Х.Мубарак огцорсны дараа газрын тосны үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Х.Мубарак огцорсны дараа газрын тосны үнэ буурав

Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак огцрох мэдэгдлээ өглөө. Кайр, Александриа хотын төв талбайд сар шахам хугацаанд жагс­сан олон сая египетчүүдийн хүсэл өнөөдөр биелээд байна. Өнгөрсөн өдрүүдэд Египетийн үймээний шуурга олон улсын Түүхий эдийн биржүүдийг мөн л дайрч гарсан. Харин одоо нөхцөл байдал харьцангуй тогтворжихын хэрээр түүхий эд, тэр дундаа газрын тосны үнэ бага зэрэг буурч эхэлжээ.

Египетийн газар нутгаар Суэцийн суваг дайрч өнгөрдөг. Харин газрын тосоор баялаг Ойрхи Дорнодын орнууд энэ сувгаар түүхий эдээ тээвэрлэж, Улаан тэнгис, Газар дундын тэнгист гаргадаг. Цаашлаад энэ нь АНУ, Европын зах зээлд түүхий эд нийлүүлэх гарц болдог билээ. Тиймээс Египетэд болж буй үймээн самуун, эрх баригч нам болон сөрөг хүчнүүд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа зэрэг нь Суэцийн суваг хаагдаж, газрын тосны нийлүүлэлт тасрах вий гэх болгоомжлол үүсгээд байсан юм. Үүнээс болж түүхэндээ анх удаа брент маркийн нэг баррель газрын тосны үнэ Лондоны “ICE” бирж дээр 100 ам.доллараас давжээ.

Харин Х.Мубарак огцрохоор болсон тухай албан ёсны мэдэгдэл Египетийн төв телевизээр цацагд­саны дараа нөхцөл байдал харь­цангуй эерэг болж эхэлсэн юм. Ирэх саруудад нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тосны үнэ 1.3 хувиар буурсан нь үүнийг нотолж байна. Сиднейд төвтэй “Commodity Broking Services Pty”-ийн шинжээч Жонаттан Барратт “Египетийн Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохоор болсон учир ерөнхийдөө нөхцөл байдал намжих төлөвтэй байна. Тиймээс олон улсын Түүхий эдийн зах зээл Египетийн үймээнээс нэг их хамаарахаа больж байна. Сүүлийн өдрүүдэд улс орнуудын макро эдийн засгийн тайлан мэдээ гарч эхэлсэн. Энэ нь Түүхий эдийн биржүүдийн арилжаанд нөлөөлж байна” гэжээ.

Өчигдрийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель түүхий газрын тосны үнэ 85.52 ам.доллар болж, өнгөрсөн баасан гарагийнхаас зургаан центээр буурчээ. Х.Мубарак огцрох мэдэгдэл гаргасан өдөр буюу өнгөрсөн баасан гарагт нэг баррель газрын тос 85.58 ам.доллар болж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас хойшхи хамгийн бага түвшинд хүрсэн юм. Харин Лондоны “ICE” бирж дээр ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэлтэд гарах брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ 68 центээр өсч, 101.62 ам.доллар болсон байна. Өнгөрсөн баасан гарагт тус бирж дээр нэг баррель нь 101.43 ам.доллар болж, 0.6 хувиар үнэ нь өсч байв.

Хойд Америк, Европын Түүхий эдийн биржүүд дээрх үнэ ийн ялгаатай байгаагийн шалтгаан нь Европын газрын тосны нийлүүлэлт тасалдсантай холбоотой юм. Хойд тэнгисээс ирэх газрын тос­ны нийлүүлэлт хоёр хувиар буу­раад байгаа тухай “Bloomberg” мэдээлжээ. Сингапурт төвтэй “Purvin & Gertz Inc”-ийн шинжээч Виктор Шам “Хойд тэнгисээс ирэх газрын тосны нийлүүлэлт буурсан нь үнэд нөлөөллөө. Гэхдээ Египетийн нөхцөл байдал цаашид хэрхэх нь эргэлзээтэй байгаа. Тиймээс энэ долоо хоногийн эцэс юм уу ирэх долоо хоногоос эхлээд газрын тосны үнэ дахин өсөх магадлалтай” гэсэн байна.

Дэлхийн газрын тосны ний­лүүлэлтийн 3.5 хувийг Суэцийн сувгаар дамжин өнгөрдөг Суэц-Га­зар дундын тэнгисийн хоолойгоор тээвэрлэдэг. Харин Египетийн үй­мээн газар авснаас хойш буюу энэ сарын 4-нөөс эхлээд Түүхий эдийн биржүүдийн агуулах дахь газрын тосны нөөц нэмэгдсэн юм. Тухайлбал, АНУ-ын түүхий нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт огцом өсч, 1990 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрсэн аж.

Зарим ажиглагч Египетийн үймээнээс болж газрын тосны үнэ өссөн нь урт хугацаанд үргэлжлэхгүй гэж таамаглаж байсан. Харин өнөөдөр тэдний таамаглал бодитой болоод байна. Гэхдээ ирэх есдүгээр сард болох бүх нийтийн сонгуулийн үеэр дахин газрын тосны үнэд хэлбэлзэл гарч магадгүй юм. Энэ нь эрх баригч намыг толгойлогч Х.Мубарак ог­цорсны дараа түүний суудалд санаархаж, Египетийн Ерөнхийлөгч болохыг хүссэн хүн цөөнгүй байгаатай холбоотой. Сөрөг хүчний удирдагчид хоорондоо төдийлөн нэгдэж чадахгүйгээс тус улсад иргэний дайн гарч болох юм хэмээн ажиглагчид анхааруулаад байгаа. Тиймээс бүх нийтийн сонгуультай холбоотойгоор дахин үймээн самуун үүсэх магадлалтай юм.
Ямартай ч улс төрийн бод­лого, нийгмийн тогтолцоогоо шинэч­лэхийн тулд дарангуйлагчдыг эх орноосоо хөөсөн Египетийн хувьс­галчдын өмнө хийх ёстой том ажил үлдээд байгаа нь гарцаагүй. Тэд мөн Египетийн эдийн засгийг шинэчлэхээ амлаж байгаа билээ.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж