АН-ынхныг бужигнуулж буй шидтэй заалт

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

АН-ынхныг бужигнуулж буй шидтэй заалт

Улс төрийн намуудын сонгуулийн бэлтгэл ажил бага багаар хийгдсээр.  МАХН гэхэд л XVI дугаар их хурлаараа МАН хэмээх малгайн дор орж ард түмэнд амласан амлалтаасаа  зугтааж, өөрсдийгөө цэвэрлэхийг оролдож байна.  Харин  тэдний голсон нэр бүхий намыг Н.Энхбаяр нам, төр, хэн нэгэнд гомдсон хүмүүсийн дэмжлэгтэйгээр авч сонгуульд  өрсөлдөх үүдээ нээгээд байна.  Ингээд МАХН хэмээх их айл  задарч, намын гишүүд,  дарга нар намаа шилж,  голж,  хольж,  сольж тоглож байх зуур Ардчилсан намынхан  ч бас зүгээр суусангүй.  Намын дүрмэндээ өөрчлөлт  хийхээр хэсэг нөхөд ханцуй шамлан орсон байна. Ингээд зогссонгүй  намын дүрмийн шинэ конвенц  сайшаагдах нэгэндээ сайшаагдаж, эгдүүцэх нэгнийг бүр  сандал ширээ солих  асуудлыг  ярьтал  дургүйцүүлээд амжсан. Тодруулбал, дүрэм боловсруулагчдыг сандал ширээтэй нь унагахыг завдсан үйлдэл хийж байсан гэсэн үг.  Нэг ёсондоо тус намын 33 дугаар ҮЗХ-ны хурлын өмнө намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг Э.Бат-Үүл эсвэл Ш.Түвдэндоржоор  солино гэж яригдах болсон шалтгаан нь энэ дүрмийн конвенцитой холбоотой байсан гэнэ. Намын дүрмэнд шинээр оруулсан заалтад ингэтлээ их дургүйлхсэн хүмүүс бол  МоАХ болон Алтангадас   фракцийнхан.  Тэд ингэж их ач холбогдол  өгч, уурлаж сандал ширээ яриад эхэлсэн заалт нь энэ байна. “Ардчилсан нам ард  түмний нам  байхын  тулд өөрсдөө хариуцлагатай, бодлоготой нам  болж төлөвших хэрэгтэй. Ингэхийн тулд   ард түмний саналыг  авсан  тэр  хүмүүсээ  намын удирдах  байгууллагад  оруулъя” гэсэн  утгатай үндсэн  дүрмийн  конвенци  нь анхан шатныхныг тоодоггүй, мөнгөөр бүхнийг хэмжээд сурчихсан, нам, улс эх орны эрх ашиг бус өөрийнхөө төлөө үхэн хатан зүтгэдэг хэсэг хүний  таалалд нийцээгүй хэрэг. Энгийн үгээр хэлбэл мөнгөөр улс төрд орж, сонгуульд өрсөлдөж, сайдын суудалд суухгүй, жинхэнэ улс эх орон, ард түмэн, намынхаа төлөө ажилласан хүн л намаасаа нэр дэвшинэ, цаашилбал, сайдын суудалд сууна гэсэн заалт аж. Тиймээс генсек тэргүүтэй хүмүүсийг хусчихаад өөрийнхөө хүнийг  тавьчихсан нь дүрмийг  өөрчлүүлэхгүй байх хамгийн найдвартай арга гэж үзсэн хэрэг байх л даа. Өөрөөр хэлбэл тэд асуудлыг мөнгөөр шийддэг үгширмэл байдлаасаа гарахыг хүсээгүй ч байж магад.

Харин  мөнгөнөөс илүү хариуцлагыг  урьтал болгосон утга агуулга бүхий  шинээр   мэндэлж буй дүрмээ  орон нутгийн гишүүд, дэмжигчид болон УИХ-ын гишүүд ихэд сайшаалтайгаар өлгийдөн  авч байгаа юм билээ.  Энэ заалт нь аль болох ард түмэнтэйгээ ойрхон байж, тэдэнтэйгээ санал бодлоо солилцож,  иргэдийнхээ төлөө хэн сайн дуу хоолойгоо гаргаж чадаж байна, тэр хүн мөнгө ихтэй нэгнээс айхгүйгээр урагш  алхах, сонгуульд өрсөлдөх боломжийг нь нээж өгч байгаа нь сайн талтай гэнэ лээ.  Нэг талаар  аливаа асуудлаа  фракциараа  хуваагдаж  байгаад мөнгөөр  шийдчихдэг  замбараагүй байдлаа  сонгуулийн өмнө цэгцэлж шударга ёсыг тогтоох  гэсэн хүсэл намын доод шатны гишүүдэд байгаа биз. Түүнчлэн тус намаас  УИХ-д суугаа гишүүдэд ч дүрэм таалагдаж байгаа юм байх.

Харин Алтан гадас, МоАХ-ны зарим нөхөд энэ удаад дүрэм таалалд нь нийцээгүйн төлөө   сэмхэн халаа сэлгээний хор найруулж мөнгөө тоолж үзсэнээс бус тоогоо тоолж үзээгүйгээс санасандаа хүрч чадаагүй юм гэнэ билээ. Ингээд АН-ын шинэ дүрэм нам дотор нэлээд асуудлыг ар араасаа дагуулж цөөхөн тооны хүмүүсийн эрх ашгийг хааж  байгаа гэх гомдол  байгаа  учраас ойрын хугацаанд намын бүх  шатны гишүүдээр хэлэлцэгдэх сурагтай. Энэ дүрэм батлагдвал АН нэлээд “цэвэршиж” магадгүй гэж дүрэм боловсруулагчид мөрөөдөж суугаа гэх. Гэхдээ ирэх сонгуулийн өмнө дүрмээ өөрчилбөл нам ялагдана хэмээн адайрлаж байгаа хүн ч цөөнгүй байгаа гэсэн. Юутай  ч АН-ынхныг хэсэг бужигнуулаад авсан дээрх заалт батлагдах эсэхийг тус намын гишүүд шийдэх аж.

Б.САРАН


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж