Хуучирсан мэдээ: 2010.12.12-нд нийтлэгдсэн

Би итгэхгүй байна

Би итгэхгүй байна, тиймээс би өөрчлөхийг хүсч байна.

    Бурхан энэ хорвоо дээр байгаа бүхий л амьд организмыг төгс бүтээсэн гэдэгт би итгэхгүй байна. Нохой, үхэр байгаагаасаа илүү боловсронгуй, төгс төгөлдөр байх бололцоотой байсан. Өдөрт 20 биш, 100 литр сүү өгдөг үнээ байж болохгүй байсан гэж үү? Хамгийн төгс бус бүтээгдэхүүн ганц хүн ч биш. Олон олон амьтад одоогийн байгаагаасаа илүү төгс төгөлдөр байж болох байсан.

  Хүн хэмээх байгалийн бодьгал боддог, бодсоноо илэрхийлдэг, түүнээ хамгаалдаг, энэ үзэл санаагаа хэрэгжүүлдэг, бусдаас үл хамаарсан байж чадвал л төгсжин хүмүүн болдог юм биш. Адгууснаас ялгаргах хүмүүний мөн чанар нь үзэл бодолтой, түүнийгээ илэрхийлдэгээр биш, хайрлан энэрэх сэтгэл, ёс суртахуун, хүн чанараар голлон илэрхийлэгдэнэ гэж би боддог.

    Чөлөөтэй сэтгэн бодох, түүнээ илээр илэрхийлэх, хэнээс ч үл хамааран үзэл бодлоо хуулийн хүрээнд хэрэгжүүлэх эрхээр хангагдсан иргэдтэй нийгэм л нийтээр аз жаргалд хүрдэг гэдэгт би үнэн голоосоо итгэдэг ч бидний амьдралд энэ нь өнөөдөр биелэлээ олсон гэдэгт би итгэхгүй байгаа юм.

    Надад бүх зүйл нэг л болохгүй байна даа гэсэн бодол угаасаа байсан юм.

    Найман зууны тэртээд хөл залгах унаагаа булаалгаад араас нь мордсон өнчин хүү дэлхийн түүхэнд өнөө ч гараагүй их эзэнт гүрнийг байгуулаад харьсныг мэдснээс хойш, тэр нь бидний өвөг дээдэс гэдгийг дуулсан болохоор, харин ч би өнөөдрийнхөө төр улсад итгэхгүй байгаа юм. Удирдагчид их гүрэн байгуулах нь байтугай, эзэнт гүрнийхээ өчүүхэн хэсэгт үлдэж хоцорсон жижигхэн улсаа дэлхийн хөгжлийн сүүл мушгиулж байгаа болохоор би итгэхгүй байгаа юм.

    Сансрын зуун, дуунаас давсан хурдны эринд дундад зууны түвшин, ердийн хөсөгтэйгээ одоо ч амьдарсаар байгааг удирдагчид маань олж харахгүй байгаа болохоор би итгэхийг больсон юм.

    Азийн эх газрын гүнд, Зөвлөлт-Хятад хэмээх социализмын хоёр аварга цайзын завсарт хаданд хавчуулсан хайлаас шиг орших атлаа өвлийн жавар, дарангуйллын жавар хоёрыг давхар сөрж, ардчиллын хаврыг авчралцсан гавъяатнуудын маань олонх нь өдгөө авлигачид болоод, ардчиллаа гутаан доромжилж байгаа болохоор аугаа их итгэл минь бөхөөд байна.

    Би монгол үндэстнийхээ ирээдүйд үнэнхүү санаа зовж байна.

    Түүхийн эгзэгтэй үе бүрийг үргэлж өөртөө нааштайгаар эргүүлж чадсаар ирсэн үндэстний минь заяа тавилан, аж төрөх урлагийн шинэ шинэ түвшинд дасан зохицдог нүүдэлч үндэстний төрөлх чанар, өнөөгийн түвшинд гундан доройтож, олдож байгаа бололцоо бүрийг амин хувьдаа овжноор ашигладаг овсгоо самбаатай удирдагчидаа мэдрэх бүрийдээ би улс орныхоо ирээдүйд санаа зовж байна.

    Өнөөдөр зөвхөн Улаанбаатарт хорь орчим өдөр тутмын сонин хэвлэгдэж, ФМ радиогийн гучаад станц нэвтрүүлгээ цацаж, телевизийн 15 компанийн 60-70 суваг эфирт гарч, өч төчнөөн сэтгүүл хэвлэгдэн тарж байгаа хэвлэлийн эрх чөлөө үнэн хэрэгтээ иргэдэд биш, бүр сэтгүүлчдэд нь ч биш, зөвхөн эздийнх нь гарт байгааг харах бүр би санаа зовинож байна.

    Үүнийг монгол хүн болгон өөрийн бодолтой, өөрийн үнэлэмжтэй, өөрийн итгэл үнэмшил таашаалтай, өөрийн тэмүүлэлтэй, тэр нь бусдынхаасаа ялгардагийн тод жишээ, ардчилсан нийгмийн үнэт зүйлийн илэрхийлэл хэмээн надад лав харагдахгүй байна. Харин төрийн эрх мэдлийн төлөө эхийгээ ч худалдахаас буцахаа больсон олигархуудын зорилгодоо ашигладаг зэвсэг гэдгийг л би харж байна.

    Олон үзэл бодлыг чөлөөтэй уралдуулж чаддаг, өөрийн гэсэн үзэл санаагаа эрхэмлэдэг, тэр хэрээрээ өрөөл бусдын санаа бодлыг зайлшгүй хэмээн ухаардаг ард түмэн л эрх чөлөөг мэдэрч, дараагийн аугаа их дэвшилд хүрч чаддаг билээ. Гэтэл манай удирдагчид өөрөөс бусдыг үгүйсгэж, өөр үзэлтнүүдийг залхаан цээрлүүлсэн хэвээр байгааг саяхны түүх гэрчилж байгаа болохоор итгэж, найдаж яаж болох билээ.

    Доу Жонс, Индиана Жонс хоёрын ялгааг ч, Жэймс Бонд Засгийн газрын бонд хоёрын зөрөөг ч ухаараагүй нь тодорхой хэрнээ үндэсний ашигт малтмалыг гадныханд найр тавьж байгаа хүмүүсийг хараад шоолох биш, ой гутаж байна. Тэд өөрийнхээ ирээдүй, хувийнхаа хөрөнгөөс илүүтэйгээр эх орныхоо ирээдүйд санаа зовнин нойр нь хүрэхгүй хонож байгаа гэдэгт би итгэхгүй байна.

    Хулгайлсан, авлигаар авсан бүхэн нь илрэх бий гэсэндээ нойр нь хүрэхгүй хонож байгааг мэдэрч байгаа болохоор тийм итгэл надад алга.

    “Хоёр сая долоон зуун мянгахан хүнийг аз жаргалтай амьдруулахад ядах юмгүй” хэмээн төрийг хараан уухилж суугаа тэр хүмүүс чинь, энэ төрийг хувьчлаад авчихсан хоёр зуун далаадхан гэр бүлээс бусад нь байгаад л хамаг учир нь байгаа юм шүү дээ.

    Би Монголын ард түмний ирээдүйд чин үнэнээсээ санаа зовж байна.

    Сайн гэх мэдээ болгоныг би цөхөрсөн харцаар харж байна. Бүтээн байгуулалт нэрээр хийж байгаа бүхний ард, хүн ардынхаа сайн сайхны төлөө биш, авдаг хувиа хүртэх гэсэн шуналын сэтгэл байгааг би мэдэж байгаа болохоор итгэхгүй байна.

    Дэлхийн банкнаас гаргасан албан ёсны баримтанд Монгол улс ядуурлыг сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин буулгасныг тэмдэглэсэн гэж байна. Ядуурал хоёр дахин буурсныг нь Монголчууд өөрсдөө мэдрээгүй байхад Дэлхий яаж мэдээд байгааг би ойлгохгүй байгаа учраас итгэхгүй байгаа юм.

    Улаанбаатар хэмээх 1.200 мянган хүнтэй нийслэл хотод гэр оронгүй золбирсон, архинд орсон 700 гаруй хүн тоологдлоо. Энэ  үзүүлэлт бол дэлхийн иймэрхүү хэмжээний хоттой харьцуулахад маш бага тоо гэнэ. Энэ үзүүлэлтээр баян Америкийн Нью Йорк ч бидэнд атаархаж байгаа гэсэн.

    Гэтэл нөгөө “орчин үеийн” нийслэл хотынх нь нийт талбайн 90 хувийг эсгий гэр бүрхэж байгааг харахгүй байгаа учраас би дарга нартаа итгэхгүй байна. Ердийн орон сууцтай жиших юм даанч үгүй эсгий гэрээ орон сууц гээд тоолчихсон Улаанбаатарт баян Америкийн Нью Иорк атаархаад байгаа гэдэгт би яаж итгэх юм бэ?

    Монгол бол бэлчээрийн малын орон. Энэ өргөн уудам нутаг дээр хэзээ ч хүрч байгаагүй тоо буюу 50 орчим сая толгой малтай болж чадлаа гэжээ.

    Гэхдээ энэ 50 сая гэх тоо үнэн эсэх, үнэн байлаа ч надад ямар хамаатайг би огт ойлгохгүй байгаа юм. Учир нь манайхаас цөөхөн малтай, манайхаас 10 дахин илүү цалинтай нөгөө баян Америкт 2 доллараар үнэлэгддэг махыг Монголдоо хоёр дахин өндөр үнээр авч идэж байгаа болохоор би итгэхгүй байгаа юм шүү дээ.

    Монгол улсын  ДНБ сүүлийн зургаан жилд бараг дөрөв дахин өслөө гэж байна. Гэтэл тэр ДНБ-ийхээ талаас дээш хувийг татвар нэрээр төсөвтөө татаад тансаглачихдаг удирдагчидтай улс болохоор би жирийн иргэний амьдрал дөрөв дахин сайжирсан гэдэгт яаж ч хүсээд итгэж чадахгүй байгаа юм. 

    Хүн өөрийн үзэмжээр хуулийн хүрээнд эрх чөлөөтэй амьдрах тэр сонголтыг монголчууд хорин жилийн өмнө өөрснөө хийсэн. Харамсалтай нь хууль иргэд, эрх мэдэлтнүүдэд тэгш үйлчилж байгаа гэдэгт би бас л итгэхгүй байна. 14 тэрбумыг хуссан намын жаал 7 жил хоригдож байхад, 10 мянган төгрөг авчихсан эх арван хэдэн жил сонссоныг би бусдын л адил харсан болохоор итгэхгүй байгаа юм.

    Би монгол хүний аугаа бололцоо, хэмжээлшгүй чадамжид итгэдэг ч энэ нь Монголдоо хэрэгжинэ гэдэгт би итгэхгүй байна.

    Хил, гаальгүй шахам сайхан болж байгаа гэнэ. Олон хүн эх орноо орхин харьд ажиллах хүчин болж явж байна. Эрийг нь гадаадад цөлчихөөд, эмийг нь хятад, солонгосчуудад өгч байгаагаараа бахархаад байгааг би ойлгохгүй юм байна. Эх орондоо ажил хөдөлмөр эрхлээд, амар жимэр сайхан амьдрах нөхцөл бүрдэхгүй байгаа болохоор би итгэхгүй байгаа юм.

    Цэвэр агаар оруулах гэж нээсэн цонхоор ялаа битгий хэл хүн төрөлхтний хорт хавдар болсон муу  муухай зуршил, хар тамхи, контробанд, хүний наймаа, ДОХ-ын халдвар шургаж байна.

    Энэ бүхэнд бид унтах нойр идэх хоолоо умартан байж уухилан гашуудаад байгаа нь эх орноо орчлонгоос таслан, ганцуурдуулах гэсэн санаа биш, цонхонд бас тор татчихаж болдогийг хожуу боловч ойлгоосой гэсэндээ тэр юм шүү дээ.

    Өнөөдөр монгол хүн бүр жилд 120 кг мах иддэг болоод байгаа гэнэ. Үр дүнд нь бүр манай гурван хүн тутмын нэг нь жингийн хэтрэлттэй болсон гэжээ. Хүнсний хомсдолд орсон, өдөр хоногоо үмх цувдай, атга гурилаар аргацааж байгаа иргэд нь харин хэдэн хувьд хүрээд байгааг олоод харчих нүдгүй удирдагчидаа би мэдэх болохоор итгэхгүй байгаа юм. 

    Дундуур аягатай цайг бараг дүүрэн ч гэсэн болно. Бараг хоосон ч гэсэн бас болно. Бид алинаар нь ч хэлэх эрхтэй. Үнэн, үнэн. Дээрээс харж байгаа заримд нь дүүрэн шахуу харагдаж байж болно. Дэргэдээс нь харж байгаа нэгэнд нь хоосон шахуу санагдаж байж ч мэднэ. 

    Монгол хүн бүр өөрийн гэсэн хэмжүүрээр өөрийгээ, гэр бүлээ, эх орноо, хамт олноо, дэлхий ертөнцөө үнэлж цэгнэн,  муугаас сайн болгох гэж эрвийж дэрвийж яваа ч энэ хүсэл тэмүүллийг нь ядуурал, ажилгүйдэл, утаа униар биш, дарга удирдлага, төр засгийн авлигад ялзарсан, унхиагүй мунхаг байдал бүрмөсөн унтраах вий гэхээс би үнэн голоосоо санаа зовж байгаа юм.

    Ардчилал бол урт хугацааны хөгжил дэвшлийн бүхэл бүтэн үйл явц болохоос биш ганц том алхаад л хүрдэг шат гишгүүр төдий зүйл бишээ. Учир нь ардчилал бол хүрэх зорилт биш, харин амьдрах арга зам, амьдралын хэв маяг юм.

    Харин тэрхүү ардчиллын маань үнэ цэнэтэй бүхнийг эд мөнгөөр арилжин сольж байгааг хараад би итгэл алдарч байгаа юм. Эрх, эрх чөлөө минь эрх мэдэлтэн, хөрөнгө чинээтний өмнө гудайж, хэн ч үл халдаж болох сонголтыг минь улайм цайм луйвардаж, иргэд олныхоо хөлсөө урсгаж бүтээсэн баялагын дийлэнхийг тонон дээрэмддэг төртэй болохоор би итгэхгүй байна.

    Миний өөрийн итгэл найдварыг, миний эх орны итгэл найдварыг, миний улс үндэстний итгэл найдварыг эргүүлэн авчирахыг бурхан адислаг.

    Г.Ганбат. 2010.12.12

Жич: Ардчиллын ойн баярын өдрөөр ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, нийтлэлч Баабарын хэлсэн үгийн дийлэнхийг шууд хуулбарлан ашигласандаа хүлцэл өчиж байна. Би түүнийг хүндэтгэн, үнэлдэг хүмүүсийн нэг бөгөөд гагцхүү дундуур аягатай цайг бараг дүүрэн ч гэсэн болно, бараг хоосон ч гэж хэлж болох эрхээ эдэлсэн төдий билээ. Нийтлэлч Баабарын “Би итгэж байна” үгийг эндээс уншина уу? http://politics.news.mn/content/44242.shtml

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж