлийн салбарт ажиллагсдыг орон сууцаар хангах хөтөлбөр гаргах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, төрийн оролцоо, элдэв татвар хураамжийг цөөлөх, авлига хүнд суртлыг багасгах, Татварын багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, төрийн оролцоог  байхгүй болгох зэрэг олон асуудлыг шийдэх болов уу хэмээн харж, итгэж суусан. Харамсалтай нь “би чамайг тэг гэтэл хуурчих уу, тэгэхүү” гэдэг шиг л юм болоод өнгөрч. Ер нь шинээр гарч буй жил бүхэнд шинэ содон нэр хайрлаж, маргааш нь мартдчихдаг хуучирсан “гоёл”-оо солих хэрэгтэй болсон бололтой. Нэг нь баярлан гомдож, нөгөө нь баярлуулан гомдоосон “Бизнесийн орчин шинэтгэлийн жил” минь баяртай. Дараагийн жилд дахин нэр хайрлах хэрэг байна уу, үгүй юу.  Он цагийн хүрдэнд  мөрөөрөө эргэж яваа цаг хугацаанд нэр зүүж өгчихөөд олиггүйгээр, муугаар  нь дуудуулах бүүр ч хэрэггүй.

Ж.ЭРХЭС

“Заабар” компанийн захирал З.Батбаяр:

-УИХ-ын гишүүд бүтээн байгуулалт хийж буй компаниудаа ерөөсөө бодохгүй, ард иргэдийн дунд нэр зүүсэн төдий л ажил хийдэг. Тухайлбал, ирэх онд маш их бүтээн байгуулалтын ажил хийнэ гээд төлөвлөсөн байгаа байхгүй юу. Тэгсэн хэрнээ төсөвт суулгасан үнийн дүнг нь харахаар тэр бүтээн байгуулалтыг үнэхээр хийе гэсэн сэтгэл байхгүй. Тухайлбал, тус бүр нь 38 тэрбум төгрөгийн өртөг бүхий 100 км автозам барих хоёр ажил байна. Нийтдээ гурван жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ. Зам барих компани тухайн ажлыг эхлүүлэхийн тулд дор хаяж 30 хувь нь хэрэгтэй. Үүний 30 хувь нь гэхээр багаар бодоход 12 тэрбум төгрөг байгаа юм. Тэгэхэд ердөө 500 сая буюу 1.5 хувь хүрэхгүй төгрөг төсөвт суулгасан байна лээ. Тэгэхээр замын тендерийг авсан компани яаж замаа барих юм бэ. Өнгөрсөн жилүүдэд байсан замын санхүүжилт төсөвт дутуу суудаг заваан байдал энэ жил дахин давтагдаж байна. Дараа дараагийн жилүүдэд санхүүжилтийг ахиухан тавих нь юу л бол. Бүтээн байгуулалт хийе, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад нь аль болох таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгье гэж бодож байгаа юм бол энэ ажлыг хийж гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. 500 сая төгрөгөөр 100 км автозамын барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй. Энэ бол ердөө иргэдийн дунд нэр зүүх төдий л ажил болж байгаа юм. Гэтэл үүнд барилгын компани хамгийн хэцүү байдалд орж байгаа юм. Замаа баримаар байдаг, санхүүжилт нь орж ирэхгүй. Дунд нь ашиг гэхээсээ алдагдалд орж эхэлдэг.

Нэрээ хэлэхийг хүсээгүй бизнес эрхлэгч:

-Гадаадын хөрөнгийн бирж дээр Монголын компаниуд гарч байгаа сайн жишээнүүд байгаа. Манайхан нэг үеэ бодвол энэ талаар мэдлэг боловсролтой болжээ. Харин дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил сул хэвээр байна. Уг нь Ерөнхий сайд С.Батболд ажлаа аваад бизнесийн орчныг сайжруулах хэрэгтгэй гэдгийг хамгийн түрүүнд олж харж, шинэчлэлийн жил болгон зарласан. Хөрөнгийн зах зээл хөгжлийн түлхүүр гээд уриатайгаар төлөвлөгөө гаргасан боловч төлөвлөгөөний дагуу ажил явахгүй байна. Мэдээж энэ бүх ажлыг нэг жилийн дотор амжуулахгүй ч энэ салбарт хийгдсэн дорвитой өөрчлөлт алга. Нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Мөн Хөрөнгийн биржийн менежментийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэх, хөрөнгийн зах зээл дээр байгаа бүтээгдэхүүний тоогоо нэмэх хэрэгтэй байгаа юм.

Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж бүтэн жил ярилаа. Үүний тулд Монголын хөрөнгийн биржийг гадаадын багаар удирдуулна гэсэн ч тендерээ хүчингүй болгочоод одоо яах гээд байгаа нь ойлгомжгүй он гаргах гэж байна. Монголын хөрөнгийн бирж бахь байдгаараа, ямар ч өөрчлөлт ороогүй. Мөн нэлээд хэдэн хувьчлалыг явуулж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байсан. Гэтэл хөрөнгийн зах зээлтэй холбоотой Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг шаардлагатай чухал хуулийн төсөл одоо болтол УИХ-д очоогүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж