Мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга үүсч байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан чуулгын хамт олон, үе үеийн уран бүтээлчдэд өнөөдөр чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын дарга мэндчилгээндээ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нь монгол үндэстэн, түүний нүүдлийн соёл иргэншлийн эх ундарга, түүх шаштирт тэмдэглэн үлдсэн төрт ёсны уламжлалт урлаг, өв их соёлоо орчин цагийн оюун санааны үнэт зүйлстэй уялдуулан нэгэн жарны турш хөгжүүлж, урын сангаа баяжуулсан мэргэжлийн соёл, урлагийн төв  байгууллага болтлоо хөгжжээ. Даяаршлын энэ цаг үед ч ардын дуу хуур, бүжиг наадмаа дархлаажуулан дэлхийн шилдэг ололттой хөг аялгуу нийлүүлэн, уламжлал, шинэчлэлийг хослуулан уран бүтээлээ мэргэжлийн өндөр түвшинд хөгжүүлж  байгаа нь тус чуулга үндэсний хэмжээний урлагийн эрдмийн хамт олон болж чадсаныг илтгэн харуулж байна.

Түүхэн хөгжлийн 60 жилийн хугацаанд ардын дуу, харилцаа дуунаас дуулалт жүжиг; хуур, шударгын татлагаас үндэсний их найрал; бий биелгээнээс бүжгэн жүжиг болгон хөгжүүлжээ. Сүүлийн жилүүдэд чуулгын уран бүтээлд шинэ шилдэг үзүүлбэр, хамтлаг төрөл зүйл олноороо бий болж байна. “Монголын бахархал буюу Их хүлгийн туульс”, “Нүүдэл” бүжгийн жүжиг, “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг, мөн “Ардын дуун цацал”, “Монгол нутаг мину”, “Хөөмэйн түрлэгтэй эх орон”, “Хөх монголын эгшиглэн” сэдэвчилсэн уран бүтээлүүдийг олон түмэнд өргөн барьж “Хөсөгтөн”, “Залуус”, “Хар сүлд” зэрэг хамтлагууд төрийн хүндэтгэлийн тоглолт, гадаадад зохиогдсон соёлын арга хэмжээнд оройлон оролцож Монгол улсаа сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэхэд таатай байна.
 
Эрдмийн чуулга ийнхүү үндэсний болон дэлхийн сонгодог бүжиг, дуу хөгжмийн охь дээжээр урын сангаа байнга баяжуулж, хөгжил дэвшилд дуудсан дуу хуур, цоглог тэмүүлэлт бүжгийг өргөн олонд толилуулж, олон улсын уралдаан, наадмуудын тэргүүн шагналыг хүртэн улс орныхоо нэр хүндийг өргөсөөр байна гээд тус чуулгаас төрж гарсан үе үеийн шилдэг уран бүтээлчдийн дархлан бүтээсэн үндэсний давтагдашгүй урлагийн бүтээлийг та бүхэн цаашид ч улам баяжуулан хөгжүүлж эрдмийн чуулгынхаа нэр төрийг өндөрт өргөж явна гэдэгт итгэж байна хэмээн дурдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  мэдээлэв.  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж