Монголын анхны “theatre lab”-ыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Монголын анхны “theatre lab”-ыг нээлээ

“Black box” хэмээх нэгэн theatre lab өнгөрсөн бямба гаригт нээгдлээ. Гаднаасаа хар хайрцаг мэт харагдах уг theatre lab-ыг үүсгэн байгуулж, дотоод засал чимэглэл болон интерьерийг нь “Боролдой” студийн захирал С.Мягмар, түүний хүү М.Ангараг нар хийсэн аж. Театрын нээлтэд таван үеийн уран бүтээлч С.Мягмар гуайн гэр бүлийнхэн болон найз нөхөд нь ирсэн байв. Мөн нээлтийн онцгой зочид нь ах дүү зураач  Энхжин, Мөнхжин, дэлхийг тойрон явган аялсан Амай, дархан аварга Б.Бат-эрдэнэ гэргийн хамт, Ц.Баярсайхан, нийтлэлч Б.Баабар, Б.Цэнддоо зэрэг олны танил хүмүүсээс гадна Монголд суугаа зарим Элчин сайдууд байсан юм.  Дотроо хоёр давхар лоунж бүхий улаан дэвсгэр, хар хөшиг сэлттэй уг theatre lab-ын гол танхимын хананд  асар том дэлгэц, цагаан төгөлдөр хуур байрлуулсан байв. Theatre lab нь мэргэжлийн урлагийн бүтээл туурвих, уран бүтээлчдийг дэмжих ашгийн бус театр аж. Анх 1995 онд Америкийн найруулагч  Жулиа Фишер, Грег Смукер, дизайнер Жое Стэнли нар “15 HEAD” нэртэй theatre lab-ыг байгуулж байжээ. Монгол орныг дэлхий “Mine-golia” гэж харж ойлгох болсон энэ үед Монгол хэвээрээ үлдэхэд Монгол соёл урлаг гол түлхүүр болох аж. Иймд хосгүй соёлоо хадгалахын зэрэгцээ мэргэжлийн урлагийг хөгжүүлэхийг зорьж уг театрыг үүсгэн байгуулсан тухайгаа  М. Ангараг ярьсан юм.

Сонгодог хөгжим эгшиглэж, энгийн яриа өрнөсөн энэ үдэш сонирхолтой зочид олон байсан.  Түүний нэг нь бадарчин Амай байв. Амай  уг Theatre lab  Монголын урлагийн  индэр байг гэж ерөөгөөд  өөрийн найз  М.Ангарагт театр нээсэнд нь баяр хүргэж өөрийн зургийн үзэсгэлэнд тавьсан зургаасаа бэлэглэсэн юм. Мөн ирсэн зочдод зориулж, шинэхэн театрын жаврыг үргээж монгол хөөмийн аялгуу сонсгов. Тэр,

-Би электро хөгжим, транс хөгжим гэдэг  залуу байсныг хүмүүс мэдэх байх. Дөрвөн жил  гаруй гадаад орноор бадарчилж яваад ойлгосон нэг зүйл нь үндэсний соёл урлаг бол хөгжлийн түлхүүр юм. Хэдий бид орчин үеийн урлаг, хөгжим сонирхож байгаа ч монгол үндэснийхээ урлагийг хаяж, орхигдуулж болохгүй ээ. Орчин үе, үндэснийхээ урлагийг хослуулан хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Шинэ гэрийн жаврыг морин хуурын  аялгуугаар  үргээдэг бол би энэ сайхан театрын жаврыг  хөөмийлж  үргээх гэсэн юм. Нүдээ аниад сонсвол хөөмийг илүү сайн мэдэрнэ” гээд зочдоос  гэрлээ унтрааж, нүдээ анихыг хүссэн юм. Хөөмийн аялгуу Монголын тал нутгийг бүх зүйлтэй нь багтаах шиг л санагдсан.

Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд дэлхийд алдартай сонгодог аязыг эгшиглүүлж, олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн оюутан н.Тамир “Цыганы дуу”-г төгөлдөр хууртай хослуулан тоглов. “Этник жааз” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Бөртэ” хамтлагийнхан мөн тайзнаа “Испани аяз”-ыг эгшиглүүлсэн.  Энэ үдэш зочдод барьсан хамгийн онцгой бэлэг нь найруулагч Radu Mihaileanu –ын бүтээл дэлхийн шилдэг кино “Le Concerto” байсан юм. Орос, Францын киноны акулууд хамтран бүтээсэн инээдэм, драмын жанрын уг киноны гол дүрүүдэд нь Оросын нэрт жүжигчин Алексей Гусков, Мелани Лорен, Валери Баринов нар тогложээ. Андрей бол нэгэн цагт Большой театрын удирдаач байсан сод авьяастан нэгэн. Орост сонгодог урлагийг ардын дайсан гэж үздэг байсан үед Андрейг еврей хөгжимчин театрт авсан  гэж буруутган ажлаас нь халдаг.Тэр явдлаас хойш театртаа цэвэрлэгчээр үлдсэн Андрей нэгэн өдөр Большой театрын оркестрыг Францын Chatelet театрт тоглохыг урьсан факсыг санамсаргүй олж уншина.  Чайковскийн алдарт симфонийг Chatelet театрт тоглох адгуу хүсэл түүнийг бүтэшгүй төлөвлөгөө зохиоход хүргэдэг. Ингээд Андрей өөр шигээ золгүй хувь тавилантай  80 хөгжимчинг гудамжнаас олж Парисыг зорьдог. Гэвч Андрей Анне Мария хэмээх хийлчгүйгээр мөрөөдлийн тоглолтоо хийж чадахгүй. Уг кино эхнээсээ дуустал эцэс төгсгөлгүй мэт холион бантан шиг  үйл явдлаар дүүрэн. Харин  суут хөгжмийн зохиолч Чайковскийн хийлийн гоцлол Chatelet театрт эгшиглэхэд бүх ээдрээ тайлагдаж, Анне Мария бүсгүй  эхийгээ хэлмэгдэж амиа алдсан еврей  хөгжимчин  байсныг мэддэг. Киноны төгсгөлд Андрей мөрөөдлийн концертоо тоглож, насан туршдаа өөрийгөө хаанаас ирсэн хэн гэдгээ мэдэхгүй байсан Анне Мария бүсгүй аав ээжийнхээ тухай үнэнийг олж мэддэг. Сонгодог хөгжимтэй, шилдэг кинотой, дарстай, найз нөхөд, уран бүтээлчдийн халуун яриа өрнөсөн энэ үдэшлэгээс зочид явах дургүй байх шиг санагдсан шүү.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж