Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч чангарна

Мал мэнд үү?

Өнгөрсөн өвлийн цас зудны сургамжийг ухаарсан эсэхийг шалгасан өдрүүд эхэллээ. Байгалийн гамшиг, цас зудны улмаас 9,7 сая тоо толгой мал хорогдож, 8700 өрх айл хотоо харлуулсан гашуун түүхийг дахин давтахгүйн тулд аймаг, орон нутаг, хувь хүн тус бүрдээ намрын турш өвөлжилтийн бэлтгэлээ базаасан. Тухайн үед энэ аймаг өчнөөн тонн өвс тэжээл, тэр аймаг төчнөөн тонн гар тэжээл, тэнд хашаа хороогоо засаж сэлбэлээ гэх мэдээллийг өдөр тутам хэвлэл мэдээллээр өгч байв. Гэтэл өвлийн сар дөнгөж эхэлж буй энэ үест зарим аймгууд өвөлжилт хүндэрлээ, өвс тэжээлийн нөөцдөө хүрэхээс өөр аргагүйд хүрлээ гэж байна. Өдийнөөс өвс тэжээлээ барж эхэлвэл, үлдэж буй өвлийн сарууд, хахирган хаврын улирлыг хэрхэн гэтлэх билээ.  Намаржин найр хуримын зар ар араасаа нисч, хөдөөгийн харчууд уяж сойсон хурдан хүлгээ машинд ачаад зун, намрын турш наадмаас наадмыг зорьдог. Аливаа баяр наадмыг хорих эрх байхгүй ч, зуны сарыг зургаа, намрын сарын найм юм шиг наргиж цэнгэсээр явтал нэг л өдөр хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсан байдгийг өнгөрсөн өвлийн зуд толгойн орой руу мэдрүүлэв гэлцэж байсан ч дахиад давтагдах шинжтэй. Байгаль цаг уурын нөхцлийг бид сөрөх эрхгүй ч, өмнөх үеийн өвөг дээдэс ийм цаг үеийг тойроогүй, дайраад өнгөрсөн байх. Гагцхүү тухайн хувь хүмүүсийн хөдөлмөрч зан чанар байгалийн ган гачиг, цас зудыг давдаг байв.

Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсгээр нутаглах буриад зоныг өнгөрсөн өвлийн хатуу хүтүү бусад орон нутагтай адилхан л өвдөг татам цасан дунд хаврыг угтуулсан. Гэхдээ өөрөө өвөлжих гэж байгаа юм шиг хашаа бууцаа дулаалдаг, өөрөө идэх гэж байгаа юм шиг өвс тэжээлээ намаржин бэлтгэдэг ажилсаг зан чанарынхаа хүчээр малын хорогдол багатай давсан билээ. Ганц өнгөрсөн өвлийн тухайд ч биш, сүүлийн хэдэн жилд дээрх аймгуудын малчид өвөлжилт хүндэрлээ гэж улсаас хошуу цорвойж үзээгүй гэж болно.  Өөрийн нутагт ургадаггүй юм бол урин цагаар өөр бусад нутгаас өвс тэжээлээ татах, өвөлжөө бууцаа эртнээс бэлтгэх гээд боломжууд бий. Хот суурин газрынхан дулаан тохитой өвөлжих эсэх нь бусад хүнээс шалтгаалдаг бол хөдөөгийн малчид өөрсдөө бэлтгэлээ базааж чадвал ямар ч хатуу өвлийг төлөгний гарзгүй давах учиртай.

Москваг айлгасан хүйтэн манайхыг дайрахгүй гэж үү?

Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн инженер Ц.Ундрахаас энэ өвлийн төлөв байдлын талаар тодруулахад “Арванхоёр, нэгдүгээр сард ихэнх нутгаар хүйтэн байх ба энэ сарын агaaрын температурын дундаж баруун зүгийн нутгийн хойд хэсгээр 19-24, бусад хэсгээр 12-17 градус хүйтэн байх ба Завханы ихэнх нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан байна. Харин Хөвсгөлийн хойд, Булган, Өвөрхангайн өмнөд, Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсэг, Говь-сүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй  байна. Өнөө маргаашдаа ихэнх газраар цас орж, хүйтний эрч чангарна. Энэ сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч бага зэрэг суларна” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ өвлийн хүйтрэл ганц манайхыг дайраагүй бололтой. Европын орнуудаар сүүлийн 17 жил болоогүй хүйтэн өвөл болж, Лондонд олон улсын нислэг саатаж, хасах таван хэмийн хүйтэнд тагтаа шувуу осгож үхэж байна. Европ тивийн хагасыг цасаар хучсан Моника циклон одоо Москва хотын баруун талаас шуурч эхэлж байгаа тул хотынхоо иргэдийг болзошгүй аюулаас сэргийлж долоо хоногийн хүнсээ базаахыг анхааруулж байна. Москва хотыг дайрч өнгөрөх энэхүү агаарын хүйтэн урсгал манай оронд нөлөөлөх эсэхийг холбогдох мэргэжилтнээс тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ядаж зэргэлдээх улс орнуудад болж буй цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээг өөрийн оронд тохиож болзошгүй талаас нь ажиглалт хийх, боловсруулах үүрэгтэй атал, ямар ч мэдээлэлгүй сууж байгааг хариуцлагагүй байдал гэхээс өөр юу гэх билээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хойд хэсэг, Булган аймгийн баруун талын сумдад 18-22 см цасан бүрхүүлтэй, зарим тохиолдолд түүнээс ч давж, өвөлжилт хүндэрлээ гэх мэдээллийн дагуу харьяа Онцгой байдлын хэлтэс, орон нутгийн удирдлагууд газар дээр нь очиж ажиллаж байна. Орон даяар мал тооллого явагдаж байгаатай холбоотойгоор дээрх аймгуудад мал тооллогын комисс хүрэх газраа хүрч чадалгүй цасанд суулаа, малчидтайгаа холбоо тасарсан, хотноос мал гаргах боломжгүй болсон гэх сураг ажил орон нутагт хаа сайгүй болж эхэлж байгаа гэнэ. Дэлгэр зун, налгар намрын урт өдрүүдэд хадлан тэжээл, өвлийн бэлтгэлээ  хэрхэн хангасныг хайруу өвлийн жавар тачигнасан улирал шалгах цаг ирлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж