Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор баталсан ”Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хоёрдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг энэхүү тогтоолоор баталсан байна. Төрийн архивын мэдээлэл, эрэлт хайлтын автоматжуулсан нэгдсэн сан байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор төрийн архивуудад гэрээгээр 175 операторч ажиллуулах юм байна. Дээрх арга хэмжээний төлөвлөгөөг “Төрийн мэдээлэл” бүрэн эхээр нь нийтэллээ.
Орхон голын бохирдолтыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтлэв. Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК-ийн алт олборлолтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, нөхөн төлбөр, нөхөн сэргээлттэй холбоотой зардлыг эдгээр аж ахуйн нэгжээс гаргуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. Түүнчлэн Орхон голын дагуу амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ноцтой нөлөөлж болзошгүй байгааг харгалзан Орхон голын урсац бүрэлдэх эх, голын хөндий, ай сав газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдууд болоод Архангай аймгийн Засаг даргад даалгасан байна.
Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс танилцаарай.