А.Грант наймаа хийхийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

А.Грант наймаа хийхийг хүсч байна

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Уэстхэм” клубын босс Аврам Грант шинэ он гармагц нээгдэх өвлийн солилцооны цонхоор багтаа хэрэгтэй тоглогчийг авчрахын тулд клубын удирдлага гар татахгүй байгаасай гэж найдаж буй тухайгаа ярьжээ. “Алхнууд” бямба гаригт талбайдаа “Ман Сити”-д 3:1-ээр хожигдсоноор лигийн хамгийн сүүлийн байрт хэвээр үлдсэн. Харин хүнд байдлаас гарч, багаа амжилтад хүргэхийн тулд багийн бүрэлдэхүүнд шинэ тоглогч авчрах шаардлагатай гэж Грант үзэж байгаа юм. Тэрбээр мөн багийн бүрэлдэхүүнийг эхний байдлаар шинэчлэхэд 10 сая фунт стерлинг хангалттай гэжээ. Энэ талаар Грант “10 сая фунтээр бид их зүйл хийж чадна. Илүү сайн тоглогчдыг багтаа авчирч чадна. Нэгдүгээр сар гэдэг хөрөнгө оруулалт хийхэд тийм ч таатай үе биш. Гэхдээ бидэнд сайн, аюултай тоглогчид зайлшгүй хэрэгтэй байна” хэмээн ярьжээ. Түүнчлэн “Бид олон зүйлд шийдвэр гаргах хэрэгтэй. Хэдийгээр тоглогч бүр эрүүл саруул байсан ч бид байрлал бүрт хүчтэй байх шаардлагатай. Багийн эзэд надад 10 саяын эрх олговол маш сайн байна. Ирэх нэг, хоёр сарын хугацаа бидэнд маш чухал. Сайн тоглож, оноо цуглуулах хэрэгтэй” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж