Ардчилсан нам амьд уу?
сарын 6. Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 10 жилийн ойн өдөр. 2000
оны УИХ-ын сонгуулиас зургаан сарын дараа буюу энэ өдөр ардчиллын
төлөөх таван нам нэгдэж, тэр үед эрх барьж байсан улс төрийн ууган
намыг анх удаа буланд шахсан билээ. Үүний үр дүнд 2004 оны УИХ-ын
сонгуулиар Ардчилсан нам, МАХН хоёр эн тэнцүү суудал авч, ард түмний энэ
сонголтыг улстөрчид “Хаан сонголт” хэмээн өргөмжилж байв. 1996-2000 онд
анх удаа төрийн эрх барьсан шинэ залуу ардчилагчид энэ дөрвөн жилд
туулсан зовлон, алдсан алдаагаа жинлэж үзээд эвлэлдэж нэгдсэний, арван
жил өөр хоорондоо өрсөлдөж, 70 жил эрх барьсан хуучин коммунист намын
эсрэг ардчиллын төлөөх намууд анх удаа нэг дээвэр дор нэгдсэний анхны үр
дүн энэ байсан билээ. Харамсалтай нь сонгуульд намаа удирдаж орсон
М.Энхсайханыг “Эрэл”-ийн намтай эвсэж, хамаг суудлаа сул тавьж өгөв
хэмээн хөөж явуулснаар “эв хамт ёс” дуусч, тэр нь өөрийн хүмүүсийг аваад
Ардчилсан намыг Засгийн газраас шахсан билээ. Ялалтыг ялалтын чинээ
үнэлж чадаагүйн “лай ланчиг” л энэ биз.
Гэвч ингэлээ гээд
ардчиллын төлөөх намуудын тэр нэгдлийн үнэ цэнэ буурах учиргүй мэт.
Ингэвэл Ардчилсан нам өөрийнхөө оршин байгаа учир холбогдол хийгээд
үнэлэмжийг бууруулсан хэрэг болно. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар
сарын 6-ны өдөр тус намын гишүүдийн хувьд, тэр тусмаа Ардчилсан
намтай элэг нэгдсэн улс төрийн бусад намуудын хувьд зүй ёсоор
хүндэтгэлтэй өдөр. Зөвхөн Ардчилсан намын гишүүдийн хувьд ч бус, нийт
монгол туургатны хувьд хүндэтгэлтэй хандах ёстой бас нэг шалтгаан нь
өдгөө хүртэл Монгол Улсыг дэлхийн чихнээ дуурсгасан эзэн Чингис төв
Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Хамаг Монгол улсыг байгуулан хаан
ширээнд заларсан 1206 оныг бэлгэдсэн өдөр. Тиймээс ч арван жилийн өмнө
ардчиллын төлөөх намууд анх нэгдэхдээ энэ өдрийг сонгож, иргэд нь эрх
чөлөөтэй, чинээлэг Монгол Улсыг байгуулахын төлөө андгай тавьцгаан
Ардчилсан намын анхдугаар их хурлыг хийсэн билээ.
Харамсалтай
нь саяхан болж өнгөрсөн ҮЗХ-ны хурлын “паник”-аас гарч амжаагүй
Ардчилсан намын одоогийн удирдлагууд энэ өдрийн учир холбогдлыг
төдийлөн ойшоосонгүй. Тиймээс ардчиллын төлөөх таван намыг нэгтгэх
ажлыг тэр үед санаачлан хийсэн МҮАН-ын дарга асан Р.Амаржаргал,
МСДН-ын дарга асан Р.Гончигдорж болон бусад намуудын дарга нар,
Ардчилсан намын анхны дарга асан “ноён” Д.Дорлигжав нарт энэ дашрамд
тэдний өмнөөс эчнээ талархал илэрхийлье. Үе үеийн намын дарга нарын
унагаж, босгож явсан намын туг билэгдлийг ч мөн тэр их хурлаар баталсан
билээ. Үүгээр оршил хэсгээ дуусгаад “Ардчилсан нам амьд уу” гэсэн
ээлжит асуултынхаа хариултыг хайя.
Өнгөрөгч сарын дундуур
Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хуралдаан болсон. Бараг сарын
өмнөөс бэлтгэлээ хийж, МАХН-ын Их, Бага хурлуудаас болж бас хэд хоног
хойшилсон ҮЗХ-ны энэ удаагийн хурал Ардчилсан намын дотоодод нэлээд
өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт намын гишүүдийн дотор ч, нийгмийн
олонхид ч байсан юм. Хүссэн хүсээгүй нийгмийн масс сонгууль болгоноор
улс төрийн хоёр том хүчин дээр төвлөрч сонголтоо хийдэг учраас энэ
хоёр намын алхах гишгэх, алдах онох бүрийг анхааралтай ажиглаж байдаг нь
жам хойно. Ялангуяа 2008 оны сонгуулийн дараа, хамтарсан Засгийн газарт
орсны дараа энэ нам дотор бий болсон унтаа сэрүүн нь үл мэдэгдэх
амарлингуй дүр төрх, нийгмийн шинэчлэлд цаг үргэлж тээг болсоор ирсэн
МАХН-ын хуучинсаг бодлогод хэт автсан улс төрийн алмай байдлаасаа гарах
болов уу хэмээн харж, найдаж байсан нь мэдээж. Тиймээс ч ҮЗХ-ны энэ
хурлын өмнө намын удирдлага хийгээд тэдний үйл ажиллагаа, хамтарсан
Засгийн газарт жин дарж чадахгүй байгаа улс төрийн хоёрдмол байр
суурийг шүүмжилсэн шүүмжлэл газар авч, намын удирдлагад сэлгээ хийх цаг
болсон лидерүүд өөр өөрсдийн байр суурийг илэн далангүй уудалж байлаа.
Үүний дотор Ардчилсан нам Засгийн газраас гарч, сонгуулиар
хүлээлгэсэн сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх ёстой гэсэн нэг хэсэг,
хамтарсан Засгийн газар хариуцлагаа ухамсарлаж, хоёр намын байгуулсан
гэрээг хэрэгжүүлэх ёстой гэсэн бас нэг хэсэг үйл явдлыг өр нөлийг
хүлээж, өөр өөрсдийн байр суурийг хамгаалж байсан. Харамсалтай нь
өнөөдөр эргээд харахад Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаас аль аль нь ажил
болсонгүй. Хоёр долоо хоногийн өмнө болсон МАХН-ын Их, Бага хурлын
явсан драмаар бүх асуудал шийдэгдэж, намын удирдлагаас гаргасан
шийдвэрийг ҮЗХ-ны бүх гишүүд батламжилснаар л хурал өндөрлөсөн гэж
болно. Харин хурлын дараа “ялсан” дарга нар, “ялагдсан” өрсөлдөгчдөө
хэвлэлээр жаахан загнах шив дээ. Лу.Гантөмөрийн “залуучуудаа
унтуулсан” гэж, С.Эрдэнийг “Н.Энхбаяртай хуйвалдсан” гэж,
З.Энхболдыг бас юу ч гэсэн юм дээ. Одоо лав түүний өөдөөс үг хэлэх
хүнгүй болсон байна. Үүгээрээ Ардчилсан намын дарга өөрийгөө хүчтэй
харагдуулж байж болох ч, намаа бол насгүй болгож байна.
Ардчилсан
намын дарга албан тушаалаа өгөөд, намаа хамтарсан засгаас гаргах нь
жирийн иргэдийн хувьд бол тийм их сонирхолтой биш л дээ. Ардчилсан нам
Засгийн газраас гарснаар ирэх сонгуульд нэр бүтэн орно, эдийн засгийг
унагаж, иргэдийн эрх чөлөөг боомилсон МАХН-ын бодлогын золиос болохгүй
гэж харж байгаа тодорхой улс төрчдийн хувьд бол сонирхууштай үйл явдал.
Гэвч нийгмийн олонхийн хувьд бол улс орны хөгжлийн зөв бодлого гаргаад,
дэлхийн хөгжил рүү хөтлөх улс төрийн гол хүчин нь Ардчилсан нам өөрөө
байгаасай, төрийн эрх мэдлийг улам бүр томруулж, татвар төлөгчдийн
мөнгийг үр ашиггүй зарж байгаа хэт зүүний бодлоготонгуудад байраа бүү
тавьж өгөөсэй гэдэг хүсэл. Бас дээр нь эрх барьж байгаа энэ хоёр улс
төрийн хүчнээс үзэл бодлын ялгарал, эрүүл саруул өрсөлдөөнийг олж харах
гэсэн эрэл хайгуул.
Харамсалтай нь энэ бүхэнд Ардчилсан намын
удирдлагууд энэ удаад хариулт өгч чадсангүй. Ардчилсан намын ҮЗХ-ны
хурал Н.Алтанхуягийг албан тушаалд нь авч үлдэх л ганц зорилготой байсан
мэтээр харагдаж байна. ҮЗХ-ны хурлын 160 гишүүн бүгдээрээ ийм шийдвэр
гаргасан гэхэд ч гайхаж, эргэлзэхэд хүрээд байна. Учир нь, сонгууль
гэдэг дөрвөн жилийн хугацаатай. Энэ хугацааны тэн хагасаас илүү нь
өнгөрсөн цаг дээр яригдаж байхад Ардчилсан намд ч гэсэн гишүүддээ тавих
тайлан, өмнөө тавих зорилт байх учиртай. Оюутолгойн гэрээг хийсэн, Төмөр
замын бодлогыг баталсан гэж үзэж байгаа бол үлдсэн хугацаанд ямар ажлыг
хийж чадах юм бэ гэдэг амлалт. Хэрвээ тийм зүйл байхгүй бол Ардчилсан
нам Засгийн газарт байх нь угаасаа шаардлагагүй билээ.
Тиймээс
энэ намд яах аргагүй цус сэлбэлт дутагдаж байгаа юм байна гэдэг нь энэ
удаагийн ҮЗХ-ны хурлаас бүр ч ил тодорхой харагдав. Нэрээ сольсон,
амлалтаасаа бултсан гээд адгийн муугаар хэлүүлж байгаа МАН хүртэл сая
болж өнгөрсөн Их хурлаараа нүүр царайгаа дахиад нэг шингэлчихлээ.
“Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо” гэх солгой нэртэй
байгууллагаар дамжсан улстөрчдийн бас нэг шинэ үе МАХН-д түрээд ороод
ирлээ. Энэ намд ядахдаа лифтээр зөөсөн ч бай, кранаар татсан ч бай
өөрсдийн хойч үеэ гаргаж ирээд, зайгаа тавиад өгөх улс төрийн соёл
байна. Харин Ардчилсан нам өнөөдрийг хүртэл Х.Тэмүүжингээ, УИХ-д хоёр
дахиа сонгогдсон Лу.Гантөмөрийгөө, тэдний ард оочерлож байгаа эрүүл
саруул амбицтай олон залуусыг цаг ямагт арын эгнээ рүү шахсаар, 10-20
жил Ардчилсан намын нүүрэн талд яваад аяншиж гундчихсан, өөрт байдаг
потенциалаа бүрмөсөн шавхаад нийгэмд эл дол болчихсон нөгөө л хэдэн
лидерүүдтэйгээ тэврэлдсээр Ардчилсан намыг насгүй болгож байна.
Хэрвээ
Н.Алтанхуяг дарга намаа, бас засгаа бодсон бол Ардчилсан намын даргын
суудлыг илүү эрч хүчтэй, ирээдүйтэй, илүү “контраст” сайтай өөр нэгэнд
даатгаж өгөөд, “ялтай” ч гэсэн засгийнхаа ажлыг өөрөө хийж болох
байлаа. Тэгсэн бол Ардчилсан нам илүү амьд хөдөлгөөнд орж, Засгийн
газрыг ч шахахаа шахаж, Н.Алтанхуяг дарга ч ажлаа сайн хийх байсан биз.
2010 оны 12 сарын 7
Б.СЭМҮҮН