С.Данзангийн нэрэмжит сан байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

С.Данзангийн нэрэмжит сан байгуулжээ

Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй тус намын гишүүд өнөөдөр “Монгол ньюс” төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намаас Монгол Ардын намын анхны дарга С.Данзангийн нэрэмжит санг байгуулснаа мэдэгдлээ. Сангийн зорилго нь С.Данзангийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монгол Улсын хөгжлийн төлөө явуулж байсан эдийн засгийн бодлогыг үнэн мөнөөр нь мөнхөлхөд орших ажээ. Дээрх зорилгын хүрээнд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр ирэх онд С.Данзангийн бодлого үйл ажиллагааны талаар эрдэмтэн судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн С.данзангийн нэрэмжит гудамжтай болох, түүхэн баримт эмхэтгэлийг нь гаргах гээд шат дараатай олон ажлыг эхлүүлэх гэнэ.

Тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлэхдээ “1921 онд Монгол Ардын намыг байгуулахад анхных нь даргаар С.Данзанг томилсон байдаг. Тэрээр Сангийн сайд байхдаа Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг боловсруулан гаргаж байсны зэрэгцээ мөнгөн тэмдэгтийг ч санаачилж байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн салбарын хөгжлийг өнөөгийн төвшинд хүрэх үндсэн суурийг тавьсан хүн бол С.Данзан юм” гэлээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж