Музейн сан хөмрөг дахин алдагджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Музейн сан хөмрөг дахин алдагджээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төвөөс энэ онд улс, аймгийн музейнүүдэд хийсэн шалгалтын дүнг  гаргажээ.  Шалгалтад  Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей, Монгол цэргийн музей, Уран зургийн галерей, Соёлын өвийн төвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, аймгийн  музейнүүд  хамрагдсан байна.

2007-2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоор  хулгайд алдсан, дутсан, солигдсон нь тогтоогдсон 3000 гаруй   үзмэр байсан аж. Харин улсын тооллогоос хойш улсын сан хөмрөгт хадгалагдаж байсан Б.Чогсом “Улаанбаатар”, М.Цэмбэлдорж “Сүүдэрт”, .Гаваа” Туул гол”, “Уул” Ц.Жамсран “Хараагийн хөндийн судалбар”, М.Бүтэмж “Эрдэнэтийг дархлагчид”, Н.Амгаланбаатарын “Өглөө”, До.Болдын “Зохиомж”, Ц.Нарангэрэлийн “Төв цэцэрлэг”  гэсэн есөн ширхэг  бүтээл нэмж дутжээ. Энэ нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15.2. 2 дахь заалтыг тус тус зөрчсөн байжээ.

Харин Богд хааны ордон музейн 11 ширхэг, Монголын театрын музейн  324 ширхэг, Чойжин ламын сүм музейн 16 ширхэг, Монгол цэргийн музейн 6 дэсийн 263, Уран зургийн галерейн 193  ширхэг үзмэрийг  Эрдэнэ-зуу музей,  Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн музейгээс өөр байгууллагад шилжүүлээд үлдсэн 657, нийт 1464 ширхэг  үзмэрийг музейнүүдэд сан хөмрөгийн туслах болон аж ахуйн дансанд бүртгэн, үзмэр сэргээн засварлах, сургалт сурталчилгаанд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.

Шалгалтынхан музейн үзмэрийг сэргээн засварлах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх  журмуудыг яаравчлан боловсруулах, музейн дотоод хяналтыг чангатгах шаардлагатай гэж үзжээ. Мөн Музейн бие даасан хуультай болох, монголын ард түмний соёл түүхийн дахин давтагдашгүй үнэт өв болох музейн үзмэр үрэгдүүлсэн этгээдэд хариуцлага тооцох, нөхөн төлүүлж, музейг хохиролгүй болгох  эрх зүйн орчныг бүрдүүлэх зайдшгүй шаардлагатай байна гэж дүгнэсэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж