“Монгол газар”-т хариуцлага тооцохыг тогтоолд дурджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

“Монгол газар”-т хариуцлага тооцохыг тогтоолд дурджээ

“Алтан Дорнод Монгол”, “Монгол газар”-т хариуцлага тооцохыг тогтоолд дурджээ

Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 46 дугаарын тойм өнөөдөр хэвлэгдэн гарчээ. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Ерөнхийлөгч энэхүү зарлигаараа сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг  чиглэл болгосон байна. ”Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Малын тэжээл”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”, “Сүү” хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ өгч, нийслэл болон томоохон суурин газрын орчим сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд шаардагдах газар зохион байгуулалт, бэлчээрийн хуваарилалтыг шинэчлэн зохион байгуулахыг чиглэл болгосон байна. Мөн тэжээлийн болон даршны үйлдвэрлэлийг дэмжих, сүүний чиглэлийн үхрийн генефондыг сайжруулах, өсвөр үхрийг технологийн дагуу бойжуулах, сүү хүлээн авах, хадгалах, тээвэрлэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, хуурай сүүний үйлдвэр байгуулах, сүү нөөшлөх технологи нэвтрүүлэх, сүүний нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар зарлигтаа дурджээ. Түүнчлэн үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг эхний ээлжинд хэрэглэдэг дадал бий болгох, эх орныхоо хөрсөнд төмс, хүнсний ногоо, чацаргана, жимс, жимсгэнэ тариалж, хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах шинэ болон уламжлалт технологийг нэвтрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, малчид, тариаланчид, иргэдэд уриалсан байна.

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор баталсан ”Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг энэхүү тогтоолоор баталсан байна. Төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын автоматжуулсан нэгдсэн сан байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн архивуудад гэрээгээр 175 операторч ажиллуулах юм байна. Дээрх арга хэмжээний төлөвлөгөөг “Төрийн мэдээлэл” бүрэн эхээр нь нийтэллээ.

Орхон голын бохирдолтыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтлэв. “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК-ийн алт олборлолтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, нөхөн төлбөр, нөхөн сэргээлттэй холбоотой зардлыг эдгээр аж ахуйн нэгжээс гаргуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. Түүнчлэн Орхон голын дагуу амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ноцтой нөлөөлж болзошгүй байгааг харгалзан Орхон голын урсац бүрэлдэх эх, голын хөндий, ай сав газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдууд болоод Архангай аймгийн Засаг даргад даалгасан байна.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж