Москвагийн айлчлалын халуун сэдэв юу вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.13-нд нийтлэгдсэн

Москвагийн айлчлалын халуун сэдэв юу вэ?

С.Батболдын Ерөнхий сайдын ху­виар ОХУ-д хийж буй айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Москвад өрнөх яриа хэлэлцээрүүд өмнөөс бэлт­гэгдсэн учир тэвдэх зүйл байх ёсгүй ч тэр дунд халуухан сэдвүүд бас бийг санах учиртай.

Уг нь түүний айлчлалын зорилго, үр дүн нь төрийн хэмжээний бүх л айлч­­лалуудынхтай яг адил­хан, хоёр орны стратегийн түнш­лэ­лийн харилцаа, бүх талын хам­тын ажил­­­лагааг урагшлуулан хөг­­жүү­­лэ­­­хэд ач холбогдолтой юм. Айлч­ла­лын хөтөлбөр нь хэлэлцээр, өөр нэг хэлэлцээр, тэгээд баримт бичигт га­рын үсэг зурах “меню”-тэй.

Харин олон нийтэд сонирхолтой нь гэвэл айлчлалын үеэр Монгол-Оросын хамтарсан компаниуд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет”-ийн асуудал яригдах юм байна. Энэ нь юу гэсэн үг болохыг хэвлэлүүд ч өөр өөрийн байр сууриас тайлбарлаж буй. Тухайлбал, “Монголросцветмет”-ийн эзэмшилд байгаа Асгатын мөнгөний ордыг оросууд “их өр”-ийн барьцаанд авч, улмаар энэ барьцаа ашиглан “Монголросцветмет”-ийн өөрийн

талын хувийг 51 болгох хүсэлтэй байгаа гэдэг мэдээлэл айлчлалыг угтан цацагдсан юм. Мөн “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн асуудлаар хоёр талын зөвлөлийн ээлжит хуралдаан энэ удаад Москвад болохоор товлогдсон ч эндээс ямарваа нэг гэнэтийн, цочир шийдвэр гарахгүй бололтой.

Хэдийгээр айлчлал “хэлэлцээрээс хэлэлцээр”, эцэст нь “баримт бичиг” гэсэн хөтөлбөртэй ч яг ямар асуудлаар гэдэг нь анхаарал татна. Албан ёсны мэдээллээр бол Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийг зохицуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Дорнод-Уран хамтарсан үйлдвэр байгуулах зарчмын нөхцөлийн тухай хэлэлцээр, Цэргийн хамтын ажиллагааны үр дүнд буй болсон оюуны өмчийг хамтран хамгаалах Засгийн газар хоорондын хэлэлцээр, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны 2012 оны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Түүнчлэн хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажил­лагааны талаар хэлэлцэх юм байна. Сүүлийн жи­лүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засгийн салбарт эрчимжиж, энэ оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд хоёр та­лын худалдааны эргэлтийн хэмжээ 907 сая ам.дол­ларт хүрчээ. Энэ бол мэдээж сайн мэдээ, гэх­­дээ өдөр тутмын буюу гойд юмгүй мэдээлэл юм.

Харин айлчлалын хүрээнд өрнөх “халуун” сэдвийн нэг нь энэ удаад Дорнод-Уран хэмээх хамтарсан үйлдвэр байгуулах зарчмын нөхцөлийг тохирох хэлэлцээр байх ёстой. Учир нь хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд уран тойрсон сэдэв шинээр орж ирлээ.

Ураны салбарын хамтын ажиллагаа хоёр орны хувьд хуучин сэдэв, тэр тусмаа “мартагдсан” сэдэв. “Мартагдсан хуучин зүйлийг шинэ гэж хэлдэг” гэх үг бий. Уран тойрсон асуудал хоёр орны хувьд жинхэнэ утгаараа мартагдсан хуучин, тэгээд шинэ асуудал юм.

Монголын ураныг Оросууд биднээс илүү мэднэ

Монгол орны хувьд ураны геологи, хайгуулын ажил 1960-аад оны эцэс хүртэл  хүртэл нүүрс, газрын тосны геологи, хайгуултай хамт хавсарга шинжтэй хийгдэж байгаад мөн үеэс ЗХУ-ын геологичид ураны дагнасан судалгааг явуулж ирсэн гэдэг. Тухайн үеийн БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд 1970 онд хэлэлцээр байгуулж, мөн онд ЗХУ-ын Геологийн яамны харьяа Монголын геологийн зураглалын экспедиц зохион байгуулагдаж, Дорнод-Монголд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ийн эхэлсэн ураны геологи, хайгуулын ажил 1970-1990 оныг дуустал дан ганц ЗХУ-ын хөрөнгө, техник, тоног төхөөрөмж, мэргэжилтний хүчээр хийгдсэн байна.

Харин энэхүү хорин жилийн ажлын үр дүнд Дорнод, Гурванбулаг, Мардай, Нэмэр, хараат, Нарст, Улаан зэрэг ураны зургаан орд, 100 гаруй илрэлийг илрүүлсэн байна. Ингэхэд Монгол орны нутаг дэвсгэрт 1.5 сая тонн таамаг нөөц байгаа гэж тогтоогджээ. Улмаар хайгуулын ажлыг дуусган ордуудын нөөцийг ЗХУ-ын Улсын ашигт малтмалын нөөцийн комиссоор батлуулжээ. Дээрх ордуудаас Дорнодын орд газрыг ил аргаар ашиглахаар болж, “Эрдэс” олборлох үйлдвэрийг байгуулж байжээ.

Мөн ураны эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлыг гүйцэтгэх хэтийн төлөвийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэл болсон уран, тори, кали, гамма агуулгын тархалтын байгалийн цацраг идэвхт гажлууд, радиохими, металлогений 1:1 500 000-ын масштабтай зургуудыг зохиосон байна.

Ийнхүү Оросын геологийн байгууллагууд Монголд ажиллах хугацаандаа ураны чиглэлээр асар их хэмжээний геологийн мэдээлэл хуримтлуулж, ажлын үр дүнгийн нийт 190-ээд тайлан боловсруулснаас Монголын Ашигт малтмалын геологийн фондод 34 тайлан шилжиж ирсэн аж. Үүнд дээр нэр дурдсан зургаан ордын хайгуулын нөөцийн тооцоотой болон урьдчилан үнэлсэн талбайнуудын тайлангууд багтдаг байна. Тэгэхээр Оросын талд Монголын ураны талаарх мэдээлэл бүгд байгаа аж. Тэд Монголын ураныг биднээс ч илүү мэдэж байх магадлалтай юм.

Монголчууд Дорнодын Мардайн ордыг хоёр улс хамтран эзэмшиж байсныг сайн мэддэг. 1990 оны эхээр Оросууд нутаг буцахад ордын олборлолт зогссоныг ч мартаагүй. Харин эл ордод ажиллаж байсан “Эрдэс” олборлох үйлдвэрийн  Монголын талын хувийг 1993 оноос “Уран” улсын үйлдвэрийн газар улсын нэрийн өмнөөс эзэмшиж байжээ. 1993 онд байгуулагдаж байсан “Уран” улсын үйлдвэрийн газар Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 1998 онд татан буугдсан байна.  

Харин 1994 онд “Гурвансайхан” гэдэг компани Оросын талын оролцоотойгоор үүсэн байгуулагдсан мэдээлэл буй юм.

“Гурвансайхан” компани нь 1994 оны 12 дугаар сард Монгол, Орос, Бермуда улсуудын хувь нийлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт ураны геологийн судалгааг гүйцэтгэх зорилготойгоор байгуулагдсан аж. Компанийг үүсгэн байгуулахдаа гурван талын оролцоо, хувь эзэмшлийг дараах байдлаар тохиролцсон гэдэг. Монголын тал геологийн судалгаа явуулах талбайнуудаар хангах, тодруулбал тухайн үеийн гэрээнд тусгаснаар Чойр, Өлзийт, Хайрхан, Өндөршил, Гурвансайханы хотгорууд зэрэг газарт судалгаа явуулахаар тохиролцжээ. Монголын талын эзэмшлийг 15 хувь байхаар тогтон үүнд ноогдох 1.5 сая төгрөгийг “Уран” УҮГ-т эзэмшүүлсэн байна.

Харин Оросын талын оролцоо нь ураны геологийн судалгааг гүйцэтгэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах үүрэгтэй байхаар тохиролцон 15 хувийг тус улсын “Геологразведка” концернд эзэмшүүлж байжээ. Нөгөө оролцогч тал болох Бермуда улсын “Энержи Фьюэлз” компани нь ураны геологийн судалгаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргах үүрэг хүлээж, 7 сая төгрөг болох 70 хувийг эзэмшин гэрээ байгуулж байсан байна. Өнөөгийн байдлаар “Энержи Фьюэлз” компанийн эзэмшлийн хувь нь “Интернейшнл Юраниум Лтд” компанийн эзэмшилд шилжиж очсон байна. Энэ нь АНУ-ын “Денисон майнис” компанийн мэдэлд байдаг компани юм. АНУ-ын “Денисон майнис” компани ийнхүү эзэмшлийн хувийг шилжүүлж авснаар “Гурвансайхан” ХХК Монгол-Орос-АНУ-ын хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөгджээ.

Уран тойрсон асуудал 2000 оноос хойшх арван жилд монголчуудын анхаарлын төвд дахин орж ирсэн гэхэд болно. Монгол Улсын ураны геологи хайгуулын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, өнөөгийн байдлаар Монгол улсын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 18 аж ахуйн нэгжид, 129 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа аж.

Сүүлийн жилүүдэд ийн анхаарал татсан сэдэв болж байгаа ураны салбарт бидний тухай биднээс илүү мэдэх Оросууд дахин хүч түрэн орж ирэх нь ээ. Энэ нь бодит зүйл, ажил хэрэг болж, Орос, Монголын хамтарсан үйлдвэрүүдийн тоог нэгээр нэмэх нь тодорхой болжээ. Харин тэрхүү “Дорнод уран” гэх хамтарсан үйлдвэрийн хувь эзэмшлийн давуу эрх нь аль талд очихыг ОХУ-д хийж буй Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын хүрээнд шийдвэрлэх л үлджээ.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж