500 мянгаа авмаар байна

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

500 мянгаа авмаар байна

Эрх баригчид 2008 оны сонгуулийн өмнө сая саяар нь л мөнгө амласан. Манайхан л болсон хойно хэн их мөнгө амласныг нь сонгосон доо. Эрх баригчид амласандаа хүрэхийн тулд хэдэн төгрөгөө сар жилээр хувааж, мах гурилын үнэ хүрэхээргүй мөнгөөр ард түмнээ хуураад л. Иргэд нь ч гэсэн борооны дусал тосч байгаа юм шиг хэдхэн төгрөгийн төлөө урт дараалалд зогсоод л байна.

Харин ганц гэгээтэй зүйл сонсогдсон нь сая төгрөгийг бэлэн бусаар өгөх байлаа. Оюутнуудад бол сургалтын төлбөр хэлбэрээр өгнө гэсэн. Асуудал амархан шийдэгдэж байгаа юм. Харин иргэдэд ямар хэлбэрээр өгөх ухааныг манай томчууд нэг л олж өгөхгүй байсан. Эрүүл мэнд,банк болон орон сууцны зээл гээд нэлээд хэдэн хувилбар байгаа. Эдгээрээс хэн ямар хэрэгцээгээр авахаа шийдэх бололтой юм билээ.

Гэхдээ энэ бас л өнөө эрх баригчдын худлаа амлалтын л нэг хэлбэр болоод дуусч байгаа юм биш биз дээ. Хэдхэн хоногийн өмнө УИХ ирэх оны төсөв хэлэлцэж баталсан. Тэр дунд оюутны сургалтын төлбөрт өгөх 500 мянган төгрөгийн төсөв багтсан байгаа. Бүр “Их засаг” их сургуулийн оюутнуудын 500 мянгыг төр өгчихсөн сураг дуулдаад байна билээ. Гэтэл иргэдэд бэлэн бусаар өгөх 500 мянган төгрөгийн асуудал л яригдсангүй.  Хэзээ ч билээ хүн бүрээс 500 мянган төгрөгөө ямар хэлбэрээр авах талаар санал асуулга аваад байсан санагдах юм. Тийм байж төсвөөр яагаад энэ талаар яриагүй нь сонирхол татаад байна. Оюутнуудад өгч байгаа мөнгөөрөө бусдынх нь амыг таглана гэж арай бодоогүй байлгүй дээ. Өөрөө оюутан, оюутан хүүхэдтэй хүмүүс ч яах вэ нэг жилдээ дуугүй л байх байлгүй.

Тэгвэл оюутан биш, оюутан хүүхэдгүй 25-35 хүртэлх насны залуус яах болж байна аа. Олоо удахгүй “Бид ямар хэлбэрээр өгөхөө судалж дуусаагүй байна. Мөнгө өгөх амархан. Харин ямар хэлбэрээр өгөх вэ гэдгийг шийдэх нь чухал байна. Хэцүү байна. 2011 онд сайн судалгаа хийж байгаад, ирэх жилээс өгнө” гэж уран панаал урсгана даа, цаадуул чинь. Уг нь би, бид 500 мянгаа авмаар л байна. Банкны өрөө төлбөл хэрэгтэй юм. Өргүй юм аа гэхэд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд ороод, өвдөж зовоогоод байгаа эрхтнүүддээ хэдэн ширхэг эм авч өгсөн ч яах вэ дээ. За цоо эрүүл байвал орон сууцны зээлэндээ ч болов нэмэрлэе л дээ. Энэ бүхэн байхгүй бол яах вэ гэдэг асуудал ургана гэж саналтгүй. Үнэхээр өгөхөөр шийдвэл банкнаас зээл авсан ч болно шүү дээ. Бид энэ хавиараа яаж авахаа зохицуулна аа, дарга нар минь. Харин та нар минь л амласан амандаа хүрчих. 500 мянга хүн бүрт л хэрэгтэй байна.

Н.ПУНЦАГБОЛД

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж