Дэлхийн зах зээл Хятадаас хараат болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн зах зээл Хятадаас хараат болжээ

Дэлхийн зах зээл БНХАУ-ын худалдан авалтаас улам бүр хараат болсоор байна. Бээжингээс ашигт малтмал зарах болсон тохиолдолд хөрөнгийн биржүүд маш их хөдөлгөөн ордог болжээ. Тус улсын зүгээс аравдугаар сарын уул уурхайн салбарын тайланг гаргаж, газрын тос, зэсийн импортын хэмжээ өмнөх сарынхаас их хэмжээгээр буурсныг харуулснаас болж металлын үнэ буурч байсан юм. Аравдугаар сард харьцангуй бага импорт хийсэн нь тус улсын эдийн засаг түр зуур унасантай холбоотой аж. Харин арваннэгдүгээр сарын тайлангаас харахад Хятад дахин их хэмжээний бүтээгдэхүүн худалдан авч эхэлсэн байна.

Баасан гаригт гарсан тайланд гол бүтээгдэхүүнүүд болох зэс, түүхий нефть, төмрийн хүдрийн импорт огцом өссөнийг харуулсан байна. Зэсийн импорт 28,5 хувиар өсч, 351,597 тонн болсон бол нефтийн импорт өдрийн 5,09 сая баррель болж,  өмнөх сарынхаас 31,9 хувиар өссөн байна. Төмрийн хүдрийн хувьд Хятадын компаниуд гадаадаас нийт 57,4 сая тонн бүтээгдэхүүн худалдан авсан нь аравдугаар сарынхаас 25,5 хувийн өсөлтийг харуулжээ. Хөрөнгө оруулагчид үүнийг үнэ өсөх дохио хэмээн хүлээн авав.

Үүнээс болж зэсийн үнэ 9116 ам.доллар, цайр 2289 ам.доллар, никель 23685 ам.доллар хүртэл өссөн байна. Харин алтны үнэ бага зэрэг буурч, унц нь 1386,24 ам.доллар болжээ. Түүнчлэн мөнгөний үнэ 0,18 хувиар хямдарч, 28,61 ам.доллараар арилжаалагдав.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж