АН-ын удирдлагад санал хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

АН-ын удирдлагад санал хүргүүлнэ

Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг либертари үзэлтэй Ардчилсан намын хэсэг залуусын нэгдэл болох “Либертари үеийнхэн клуб”-ээс өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тус хэвлэлийн бага хурлыг “Либертари үеийнхэн клуб”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Чулуунбат, нарийн бичгийн дарга Б.Жавзансүрэн нар хийлгэсэн юм.

О.Чулуунбат хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болж Ардчилсан намын зүгээс хоёр дахь хувьсгал буюу эдийн засгийн хувьсгал эхэллээ хэмээн зарласныг намын гишүүдийн хувьд бид дэмжиж байгаа. Гэхдээ ардчиллын 20 жилийн хүрээнд Ардчилсан нам нийгэмд чиглэсэн томоохон зорилтууд тавихынхаа зэрэгцээ ирэх арван жилд нам дотооддоо бүхий л талаараа шинэчлэгдэж,  шинэ түвшинд гарч ажиллах бодит шаардлага үүссэн гэж бид үзэж байгаа юм. Тиймээс намын шинэчлэлийг ямар түвшинд хэрхэн хийх вэ гэдэг дээр манай “Либертари үеийнхэн клуб” гурван саналыг намын удирдлагуудад хүргүүлэхээр болж, энэ тухай та бүхэнд мэдээлж байна гэсэн юм. Тиймээс бид түүнээс энэхүү саналынх нь талаар тодрууллаа.

-Ардчилсан намын удирдлагуудад хүргүүлэх гурван саналыг тодруулахгүй юу. Түүнд ямархуу агуулгатай саналууд байна вэ?
-Нэгдүгээрт, бид Ардчилсан намын хүний нөөцийг сайжруулах бодлого явуулахыг хүсч байгаа юм. Учир нь Ардчилсан намд ойрын арван жилд тулгарах хамгийн том эрсдэл бол хүний нөөцийн хомсдол.  Залуучуудын төлөөлөл алдагдсанаар өвгөрсөн улс төрийн нам болж хатингарших аюул байна хэмээн бид харж байгаа. Улс төрийн нам гэдэг бол улс төрийн зах зээл дээр байгаа олон зуун төрийн бус байгууллагын нэг л хэлбэр. Ямар ч байгууллага зах зээл дээр оршин тогтнох улмаар хүрээгээ тэлэхийн тулд чадварлаг залуучуудыг ажиллах боломжийг нь хангасан албан тушаалд томилж, ажиллуулж байдаг. Тиймээс дараагийн 10 жилдээ Ардчилсан нам залуучуудтайгаа ажиллах, тэднийг дэмжих тусгай хөтөлбөр гаргах ёстой гэж үзсэн. Энэ хөтөлбөр нь намын залуучуудыг соён гэгээрүүлэх, улс төрийн ажилтанаар бэлтгэх талаар голлон анхаарсан байх ёстой гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, Ардчилсан намд бүтцийн шинэчлэл хийх хэрэгтэй байна.

-Бүтцийн шинэчлэл гэхээр юу билээ?
-Саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар намын дүрмийг шинэчлэх шийдвэр гаргасан нь их том шинэчлэлийн үүдийг нээсэн гэж манай клубынхан дүгнэсэн. Дүрэм шинэчлэх хүрээнд маш олон шинэчлэлийг хийж асуудлыг шийдэх боломжтой. Үүний нэг нь намын бүтцийг шинэчлэх ажил юм. Одоо байгаа намын бүтэц нь хэтэрхий босоо бөгөөд  тоталитари хэлбэрийн бүтэц учраас намын гишүүдийн хувийн ашиг сонирхолыг илэрхийлж огт чаддаггүй.  Тэр нь төрийн механизм даган бүрэлдсэн маш үрэлгэн бүтэц юм. Тиймээс намын шинэ дүрэмд намын гишүүдийг ашиг сонирхолоороо нэгдсэн клуб дугуйлангийн системийг хүлээн зөвшөөрч олноор нь байгуулж байж сая гишүүдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэл намын бодлого шийдвэрт шууд тусдаг болно.

Гурав дахь санал нь Ардчилсан намын гишүүдийг бүртгэх бүртгэлийн систем бий болгох явдал гэж үзэж байна.
    Өнөөдөр аль нам хэдэн гишүүнтэй вэ гэдгээ нарийн хэлж хэн ч чадахгүй. Намуудын удирдлагууд ч бүр мэдэхгүй төдийгүй улс төрийн зорилгоор хэт дөвийлгөн хэлдэг. Энэ нь намын рейтингид сайнаар нөлөөлдөг боловч нам өөрөө гишүүдтэйгээ тулж ажиллах тэднийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, тодорхой үйл ажиллагаандаа татан оролцуулах зэрэгт гишүүдээ бүртгээгүйн улмаас  дутуу дулимаг ажил болж хоосон уриа хийссээр байгаад дуусдаг. Иймээс гишүүдээ бүртгэдэг бүртгэлийн системтэй болох, мэдээллийн дата бааз үүсгэх ажлыг Ардчилсан нам хамгийн түрүүнд яаралтай хийх ёстой гэж бид үзсэн. Ерөнхийдөө ийм саналыг бид  хүргүүлэх гэж байгаа юм л даа.

-Эдгээр саналыг намын гишүүд дэмждэг болов уу. Уг нь их аятайхан лs саналууд юм?
-Манай клубийн гаргасан энэ саналыг намын удирдлага Гүйцэтгэх зөвлөл дэмжсэн тохиолдолд бид эдгээр гурван шинэчлэлийг хийхэд өөрийн гишүүдийн хамт бүхий л талаар оролцоход бэлэн байгаа юм. Дэмжээгүй тохиолдолд ч бид энэ ажлуудыг эхний ээлжинд ардчилсан үзэлтэй залуучуудын дунд хийж эхлэх болно. Тиймээс энэ хэвлэлийн хурлаар дамжуулан манай ажлыг дэмжиж байгаа Ардчилсан намын гишүүн залуучуудыг бидэнтэй хамтран  ажиллахыг хүсч,  эдгээр шинэчлэлийг хийхийг уриалж байгаагаа бас дамжуулъя.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж