Өвөрхангайчууд учран золгов

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Өвөрхангайчууд учран золгов

Хангай, хээр, говийн бүсэд оршдог байгалийн үзэсгэлэн бүрдсэн Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн хүндэтгэлийн золголт цэнгүүн өнгөрсөн ням гарагт бөхийн өргөөнд нижгэр болж өнгөрлөө. Идээ, ундаа элбэг дэлбэг өнжсөн энэ өдөр Бө­хийн өргөөнд саатсан хэн ч болов Өвөрхангай аймагт очсон мэт, нут­гийн хөгшид, залуус нь нутагтаа ирсэн гэмээр сэтгэгдэлтэй гарсан нь дамжиггүй. Бөхийн өргөөний хоёр­дугаар давхарт сум, сумаас  ирсэн төлөөллүүд хүн болгонд идээ, шүүс бэлтгэж, айраг цагаагаар дайлах нь найр наадам уу гэлтэй. Өвөрхангайн уугуул иргэд  төрсөн сумынхаа хэсэг тус бүр дэх идээ шүүснээс ца­гаалж байх зуур “Нутагтаа ирсэн юм шиг л боллоо. Нутгийн минь үнэр үнэртэх  шиг, сайхан байна. Манай сумын айраг танайхаас сай­хан байна шүү. Үгүй, манай  айраг та­най­хаас сайхан амттай” гэх мэт үгс хаа сайгүй сонсогдож, сэтгэл нь хөөр­сөн залуусын цуваа үл тасарна.  Ажил хөдөлмөрийнх нь гавь­яаг гэрчлэх одон, тэмдгийг энгэр­тээ гялалзуулсан нутгийн азай буур­лууд энэ өргөөнд хамгийн их хүнд­лэл хүлээж суулаа. Тэдний то­хойг түшин золгож буй нарийн хээ­тэй торгон дээл, дурдан бүсээр гангар­сан эмэгтэйчүүд, үйтэн хуаран дээл, хөөрөг, хэт хутгаар чимэг зүүлт хийсэн эрчүүд Өвөрхангай нутгийнх­ны өнгө золбоог илтгэх мэт. Бөхийн өргөөний суудлыг энэ өдөр өвөрхангайчууд сум, сумынхаа  дал­баан дор эзэгнэнхэн суусан байлаа. Нутаг усныхаа өвгөд хөгшидтэй уулз­­сан настангууд хөөрөг зөрүүлж, айраг зооглон хуучны сайхан цагийн түү­хийг хуучилж суухад хажууханд нь тэднийг дагаж ирсэн үр хүүхдүүд хоорондоо танилцаж, ажил хэр­гийн яриа өрнүүлнэ. Танхимын асарт  аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Өвөрхангай айм­гаас УИХ-д сонгогдсон  Д.Лүндээжанцан, З.Энхболд нар уриг­дан ирсэн хүндэт зочдын хамт заларсан байлаа. Өргөөнд цугларсан олны золголтын үйл ажиллагаа дундаа  орж амжаагүй байсан хэдий ч тайзан дээрээс хөтлөгч нар эрхэм түшээдийг “Цэнгүүнийг нээж, үг хэлнэ үү” хэмээн урив. Тэр үеэр “айл хэсч алт, мөнгө цуглуулж” явсан хүмүүс өөрсдийн хуваарьтай суудалд “томоотой” гэгч нь суун, цэнгүүний нээлтийг сонирхсон юм. Индэр дээр үг хэлсэн Д.Лүндээжанцан болон З.Энхболд гишүүн өөрсдийнхөө зүгээс болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Зоригт , УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарын өмнөөс өргөөнд хуран чуулсан нутаг нэгтнүүддээ болон нийт нутгийнхандаа туулай жилдээ туулай шиг хурдан байхыг ерөөж, сайхан шинэлэхийг хүсч үг хэллээ. Өвөрхангай аймгаас төрөн гарсан уртын дуучидгүйгээр төрийн найр, хүндэтгэлийн цэнгүүнийг төсөө­лө­хийн аргагүй. Тиймээс ч нээлтийн ёслол дээр “Эр бор хар­цага” уртын дууг эгшиглүүлж, Бө­хийн өргөөний жаврыг үргээсэн юм. Ганцхан бөхийн өргөө ч гэлтгүй туулай жилийн жаврыг үргээн “Эр бор харцага” дууг анх нийслэлд өвөрхангайчууд эгшиглүүллээ. Тий­мээс  өвөрхангайчууд  аймгийнхаа 80 жилийн босгон дээр нийслэлийнхээ жаврыг үргээ­сэн анхны аймаг болсон гэхэд хэн ч маргахгүй биз.

Энэ үеэр аймгийн Засаг дарга болон бусад зочинтой ярилцлаа.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН: ЭНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН МАШ ӨВӨРМӨЦ БОЛЛОО

-Аймгийн 80 жилийн ойн нээлтийг золголт цэнгүүн хэлбэрээр хийж байгаа нь өвөрмөц санагдлаа?

-Манай аймгийн Нутгийн зөвлө­лөөс жил бүр золголт цэнгүүн хийдэг. Энэ жилийн золголт цэнгүүнийг үндсэн хоёр онцлогтой хийж байгаа. Нэг нь  аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан нэлээд ач хол­богдол өгсөн, мөн манай аймгийн Нутгийн зөвлөлөөс нутгийнхаа азай буурлуудад хүндэтгэл үзүүлж байгаа юм.  Нутгаасаа төрөн гарсан алдартнууд маань ч хүрэлцэн ирж, төр түшилцэж яваа эрхмүүд маань ерөөл айл­даж, сум бүр сумаа сурталчлах ажил өрнүүлж, өвөрхангайчууд зо­хион байгуулалттай оролцлоо.

 -Танай нутгийг алдартнуудын “өлгий” гэдэг. Өргөөнд ч нэлээд олон алдартай хүмүүс цуглаж шүү?

-Манай нутгаас төрөн гарсан улс төрийн зүтгэлтнүүд гэвэл Өндөр гэгээн Занабазар, анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, Ерөнхий сайд агсан П.Гэндэн нар юм. Манай нутаг уртын дуучид болон сийлбэрчдээрээ Монголдоо дархлагдсан гэж болно. Тухайлбал, Ардын хувьсгалаас хойш ардын зураач хэмээх эрхэм цолыг тавхан хүн хүртсэн байдаг нь бүгд манай нутгийн сийлбэрчид байгаа. Мөн уртын дуучид гэвэл Янжинлхам, Солийн Цоодол, Нямлхагваа, Түвшин­жаргал, Базарбат, Баттөмөр зэрэг алдартнууд бий. Хөдөлмөрийн баа­тар л гэхэд манайхаас 23 төрөн гар­сан бол гавьяат болон ул­сын аваргуудынхаа тоог алдсан ийм л алдартнуудын өлгий нутаг юм даа.  Энэхүү цэнгүүн маргааш, нөгөө­дөр /өчигдөр, өнөөдөр/ уран зур­гийн галерейд манай нутгийн сийлбэрчдийн болон зураачдын  үзэсгэ­лэнгээр үргэлжилнэ. Мөн Дуурь, бүжгийн эрдмийн театрт аймгийн хүүхдүүд “Сэтгэлийн дуулал” мюзикл тоглох нь бас л  гэнэтийн бэлэг юм.

АРДЫН НАМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Я.СОДБААТАР: АЙМГИЙН ОЙ САЙХАН ЭХЭЛЛЭЭ

-Золголт цэнгүүн урьд жилүүдийнхээс хэр онцлогтой болж байна вэ? Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Энэ жил Монгол Улсад Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Монгол Улс НҮБ-д элссэний 50, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойтой давхцан манай аймгийн 80 жилийн ой тохиож байгаа нь билгэшээлтэй. Тиймээс энэ жил нутгийнхны золголтыг өмнөх жилүүдээс өргөн дэлгэр хэмжээнд зохион байгуулахаар ажилласан. Бүх зүйл санасны дагуу сайхан болж байна. Аймгийнхаа 80 жилийн ойг нутгийнхан маань сайхан эхлүүлж чадлаа. Нутгийн нийт ахан дүүс, азай буурлууддаа юу санасан есөн хүсэл нь биелж, эрүүл энх байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ДАРХАН АВАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ: ӨВӨРХАГАЙНХАН ӨНГӨТЭЙ БАЙНА

-Энэ жилийн золголт цэнгүүний барилдаан ямархуу болов?

-Энэ жилийн цэнгүүн урьд жилүүдийн цэнгүүнээс өргөн дэлгэр болж, манай нутгийнхан тэр дундаа бөхчүүд өнгөтэй байгаа харагдсан.

-Та аль сумын уугуул билээ. Нутгийнхантайгаа золгосон уу?

-Би Нарийнтээл сумын хүн л дээ. Надтай золгох хүмүүсээс гадна миний золго ёстой хүмүүс ирсэн байна. Золгосон, золгосон. Сайхан золголт болж байна.

ӨЛЗИЙТ СУМЫН УУГУУЛ С.ГОМБО-ОЧИР: АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ МАНАЙ СУМЫН ОЙТОЙ ДАВХАР ТОХИОЖ БАЙНА

-Сайхан шинэлж байна уу, та. Тантай маш олон хүн золгож харагдлаа?

-Сайхан шинэлж байна. Энэ жилийн золголт сайхан, өргөн дэлгэр болж байна. Би энэ жил 82 нас хүрч  байгаа. Би  Өлзийт сумын нэгдлийн анхны дарга, сургуулийнх нь анхны захирлаар ажиллаж байсан хүн л дээ. Тийм болохоор нутгийнхныхаа золголтын үеэр багагүй хүндэтгэл хүлээдэг юм. Намайг жил бүрийн золголт цэнгүүнд хүндэтгэн урьдаг нут­гийнхаа удирдлагад баярлаж явдгаа хэлмээр байна.  Мөн аймгийн 80 жилийн ойтой манай сумын 70 жилийн ой давхцаж байгаад их билгэшээж байгаа. Сумынхаа ой­гоор нутагтаа очино гэж бодож байна. 

-Та үр хүүхдүүдээ нутгийнхаа золголтод авч ирдэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Тэд маань намайг хүргэж ирэх далимдаа нутгийн ах дүүстэйгээ золгоод явдаг юм. Ер нь ингэж золголт хийх нь нутаг усаа санасан бидний сэтгэлийг дэвтээх, үр хүүхдүүдийг маань нутгаа гэх сэтгэлтэй болгоно.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж