Ерөнхий сайд С.Батболдын айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Батболдын айлчлал эхэллээ

ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тус улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд С.Батболдыг Москва хотын “Внукова” олон улсын нисэх онгоцны буудалд буухад хүндэт харуул жагсаж, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ.

Ерөнхий сайдыг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.Н.Бородавкин, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко болон албаны бусад хүн угтлаа. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболдод энэ өдөр ОХУ-ын Тээврийн сайд, Худалдаа-Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга И.Е.Левитин бараалхсанаар албан уулзалт эхэллээ. Энэхүү уулзалт “Президент” зочид буудалд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд лекц унших бөгөөд энэ үеэр тус сургуулийн захирал А.В.Торкунов Ерөнхий сайд С.Батболдод сургуулийнхаа хүндэт докторын цолны диплом гардуулна. Энэхүү ёслолын дараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд ОХУ-д ажиллаж, сурч буй монгол иргэд, оюутан залуучуудтай Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд уулзана.

Харин үдээс хойш нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж, Монгол Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцох юм. Энэ уулзалтын үеэр зарим компанийн хооронд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын гарын үсэг зурах ёслол болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж