Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэв

Монгол Улс, Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны /1960 оны арванхоёрдугаар сарын 7/ 50 жилийн ойд хоёр тал өндөр ач холбогдол өгч, хамтарсан төлөвлөгөөний дагуу оны туршид улс төр, соёлын олон арга хэмжээ зохион байгуулан хэрэгжүүлж, утга төгөлдрөөр тэмдэглэн өнгөрүүлэв.

Харилцаа, хамтын ажиллагааны хагас зуун жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нарын хооронд баярын утас солилцсоноос гадна Кубын Гадаад харилцааны яам, Улс түмэнтэй найрамдах кубын институтын төлөөлөгчид энэ оны аравдугаар сард Монгол Улсад айлчлсан.  Мөн үеэр зохиогдсон Монгол, Кубын Гадаад харилцааны яамд  хоорондын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 жилийн ойд хамтарсан үнэлэлт дүгнэлт өгч, харилцааны цаашдын төлөв байлын талаар ажил хэрэгч санал солилцсон билээ.

Монгол Улсаас Куба улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Долгоржав Бүгд Найрамдах Улс тогтоосны 96 жилийн болон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Кубын Үндэсний телевиз, радиод ярилцлага өгч тус улсын төв хэвлэлүүдэд өгүүлэл, ярилцлага нийтлүүлэв. Мөн ойн арга хэмжээний хүрээнд Гавана дахь манай Элчин сайдын яаманд зохион байгуулсан хүлээн авалтанд Кубын Засгийн газрыг төлөөлөн Кубын Элчэн чихэрийн үйлдвэрлэлийн сайд Орландо Селсо Гарсия,  Гадаад харилцааны дэд сайд Маркос Родригес, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд, Куба, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Рамон Риполл, Парламентын гишүүн, Куба, Монголын парламентын бүлгийн дарга Тереса Оливия зэрэг албаны хүмүүс оролцов.

Дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Кубын Гадаад харилцааны яам, Мэдээлэл, холбооны яам, Улс түмэнтэй найрамдах кубын институтээс хамтран найрамдлыг билэгдсэн шуудангийн марк, дугтуй хэвлэн гаргажээ. Ойд зориулж Кубын Соёлын яамнаас Монголын ЭСЯ-ны хамт олон болон Кубад суугаа Азийн зарим оны ЭСЯ-дын ажилтнуудыг урьж, Кубын сонгодог бүжгийн тоглолт үзүүлэв. Тоглолтыг нээж Кубын Соёлын яамны дэд сайд Фернандо Рохос, Элчин сайд Я. Долгоржав нар товч үг хэлсэн болно.

Улаанбаатар хотноо ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн захирал Б.Одонжил, Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад 1981-1984 онд Элчин сайдаар сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Дашдаваа болон Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мария Ортенсия Феблес нар МҮОНРТ-ээс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан нэвтрүүлэгт оролцов.

Түүнчлэн Монгол, Кубын Найрамдлын Нийгэмлэг тус ойд зориулан Куба Улсад сууж байсан Элчин сайд нар, Кубаас Монголд суугаа Элчин сайд, Кубад боловсрол эзэмшсэн болон Кубатай ажил, мэргэжлээрээ холбогдсон үе үеийн төлөөлөгчид оролцсон Дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж