Хятадууд хууль бусаар уран олборлож байжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хятадууд хууль бусаар уран олборлож байжээ

Хятадууд хууль бусаар уран олборлож байсан нь батлагдлаа

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Элстэйн голын  Тамгын өндөр гэдэг ууланд хятадууд шөнөөр нууцлаг ажил хийгээд байгаа тухай иргэдийн мэдээллээр бид газар дээр нь очиж сурвалжилснаа өчигдрийн дугаартаа нийтэлсэн билээ. Тухайн талбайд ураны хайгуулын лиценз олгогдсон эсэх талаар  Цөмийн эрчим хүчний газрын Цөмийн материалын хэлтсийн дарга Т.Баярбаясгалангаас тодруулахад, тухайн талбайд ямар ч компани үйл ажиллагаа явуулах ёсгүй, шөнөөр үйл ажиллагаа явуулж байсан хятадуудын үйл ажиллагаа хууль бус болохыг баталсан.

Т.БАЯРБАЯСГАЛАН: Хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй, бид шалгуулах болно

-Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших ураны илэрцтэй газраас хятадууд шөнөөр ямар нэгэн зүйл зөөгөөд байна гэсэн мэдээллийн дагуу тодруулга авах гэсэн юм. Тухайн газарт ураны хайгуулын чиглэлээр лиценз олгогдсон байдаг болов уу, Хэрвээ байдаг бол ямар нэртэй компанид олгогдсон байдаг юм бол?

-Тухайн талбайд хайгуулын ажил хийж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тоорой банди” гэдэг компани Цөмийн энергийн хуулийн дагуу манайд  бүртгүүлэхээр орж ирсэн. 2009 оны аравдугаар сарын асуудал шүү дээ. Хуульд өмнө нь Ашигт малтмалын газраас олгогдсон лицензийг 2009 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор шинэчлэн бүртгээд, ямар нэг зөрчилгүй бол буцааж олгоно гэж заасан байдаг. Энэ “Тоорой банди” компанийг Цөмийн эрчим хүчний хууль гарахаас өмнө, Жанчивлангийн рашаан сувиллын районд амьдарч байгаа ард иргэд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын мэдээллээр, тухайн үедээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, манай Цөмийн хяналтын газраас хоёр ч удаа очиж шалгаж байсан юм. Тэгээд тухайн бүс нутагт ураны хайгуул хийхийг хориглох дүгнэлт гаргасан. Мөн Усны хэрэг эрхлэх газрын шинжээчид судалгаа хийгээд нэгдүгээрт, Жанчивлангийн бүс нутаг, хоёрдугаарт, дэлхийн усны хагалбар цэг нутаг байна, тиймээс хайгуулын лиценз олгох нь зохимжгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг юм. Дараа нь 2009 оны наймдугаар сарын 15-наас Цөмийн эрчим хүчний тухай хууль үйлчилж эхэлсэн. Цөмийн эрчим хүчний хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн дагуу лицензүүдийг дахин бүртгэхдээ “Тоорой банди” компанид бид албан ёсны мэдэгдлүүдийг өгч лицензийг нь хүчингүй болгосон. Ийм учраас Цөмийн эрчим хүчний тухай хуулиар лицензийг нь хүчингүй болгочихоод байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бол хууль зөрчиж байгаа хэрэг.

-“Тоорой банди” компани хууль зөрчин байж, нууцаар үйл ажиллагаагаа явуулаад байхыг бодоход тэнд ураны нөөц тогтоогдсон юм болов уу?

-1970-аад оны үед судалгаа хийж байсан гэсэн баримт байдаг. Нөөц гэдгийг тухайн аж ахуйн нэгж тодорхой хугацаанд хайгуул хийгээд, үр дүнгээ тайлагнаад нөөц болох хэмжээнд ярина уу гэхээс биш, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тодорхой илэрцтэй газрууд бол олон бий л дээ. Гэхдээ нөөцийг бол судалгааны ажлын явцад тогтооно. Тиймээс нөөц байгаа эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Тэнд Хонконгийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж өөр ашигт малтмалын чиглэлээр хайгуул хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар нэг үр дүнд хүрээгүй байх. Ямар ч байсан 2009 оны есдүгээр сард биднийг очиход “Тоорой банди” компанийн үйл ажиллагаа зогссон байсан. Лицензээ тэр Хонконгийн аж ахуйн нэгжид шилжүүлсэн байх.  

-Усны хагалбар газар учраас ямар ч төрлийн хайгуулын лиценз олгох ёсгүй байсан юм байна гэж ойлголоо. Тэгэхээр, “Тоорой банди” компани хайгуулын лицензээ Хонконгийн ком­панид шилжүүлэх ч ёсгүй байсан юм биш үү. Хайгуулын лицензийг нь 2009 онд хүчингүй болгосон ч нутгийн иргэдийн хэлж байгаагаар, өнгөрсөн жил хүйтэртэл үйл ажиллагаа явуулсан, тэгээд шөнө оройн цагаар нууцаар үйл ажиллагаа явуулж байна гэхээр сэжигтэй санагдаад байгаа юм л даа? 

-Лицензийг нь шилжүүлж авсан компани тухайн талбайн ойролцоо Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас авсан лицензийн дагуу өөр ашигт малтмалын хайгуул явуулсан байхыг үгүйсгэхгүй. Манай хариуцдаг ураны чиглэлээр бол тэнд ямар ч ажиллагаа явагдаагүй, явагдах ёсгүй. Хэрвээ тэнд ураны хайгуул явагдсан бол хууль зөрчсөн хэрэг. Бид холбогдох газруудаар шалгуулах болно.

Т.Баярбаясгалан даргын ярьснаас үзэхэд, тухайн бүс нутагт Усны хэрэг эрхлэх газрын дүгнэл гарсан бөгөөд ашигт малтмалын хайгуулын чиглэлээр ямар ч лиценз олгогдох ёсгүй болж таарч байна. Усны хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлт, Гол мөрний урсац, бүрэлдэх эх, ой сан бүхий газрын хилийн бүсэд ашигт малтмал эрж хайх, олборлохыг хориглох тухай хууль ёсоор Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас дээрх Тамгын өндөр уулын талбайн лицензийг Хонконгийн аж ахуйн нэгжид шилжүүлж өгөх эрхзүйн үндэслэлгүй тул тухайн талбайд харийн доншуур иргэд эх орны минь хэвлийг төнхөн сууж байсан нь ойлгомжтой. Олонд урт нэртэй гэж нэршсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүлэхийн тулд анхаарлаа хандуулж ажиллахыг холбогдох газруудад сануулъя.

Х.БАТСАЙХАН


Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж