Найман хүнийг хөнөөсөн этгээд угаартаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Найман хүнийг хөнөөсөн этгээд угаартаж нас баржээ

Өнгөрөгч сарын 20-нд  Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны задгайд нэг гэрт байсан есөн хүнийг хэрцгийгээр хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэхээр цагдаагийнхан 20 гаруй хоног ажиллаж талийгаач Б-ийн хамтран амьдрагч Ж.Шажинмөнх буюу нас барсан есөн хүний дунд хэргийг үйлдсэн этгээд байсныг тогтоожээ. Ж.Шажинмөнх 30 настай, гэрийн эзэгтэй талийгаач Б-тэй 2008 оноос хойш хамтран амьдарч байсан аж. Тэрээр уг хэргийг үйлдэж улмаар өөрийгөө нэг удаа хутгалан, гэрийг галдан шатааж угаартан нас барсан байна. Түүнийг гэмт хэрэг үйлдээд өөрийгөө егүүтгэсэн болохыг шинжээчдийн дүгнэлт, хэргийн газрын  нотлох баримтаар тогтоосон тухай албаны эх сурвалж  хэлж байна. Тухайлбал хэргийн газраас олдсон  хаалганы дотор талын замган түгжээ түгжигдсэн байсан бөгөөд түгжээн дээр гэмт этгээдийн хурууны хээ үлдсэн байжээ. Мөн гэрийн эзэгтэй Б-ийн хамтран амьдрагч Ж.Шажинмөнхийн цогцост үлдсэн хутганы сорви  амь насанд нь  хүрээгүй бөгөөд угаартаж нас барсан болох нь шүүх эмнэлэг, шинжээчдийн дүгнэлтээр батлагджээ.  Өмнө нь ял эдэлж байсан учир түүний хурууны хээ цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байсан байна. Тэрээр олон хүний аминд хүрсэн тухайгаа ойр дотны хүмүүстээ утсаар мэдэгдсэн зэрэг нь түүнийг гэмт хэрэг үйлдээд хэргийн ул  мөрөө баллаж, амиа хорлосон болохыг нотолж байгаа аж. Насанд хүрсэн таван хүний цогцост хийсэн шинжилгээгээр тэд  нас барах үедээ их хэмжээний согтолттой байжээ. 

Хэрэг гарсан  айлд гэрийн эзэгтэй Б, түүний хоёр хүүхэд, хамтран амьдрагч Ж.Шажинмөнх тэднийд ирсэн эзэгтэ Б-ийн гурван найз эмэгтэй, тэдний нэгнийх нь охин Х, эзэгтэйн дүү Г нар байсан аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж