Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хятад ба уул уурхай

Дэлхийн уул уурхайн зах зээлд том байр суурь эзэлж буй БНХАУ цаашид бүх
салбарт тэргүүлэгч болох шинжтэй байна. Тус улсын ChinaMining.org вэб
сайтад ойрын жилүүдэд уул уурхайн салбар, ашигт малтмалын хэрэглээ ямар
байх талаар мэдээлсэн байна.

АЛТ

Алтны үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс ойрын гурван жилийн
дотор хамгийн том импортлогч орон болох төлөвтэй байна. Энэ нь
хэрэглэгчдийн орлого нэмэгдэхийн хэрээр үнэт эдлэлийн хэрэгцээ нэмэгдэж,
алтны зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулж эхэлсэнтэй холбоотой. Тус
улсын алтны зах зээл арван жилийн дотор хоёр дахин нэмэгдэнэ гэж Дэлхийн
алтны зөвлөл арваннэгдүгээр сард мэдэгдсэн. 2009 онд Хятадын алтны
хэрэглээ 428 тонн байсан бол арван жилийн дараа л гэхэд 900 тонн болно
гэж Шанхайд болсон Дэлхийн алтны зөвлөлийн хурлын үеэр тус байгууллага
хэлжээ. Дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаагаас хөрөнгө
оруулагчид алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа. Унц шар металлын үнэ
саяхан 1400 ам.доллараас давж, одоо цагийн рекорд тогтоосон. Цаашид ч
энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна.
“Сүүлийн жилүүдэд Хятадын алтны жижиглэнгийн хөрөнгө оруулалт жил бүр
ойролцоогоор 50 хувиар нэмэгдэж байна. Харин хэрэглэгчдийн дунд үнэт
эдлэлийн хэрэгцээ жилд 8-10 хувиар өсөх төлөв харагдаж байна” гэж
Дэлхийн алтны зөвлөлийн Хятадыг хариуцсан ерөнхий менежер хэлсэн байна.
Энэ оны хувьд алтны үйлдвэрлэлт 340 тонн болж, өмнөх оныхоос 26 тонноор
илүү гарах төлөв харагдаж байна.

ЗЭС
Хятадын зэсийн хэрэглээ 2015 он гэхэд 8,5 сая тонн хүрнэ гэж тус улсын
Аж үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамны албан тушаалтан мэдээлжээ.
Энэ нь бүтээн байгуулалт ихээр хийгдэж, дэд бүтцийн салбар хурдацтай
хөгжиж буйтай холбоотой аж. Түүнчлэн эрчим хүч, автомашин болон гэр
ахуйн барааны үйлдвэрлэлт нэмэгдэх нь тодорхой байгаа тул нь улаан
металлын хамгийн том хэрэглэгч Хятадын хэрэглээг улам өсгөх юм. Хятадын
“Антайке” судалгааны байгууллагын хэлснээр энэ оны зэсийн хэрэглээ 6,8
сая тонн байх төлөвтэй. Энэ нь өмнөх оныхоос 0,7 сая тонноор илүү байна.

НҮҮРС
Хятадын Засгийн газар нүүрсний үйлдвэрлэлтийг хязгаарлахаар төлөвлөж
байна. Гэхдээ ойрын таван жилийн дотор тус улсын эрчим хүчний хүчин
чадал 1,4 тэрбум киловаттаас давна гэжээ. Ирэх таван жилийн хөгжлийн
хөтөлбөрийн хүрээнд нүүрсний олборлолтыг 3,6-3,8 тэрбум тонноос
хэтрүүлэхгүйгээр тусгаж байгаа юм. Энэ нь 2009 оныхоос 500 сая тонноор
илүү хэмжээ гэж БНХАУ-ын албан тушаалтан өнгөрөгч сард хэлжээ.

Хятадын үйлдэржилт болон хот байгуулалт 2015 он хүртэл хөгжиж, эрчим
хүчний хэрэглээг нэмэгдүүлсэн хэвээр байх ч Засгийн газраас эрчим хүч
хэмнэх бодлого баримтлах тул энэ өсөлт жил бүр харилцан адилгүй байх аж.
Тус улсын эрчим хүчний байгууламжууд ихэвчлэн нүүрсээр тэжээгддэг юм.

Төлөвлөж буйгаар нүүрсний томоохон уурхайнууд жилийн нийт нүүрс
олборлолтын 66 хувь буюу 2,5 тэрбум тонныг хангах ёстой бол, 300 мянган
тонноос илүү хүчин чадалтай дунд зэргийн уурхайнуудын олборлолтыг 800
сая тонн, харин жижиг уурхайнуудын олборлолтыг 500 сая тонн байлгах аж.

БНХАУ нь нүүрсний олборлолтоор дэлхийд тэргүүлэгч төдийгүй,
хэрэглээгээрээ ч хамгийн том. Гэхдээ тус улсын нүүрсний салбар уурхайн
аюулгүй байдал, байгаль орчинд халтай үйл ажиллагаанаас болж шүүмжлэлд
их өртдөг. БНХАУ-ын нүүрсний судалгааны институтийн захирал Хө Ёогуогийн
хэлснээр энэ салбарт Засгийн газраас ихээхэн анхаарч байгаа бөгөөд
цаашид жилийн 100 сая тонноос илүү хүчин чадалтай 8-10 фирм, мөн
ойролцоогоор 50 сая тонны хүчин чадалтай мөн тооны фирм байгуулах
төлөвлөгөөтэй юм байна.

Олборлолтын хэмжээг хязгаарлана гэдэг нь цаашид нүүрсний импортыг
нэмэгдүүлэх шаардлагатай болгож байна. Эрчим хүчний хэрэглээ хурдацтай
өсч байгаа энэ үед нүүрсийг их хэмжээгээр худалдан авах төлөв байна.
Харин түүхий нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэлгээнээс доогуур, өөрсдийн
нэрлэсэн үнээр худалдан авч болох хамгийн “боломжийн” сонголт нь
Монголын Тавантолгойн орд байх бололтой. 

ХОВОР МЕТАЛЛ
Хятадын эрх баригчид арван төрлийн ховор металлын стратегийн нөөц
бүрдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эдгээр нь газрын ховор элемент,
вольфрам, сурьма, молибдени, цагаан тугалга, индиум, германий, галий,
тантал болон циркони аж. Хэдийгээр энэ нь эдгээр металлын үнэ болон
хамгамжийг тогтворжуулах зорилготой гэж мэдэгдэж байгаа ч шинжээчдийн
үзэж буйгаар энэ нь Хятадын газар доорх баялаг багасч буйн дохио. Ховор
металлуудыг “эдийн засгийн витамин” гэж нэрлэдэг бөгөөд БНХАУ-ын хөгжилд
маш чухал үүрэгтэй. Харин стратегийн нөөц бүрдүүлэх нь тус улсын эдийн
засгийн хамгаалалтыг нэмэгдүүлэх ёстой юм.


ХАР ТУГАЛГА, ЦАЙР БОЛОН БУСАД

2015 он гэхэд Хятадын хар тугалгын хэрэглээ 5,15 сая тонн болж, харин
цайрынх 7,1 сая тонн болно гэж Хятадын өнгөт металлын аж үйлдвэрлэлийн
нийгэмлэгийн тугалга, цайр хариуцсан салбарын дарга Жао Цуи Цин хэлжээ.
Түүний хэлснээр хар тугалгын хэрэглээ 2013 он хүртэл жил бүр есөн хувиар
өсч, харин 2013-2015 онд 7,5 хувиар нэмэгдэнэ гэсэн бол цайрын хэрэглээ
ирэх таван жилд жил бүр 9,5 хувиар өсөх хандлагатай байна.

Хятадын цайр хайлуулах хүчин чадлыг 2015 он гэхэд 7,5 сая тоннд, харин хар тугалгынхыг 5,5 сая тоннд барих аж.

Хөнгөн цагааны импорт 2015 он хүртэл 25 дахин нэмэгдэнэ гэж “Harbor
Intelligence” судалгааны байгууллага мэдээлсэн байна. Автомашины
үйлдвэрт хамгийн ихээр ашигладаг энэ металлын хэрэгцээ ирэх онд 198
мянган тонн байна гэсэн бол 2015 он гэхэд 5,04 сая тоннод хүрнэ гэжээ.
Хөнгөн цагааны зах зээлийг 20 гаруй жил ажиглаж буй Техаст байрлах
“Laredo” байгууллагын үзэж буйгаар Хятадын хэрэглээ 2011-2015 оны
хооронд жил бүр 12,9 хувиар нэмэгдэх гэнэ. Харин бүтээгдэхүүний
нийлүүлэлт 9,8 хувийн өсөлттэй байна гэснээс харахад цаашид эрэлт нь
нийлүүлэлтээс давах бололтой.

Хятад энэ оны эхний долоон сарын хугацаанд 9,7 сая тонн  хөнгөн цагаан
үйлдвэрлэсэн нь 2009 оны мөн үеэс 49 хувиар илүү гарчээ. Харин 2010 оны
эхний найман сард нийт 169,149 тонн хөнгөн цагаан импортлосон байна.

Бусад ашигт малтмалын хувьд арванхоёрдугаар сарын 10-нд гарсан статистик
баримтаас харахад Хятад улс 2010 оны эхний 10 сарын дотор 30,25 сая
паунд молибдени худалдан авчээ. Хэрэв жилд 2-3 сая паундыг худалдаж
авсан гэж тооцоолбол 2010 онд ойролцоогоор 36,29 сая паундыг импортлоно
гэсэн үг юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ нь бараг хоёр дахин
бага байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж