Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэншсэн нийгмийн чиг баримжаатай болгоход чухал үүрэгтэй энэ хуулийн төслийг Үндсэн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахтай уялдуулан иж бүрнээр боловсруулах ёстой. Гэтэл өмгөөлөгч 65 нас хүрсэн бол өмгөөлөх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан нь өмгөөлөгчдийг насаар нь ялгаварлан гадуурхсан, иргэдийн өмгөөлүүлэх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхэд халдаж байгаа явдал. Түүнчлэн өмгөөллийн үйлчилгээг хамтран эрхлэх хэлбэр нь товчоо, товчоог холбоонд бүртгүүлэх, товчоо нь ашгийн төлөө бус хуулийн этгээд байна гэсэн нь Монгол Улсын олон хууль зөрчиж буй хэрэг юм. Мөн өмгөөллийн үйлчилгээний жишиг хөлсийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр тогтоолгохоор төлөвлөж байгаа нь мэргэжлийн үйлчилгээний зах зээлд төрөөс зүй бусаар оролцох оролдлого гэж үзэж эсэргүүцэж байна. Иймд энэхүү саналын дагуу иргэдийн болон мэргэжлийн байгууллагын оролцоог хангах үүднээс дахин боловсруулах чиглэл өгч хуулийн төслийг батлалгүйгээр хуулийн төсөл санаачлагч Засгийн газарт буцаахыг уриалж байна” гэжээ.
Хэлэлцүүлэгт ахмад өмгөөлөгч Л.Даваацэрэн оролцож өмгөөлөгчдийн гаргаж буй уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Би одоо 65 настай. Гэтэл энэ хуулиар бол өмгөөлөл явуулж болохгүйд хүрч байна. Ийм юм байж болох уу. Өмгөөлөгч хүн олон жил өмгөөлөл хийх тусмаа ур чадвартай, туршлагатай болдог. Энэ хуулийн төслийг санаачлагчид өмгөөлөгчдийг бусдаас хараат, хэн ч биш болгохоор зэхэж байна” гэсэн юм.