Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэв

Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хаалтын арга хэмжээ, хүндэтгэлийн хурал өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд боллоо. Хорин жилийн тэртээх тэсгим өвлийн хүйтнээр цагийн жаврыг цасны жавартай нь үргээж галтай цогтой явсан ардчиллын анхдагчид Төрийн ордны их танхимын суудлын ихэнхийг дүүргэжээ. Тоталитар дэглэмийг халж,  ардчиллын салхийг сэвэлзүүлэхдээ хорь, гучин настнууд явсан, өдгөөгийн ид дунд насныхны ихэнхийн санчигт мөнгөн сор сууж, энгэрт нь Эрх чөлөөний одон, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиуд ихэрлэсэн харагдана.

Сүхбаатарын талбай, Эрх чөлөөний талбайг ардчиллын төлөөх уриагаар доргиож явсан журмын нөхдийнхөө хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ирүүлсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уншиж сонсгосон. Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Эх орондоо хүний нийгмийн оршин тогтнохын дээд урлаг болох ардчиллыг авчирч, өвлийн хүйтэн, дэглэмийн жавар хоёрыг хамт сөрсөн баатрууд, улс төрийн намуудад баяр хүргэж байна. Ардчиллыг анхны өдрөөс нь алгандаа тосч, элгэндээ тэвэрсэн Монголын ард түмэндээ баяр хүргэж байна" гэснийг хүндэтгэлийн хуралд оролцогчид алга ташин хүлээж авлаа.

“Хамгийн гол нь бид ардчиллын буянд үе үеийн монголчуудын чин хүсэл мөрөөдөл, хүчин зүтгэл, халуун тэмцлийн зорилго байсан улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь олж авсан явдал юм. Ирэх 20 жилд ихийг амжуулж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэн, иргэдийн оролцоог хангаж, шударга ёсны үнэлэмжүүдийг Монгол орныхоо хөрсөнд нэг мөр нутагшуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү хүн бүр өөрт оногдсон ажлыг сайн хийх, шударга байх, нийгмийн амьдралд идэвхтэй, ухамсартай, биечлэн оролцдог болох хэрэгтэй байна. Ийм иргэдийн оролцоонд тулгуурласан, эрх чөлөөтэй, иргэд нь эрхээ эдэлдэг, үүргээ биелүүлдэг, төр нь иргэдээ сонсдог, иргэддээ үйлчилдэг нийгмийн төлөө, сайн сайхан амьдралын төлөө та бид тэмцэж ирсэн. Энэ тэмцэл маань дуусаагүй байна. Энэ тэмцлийг ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд явсан та бүхэн манлайлан үргэлжлүүлж чадна гэдэгт би итгэж байна" гэсэн түүний мэндчилгээг ардчиллын төлөөх тэмцэлд мөр зэрэгцэж явсан журмын нөхөд нь талархан сонслоо.

Харин Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг үг хэлэхдээ өнгөрсөн 20 жилд ардчилсан Монгол Улсыг цогцлоож, ардчиллыг түүчээлж явсан нөхдийнх нь тэргүүнд алдаа, онооны мөнгөн сор суун хал үзэж хашир танисныг хэлэхийн зэрэгцээ идэр залуухнаараа бурхны оронд одсон УИХ-ын гишүүн агсан, ардчилсан хөдөлгөөний лидер С.Зориг, Ж.Наранцацралт, С.Батчулуун, Г.Ганхуяг, Улсын Бага Хурлын гишүүн агсан Б.Галсандорж, Шинэ дэвшилт холбооны тэргүүн, МУИС-ийн багш агсан С.Батсүх зэрэг журмын олон нөхдийнхөө гэгээн дурсгалыг хуралд оролцогчидтой хамт босч хүндэтгэсэн юм. Ардчилсан хувьсгалыг оготнын хамраас цус гаргалгүй хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны дарга асан Ж.Батмөнх, Улс төрийн товчооны гишүүн агсан Ц.Намсрай нарын дурсгалыг мөн хүндэтгэлээ. Нүүхэд үлдэлгүй, үлдэхэд нүүлгүй, ардчиллыг түүчээлж явсныхаа төлөөсөнд өр нэхэлгүй, толгой гэдгэр, харц талбиун яваа журмын нөхөддөө Н.Алтанхуяг дарга талархал илэрхийлж, басхүү алдаа дутагдал байвал уучлахыг хүсч, ардчилсан хувьсгал дуусч төгс төгөлдөр болоогүй байгааг санууллаа. Ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэж, ардчилсан хувьсгалын хоёрдугаар шат болох эдийн засгийн хувьсгал, үйлдвэржүүлэлтийг хамтдаа өрнүүлэхийг мөн уриалсан юм.

Ардчилсан хувьсгалыг түүчээлсэн эрхэм гавьяатнуудад олгодог Ардчилсан намын дээд шагнал Чингис хааны одонг гардуулах ёслол энэ үеэр боллоо.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, МОХ-ны ерөнхийлөгч асан, Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар энэ хүндэт шагналын эзэн болсон юм.

Үүний дараа илтгэлүүд үргэлжлэв. Ардчиллын лидерүүдийн нэг, зах зээлийн эдийн засгийн онолч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд эдийн засгийн цаашдын хөгжлийн талаар илтгэсэн бол УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга Монголд шинэ төмөр зам, уул уурхайн үйлдвэрүүд хэрэгтэй болсныг онцоллоо. Хорин жилийн тэртээх оюутнуудын төлөөлөгч Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан ч мөн санууштай үг хэлсэн юм. “Би ядуу орны баян бизнесмэн байхыг хүсэхгүй байна. Ядуу орны баян, чинээлэг сайд нар, УИХ-ын гишүүд минь ард иргэдийнхээ амьжиргааг бодож яваарай. Бизнесмэнүүд ашгийн төлөө явдаг. Харин амьжиргааг зөв зохистой байлгах үүрэг нь улстөрчдөд байгаа шүү. Ардчилсан хувьсгалын хоёрдугаар шат нь эдийн засгийн хувьсгал гэж байна. Гэвч эдийн засгийн өсөлт нийт хүн амд хэрхэн тусч байна гэдгийг анхаарах нь чухал. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн чөлөөт байдлаа холбож яваарай” гэлээ.

Хорин жилийн тэртээ тухайн үеийн эрх баригчдын алдаа завхарлыг шалдан ноёны үлгэртэй зүйрлэн дэлгэж явсан нэрт нийтлэлч Баабар нүүдэлчин монгол түмнээсээ ямарт овсгоо самбааг мэдэрч явдгаа хэлж, социализмын үед мөрөөдөөд ч бүтээгүй 50 сая толгой малтай болсныг, ДНБ дөрөв дахин өссөнийг, хүний дундаж наслалт таваар уртассаныг , “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг эрх чөлөөг эрмэлзэгч философи зөвхөн монголчуудад хамаатайг тэрбээр онцлов. Үүний зэрэгцээ мансууруулах бодис, хүний наймаа, ДОХ, контрбанд гэсэн сөрөг үзэгдлүүд гарч, жилд нэг хүнд 88 кг мах идүүлэх төлөвлөгөө 120 кг болж, гурван хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй болсныг бас ёгтлон егөөдөхөө мартсангүй. “Би ард түмнийхээ аугаа ирээдүйд итгэдэг. Монголчуудын итгэл найдварыг бурхан адислаг” хэмээн тэрбээр үгээ төгсгөсөн юм.

Үүгээр ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүндэтгэлийн хурал өндөрлөж, хувьсгалын хоёрдугаар шат-эдийн засгийн хувьсгалыг эхлүүлэхээ амласан ардчилагчид өмнөх 20 жилийн түүх шаштирынхаа хуудсыг хаалаа.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж