Ө.Уянга “Травиата” дуурьд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ө.Уянга “Травиата” дуурьд тоглоно

Суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий “La Traviata” буюу “Травиата” дуурийг энэ сарын 18-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Тус дуурьд театрын гоцлооч, соёлын тэргүүний ажилтан сопрано Ө.Уянга анх удаа Виолеттагийн дүрд дуулах аж. Харин гоцлооч тенор Г.Шижирболд Альфредийн дүрд дуулах юм. Харин Флорад Р.Доржхорлоо, Жермонд соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр , Анинад соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Гастонд Ц.Доржсүрэн, Баронд Э.Амартүвшин, Маркиз Обиньид Б.Алтанхуяг, доктор Р.Батболд, Жозеф М.Боргилчулуун болон балетын бүжигчид тоглоно. Симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах юм.

Суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь нь анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо тоглож байсан бол манай улсад 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулж байжээ. Сонгодог урлагт хайртай хүмүүс Дж.Вердиг “Травиата”, “Риголетта”, “Трубадур” дууриар нь танина. Дж.Верди дуурийнхаа гол баатрыг хүмүүстэй ярилцаж байхдаа олдог байсан гэдэг. Тэр ч утгаараа Дж.Вердийн бичсэн дуурийг судлаачид амьдралтай илүү ойр хэмээн дүгнэдэг байна. “Травиата” дуурийн тухайд 1852 онд нэрт зохиолч А.Дюмагийн “Камелита хатагтай” жүжгийг Дж.Верди үзэж байхдаа санаагаа олж хөгжмөөр хүний нарийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргасан гэдэг. Энэ өдөр Дж.Верди алдарт “Трубадур” дуурийг бичиж дуусгаад театртаа хүлээлгэн өгсөн байв. Дж.Верди “Камелита хатагтай” жүжгийг үзэж байхдаа эхний хоёр үзэгдлийг үзээд гурав дахь үзэгдэл эхлээгүй байхад театраас гарч “Травиата” дуурийг бичихээр гэр лүүгээ яаран явж байжээ. Гэхдээ Дж.Верди өөрийн бодож төлөвлөж байснаас урт цагийг энэ дуурьд зарцуулсан гэдэг.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж