Зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан IV зөвлөлдөх уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов. Уулзалтад  Монголын талыг төлөөлж, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор тэргүүтэй Гадаад харилцааны яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголбанк,    хувийн хэвшлийн 30-аад компани, аж ахуйн нэгжээс 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Харин Японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Т.Мацүшта тэргүүтэй Японы Гадаад харилцааны яам Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам  бусад холбогдох яам, байгууллага, хувийн хэвшлээс  Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтад 50 гаруй  төлөөлөгч /Эрдэс баялагийн зөвлөлдөх уулзалтад 40 гаруй төлөөлөгч/  оролцов. Зөвлөлдөх уулзалтыг тэргүүлж оролцсон Гадаад харилцааны дэд сайд Б.Болор уулзалтыг нээж хэлсэн үгэндээ  хоёр улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам эрчимжиж байгааг онцолж, цаашид Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах албан ёсны хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахаар илэрхийлэв.

Уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялагийн салбарын  хамтын ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн, хоёр талын бизнес эрхлэгчдэд учирч  буй саад, бэрхшээл, тулгамдсан асуудлуудаар мэдээлэл солилцож, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Зөвлөлдөх уулзалт нь шинэлэг агууллагтай, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдээр санал солилцсон ажил хэрэгч уулзалт болсныг талууд сайшаан тэмдэглэв. Уулзалтыг амжилттай зохион байгуулсанд японы тал талархал илэрхийлсэн бөгөөд ирэх онд ээлжит зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулах төлөвлөж байгаагаа болно.

Т.Мацүшта  дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд  Д.Зоригт нар тус тус хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2007 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн Үндсэн хөтөлбөр”, “Монгол, Японы Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, хоёр орны харилцааны ойрын болон дунд, урт хугацааны зорилт, чиглэлүүдийг хэрэгжүүлэх талаар нягт хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

“Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн Үндсэн хөтөлбөр”-т заасны дагуу хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2006 онд хоёр орны хувийн хэвшил, мэргэжилтнүүдийг оролцуулан Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх бүтцийг бий болгохоор тохиролцсон. Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Токио хотноо, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр II зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо,  Mонгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын III  Зөвлөлдөх уулзалт болон Эрдэс баялагийн салбарын Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт 2009 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо болсон. Mонгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд Ю.Наошима нар уулзалтыг нээж тус тус үг хэлсэн. Уулзалтад Монголын Засгийн газрын болон хувийн хэвшлийн 60 гаруй  төлөөлөгч, Японы холбогдох яамд, хувийн хэвшлийн 60 орчим төлөөлөгч оролцож, Mонгол, Японы худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашид анхаарах асуудлаар илэн далангүй санал солилцсон.  Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Японы ЖЕТРО байгууллагатай хамтран Бизнес түншлэлийн семинар зохион байгуулсан нь  уулзалтын үр өгөөжийг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж