Сэнгүр лигт шинэ баг мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Сэнгүр лигт шинэ баг мэндэллээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лиг буюу Сэнгүр лигийн 2011 оны аварга шалгаруулах тэмцээн он гараад эхлэх гэж байна. Энэ удаагийн лигийн тэмцээний өмнө сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй нэгэн үйл явдал болсон нь тус лигт шинээр мэндэлсэн “Аватар” гэх баг юм. “Mill House” компанийн ивээн тэтгэх тус багийн бүрэлдэхүүнд Сэнгүр лигийн “Хасын хүлгүүд”, “Баянзүрх Буллз”, “Халлелуяа” зэрэг багуудаас тоглогчид авч, нэгтгэснээс гадна NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигт тоглож байсан хоёр тоглогч тус багийн бүрэлдэхүүнд багтаж, Сэнгүр лигт өрсөлдөх юм. Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулах энэ алхам Монголын тамирчид туршлага судлах, ур чадварын хувьд өсч дэвжихээс гадна сагсан бөмбөгийн спорт сонирхогч хүүхэд, багачуудын сонирхол, хүсэл эрмэлзлийг төрүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм.

Гэрээний дагуу нэг жилийн хугацаанд “Аватар” багт тоглохоор өчигдөр Монгол улсад ирсэн Кларенс Жеффри довтлогчоор, харин Кемарли Уильямс хамгаалагчийн байрлалд тоглох ажээ. Тэд мөн дасгалжуулагч ноён Ларригийн хамт ирсэн бөгөөд Пуэрто-Рико улсын иргэн тэрбээр өмнө нь Киргизстан, БНХАУ болон төрөлх нутагтаа дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Харин Монголын сагсан бөмбөгчдөөс “Аватар” багт Ш.Сэдбазар, С.Пүрэвцэрэн, Л.Эрдэнэбилэг, Б.Баатар, О.Сэргэлэн, Б.Очир, Ц.Чинзоригт, Б.Очир-Эрдэнэ, С.Өрнүүнбилэг, Ц.Мэргэн нар багтжээ. С.Өрнүүнбилэгийн тухайд Өмнөд Солонгосын оюутны лигт, харин Ц.Мэргэн Тайванийн оюутны лигт тоглож байсан туршлагатай тамирчид юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж