Х.Цагаанбаатар “Kano cup”-ын хос медальтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар “Kano cup”-ын хос медальтай боллоо

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их дуулга” ангилалд багтах 154 мянган ам.долларын шагналын сантай “Kano cup" тэмцээн Японы нийслэл Токио хотноо үргэлжилж байна. Тэмцээн 11-ний бямба гаригт эхэлсэн бөгөөд гурав хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөх юм. Тус тэмцээнд дэлхийн 53 орны 363 жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй хоёр тамирчин Токиогийн татамид зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Болдбаатар /60 кг/, С.Мияарагчаа /66 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/ нарын манай зургаан жүдоч Токиогийн татамид гарч, барилдсанаас ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар ганцаараа медалийн тавцанд гарлаа. Эхний тойрогт Финляндын Антти Ринтамакиг цэвэр, дараа нь Японы жүдоч Масаши Кодераг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон манай тамирчин Францын бөх Лоич Корвалийг цэвэр ялж, медалийн болзол хангасан юм. Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Муса Могушковт цаг дуусахын өмнөхөн цэвэр ялагдаж, харамсалтай нь, медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

Харин өчигдөр 73, 81, 90 кг, эмэгтэйчүүдийн 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын баг тамирчдаас 90 кг-д Э.Энхбат ганцаараа зодоглосон. Харамсалтай нь тэрбээр эхний тойрогт Германы бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхисон юм. Өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр манай хүнд жингийн бөхчүүд, тодруулбал, -100 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, нар, харин +100 кг-д  Х.Мөнхбаатар, Б.Төгөлдөр нар хүч үзнэ.

IJF-ийн нэр хүндтэй тэмцээний нэг болох  “Kano cup"-аас өмнө нь 1989 онд гавьяат тамирчин Д.Баттулга анхны мөнгө, 1997 онд  Х.Болдбаатар хүрэл медаль хүртэж байсан бол 2006 онд Х.Цагаанбаатар хүрэл, 2007 онд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ удаа дэлхийн аварга Х.Цагаанбаатар дахин хүрэл медаль хүртсэнээр “Kano cup"-аас хос медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж