-Жүдогийн Сүлдээ яагаад сураггүй алга болчихов гэж бодсон чинь та Америкт суурьшсан юм байна. Ажил, амьдрал сайн биз дээ?
-Сайн сайн. Энд ирээд гурван жил гаруй болж байна. Ирэхээсээ өмнө “Аварга” дээд сургуульд хэсэг хугацаанд багшилсан. Эх орноо санаж байна шүү. Монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе.
-Аль хотод байгаа вэ?
-Виржиниа муж. Арленгтон хот.
-Сурч байгаа юу?
-Сургуульд явж байгаа. Хажуугаар нь ажил хийнэ. Бас бэлтгэлээ бага зэрэг хийсээр л байгаа.
-Ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?
-Спортынхоо чиглэлээр. Спортын бариа засал, анагаах ухааны чиглэлд.
-Бэлтгэлээ хийж байгаа чинь сайн байна шүү. Жүдогийн бэлтгэл үү?
-Жүдо хийнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд жиу-жицу бөхийн бэлтгэл нэлээд хийж байгаа. Жиу-жицугаар бүр нэлээд тууштай хичээллэж байгаа гэхэд болно.
-Жүдогийн О.Болд-Эрдэнэ, Г.Дашдаваа нар Монголд Жиу-жицугийн холбоо байгуулсан. Та нар холбоотой байдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Бид хамтарч ажиллаж байгаа. Зарим тэмцээнд тэр хэд маань монголоос, би эндээсээ очиж оролцоно. Манай жүдочид жиу-жицуг сонирхож байгаа нь маш зөв юм. Жиу-жицу бразилаас гаралтай спорт. Бразилд маш олон хүн жиу-жицугаар хичээллэдэг. Бразилын жүдочид хэвтээ барилдаанд сайн байдаг нь ч үүнтэй холбоотой. Тэр утгаараа манай бөхчүүд жүдогийн бэлтгэлийн хажуугаар жиу-жицугийн бэлтгэл, мэх давтвал их үр дүнтэй байх болов уу. Бэртэл гэмтэл багатай учир энгийн хүмүүс ч хичээллэж болно.
-Америкт жиу-жицугаар хичээллэдэг хүн олон гэж сонссон?
-Маш олон. Гэхдээ бразил жиу-жицуг илүү сонирхоно. Жиу-жицуг япон, бразил хоёр улс хөгжүүлсэн байдаг. Япон жиу-жицу нь илүү тулаан, зодооны талдаа. Бразил жиу-жицу бол цэвэр барилдааны төрөлд хамаарах халз тулааны спорт. Энд бразил жиу-жицугийн тэмцээн болоход дунджаар 1000 гаруй тамирчин оролцдог. Клубууд нь сайн менежмент хийдэг болохоор мөнгө ч сайн олдог юм билээ.
-Жүдотой төстэй юм бол хичээллэхэд илүү ойр байсан уу?
-Хэвтээ барилдаан нь жүдотой адил учраас миний хувьд шууд хоёрдугаар шатнаас нь суралцсан. Одоо жиу-жицугаараа дагнаад эндхийн томоохон клубуудын нэг “lloyd irving” клубт хичээллэж байгаа.
-Тэмцээнд хэр оролцож байна?
-Энэ жил анхны дэлхийн аваргадаа оролцсон боловч амжилт олоогүй. Харин өөрийнхөө оролцсон хоёр дахь тэмцээнээс мөнгөн медаль авсан. “Internetinol chichago open” гэж тэмцээн байсан.
-Ингэхэд Америк явснаасаа хойш Монголд ирсэн биз дээ?
-Жилийн өмнө амралтаараа очоод ирсэн. Төрсөн нутаг сайхан шүү.
-Жүдогоо бүр орхичихоогүй биз дээ?
-Үгүй үгүй. Жиу-Жицугийн клубтээ жүдо зааж байгаа. Клубын эзэн маань намайг олимпод оролцож байсан гэхээр их хүндэлдэг. Тэгээд хүүхдүүдээ жүдогийн багшаар ажиллахыг санал болгосон юм.
-Одоо жин хэд байна?
-Ирснийхээ дараа жаахан жин нэмсэн. Одоо буугаад хуучин барилдаж байсан жиндээ орсон. 73 кг.
-Америк явахаасаа өмнө Монголд сүүлд ямар тэмцээнд орсон бэ?
-2007 оны улсын аваргад ороод шавьдаа ялагдсан /инээв/.
-Одоо таны жингийн лидер гэвэл С.Ням-Очирыг хэлэх байх. Барилдааныг нь хэр мэдэх вэ?
-С.Ням-Очир одоо дэлхийн хэмжээний жүдоч болсон байна лээ. Тэмцээний бичлэгүүдийг нь хардаг. Энэ жилийн дэлхийн аваргад сайн барилдсан. Жаахан л аз дутсан.
-Афины олимпод та уг нь чамлахааргүй барилдсан санагддаг?
-Эхлээд хоёр ялаад гайгүй явж байсан юм. Тэгээд Афины олимпиос мөнгөн медаль авсан Оросын Макаровт ялагдаад тэмцээн дууссан даа. Торгуулийн барилдаанд шалиагүй.
-Бээжингийн олимпийг хаана үзсэн бэ?
-Энд үзсэн. Интернетээр хараад л сууж байлаа. Манай жүдочид алт авахад онгирч цээжээ дэлдээд л. Төрийн дууллаа сонссон чинь нулимс бүрхээд, ямар гоё байсан гээч. Эхэндээ ч та нарын адил хүнд байдалд байсан. Энд хамт байсан хүмүүс “Танай жүдочид ялагдаад дууслаа” гэхээр нь “Нэг сайн хүн байгаа” гэж хэлээ л суугаад байсан. Түвшээг ухаантай барилдвал медаль авах байх гэж дотроо найдаж байлаа. Өмнө нь Түвшээг Фарисын “Дэлхийн цом”-оос хүрэл медаль авахыг нь хараад ер нь үзээтэй л юм байна гэж бодож байсан.
-Сүүлд Н.Түвшинбаяр аваргатай хэзээ уулзсан бэ?
-Амралтаараа монголд очихдоо уулзсан. Дараа нь Түвшээ энд хөлөө эмчлүүлэхээр ирэхэд нь уулзсан. Манайхаар хоноод, сайхан хууч хөөрч байгаад явсан.
-Холбогдсонд баярлалаа, Сүлдээ. Америкт манай шилдэг жүдоч багшилж байгаа нь бас жиу-жицугийн спортоор амжилттай хичээллэж байгаа нь сайхан санагдаж байна. Амжилт хүсье.
-Баярлалаа. Танай www.news.mn сайтын хамт олонд талархал илэрхийлэх гэсэн юм. Би танай байнгын уншигчийн нэг. Гадаадад байгаа олон зуун монголчууд та бүхний ачаар эх орондоо байгаа юм шиг мэдээлэлд ойр байдаг гэж би бодож байна. Монголчууддаа, тамирчиддаа, спортынхондоо, найз нөхөддөө Шинэ оны мэнд хүргэе.