Нотариатчдад ”Халгаатай” хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Нотариатчдад ”Халгаатай” хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын баасан гаригийн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 17 гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, мөн Засгийн газраас 2010 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.  Өмнөх хуулийн 50-иас илүү хувьд өөрчлөлт орохоор бол шинэчилсэн найруулга хийдэг аж.

Одоогийн байдлаар 70 орчим төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлдэг бөгөөд хуулийн төслөөр үүнийг цөөлж 40 хүртэл бууруулах саналыг оруулжээ. Ингэснээр 29 хуулийн 53 зүйл заалтыг өөрчлөх юм. Уг хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл нь “Заавал гэрчлэх шаардлагагүй” бичиг баримтыг нотариатаар гэрчлэхийг нь болиулах тухай аж.

Хуралдаанд Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлтэй Нотариатын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай Засгийн газрын төсөл зэрэгцэн орж ирснийг нь зарим гишүүн шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, “хүнд суртал, цаасны асуудал 40 шахам хувиар буурч байгаа нь сайн хэрэг. Ер нь УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг Засгийн газар дарж байгаад  өөрсдөө бас хууль санаачлаад оруулаад ирдэг л дээ. Энэ хоёр төсөлд ялгаа бага байна. УИХ-ын гишүүн хууль санаачилсны дараа Засгийн газраас бараг ижилхэн хуулийн төсөл орж ирснийг юу гэж ойлгох вэ” гэж асуув.

Ц.Нямдорж сайд уг асуултад хариулахдаа, “2003 онд шинэчлэгдэж чадаагүй ганц хууль бол энэ. Мөн М.Энхболдын Засгийн газрын үед ч бас шинэчлэгдэлгүй үлдсэн. Цаг хугацааны хувьд давхцсан болохоос биш УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг хуулбарласан зүйл байхгүй” гэв.

Мөн нотариатын үйлчилгээг бизнесийн шинжтэй, иргэд, байгууллагын үйл ажиллагаанд дарамт болж байгаа талаар энэ үеэр хөндсөн байна. Я.Батсуурь гишүүн, “манайд гарын үсгийг заавал баталгаажуулах тухай, мөн аливаа зүйлд заавал тамга шаарддаг. Үүнийг больж болдоггүй юмуу, бичиг баримт хуурамчаар үйлддэг байдлыг л үгүй болгоод хууль дүрмийг чангалах хэрэгтэй юм биш үү” гэв.  Харин Нотариатын танхимын тэргүүн Ч.Отгонбаяр “Шүүхэд маргаан гаргахгүй байх баталгаа нотолгоог нотариатч хариуцан ажиллаж, сэргийлж байдаг нь үндсэн зорилго нь  юм” гэлээ. Үнэ тарифын хувьд тийм үнэтэй бус гэдгийг ч мөн хэлсэн. Заавал акт үйлдэх шаардлагатай боловч манайх одоогоор шууд бичиг баримтан дээр тамгаа дардаг гэлээ. 

Ийнхүү Засгийн газрын боловсруулсан төсөл болох Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэв.

Үүний дараа уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэр бүхий 17 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэв. Гишүүдийн боловсруулсан төсөлд ялгаатай зүйл багагүй байгаа талаар, тухайлбал нотариатын үйл ажиллагааг сайдын тушаалаар биш хуулийн зүйл заалтаар тодорхойлох зэрэг зохицуулалт туссаныг төсөл санаачлагчид танилцуулав. Нэг асуудлаар боловсруулсан хоёр төслийг нэгтгэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, анхны хэлэлцүүлэгт нэгтгэж оруулахаар санал нэгдтэж, Байнгын хороонд шилжүүллээ.

Нотариатын тухай хуулийг өөрчлөх дээрх төсөл батлагдсанаар одоо үйл ажиллагаа явуулж буй 283 нотариатчдын орлого багасаж болох ч иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирах бэрхшээлийг багасгах шаардлага илүү чухлаар тавигдаж байгаа талаар хуулийн төсөл боловсруулагчид онцолж байлаа.

Б.ЭНХМАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж