Кэндогийн УАШТ маргааш болно

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Кэндогийн УАШТ маргааш болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг кэндогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Маргааш 12 цагаас “Шинэ Монгол” дээд сургуулийн байранд эхлэх тэмцээнийг Монголын кэндогийн холбоо болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  хамтран зохион байгуулах юм. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр явуулах ба эрэгтэйчүүд  20-с доош насны,  20-с дээш насныхан буюу насанд хүрэгчид гэсэн хоёр насны ангилалд өрсөлдөх ажээ. Харин эмэгтэйчүүд нас харгалзахгүй. Тус тэмцээнд  ШШГЕГ-ын  “Барс” клубын долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй, нийт 11 тамирчин оролцоно. Мөн “Улаанбаатар” кэндогийн клубын тамирчид, “Шинэ монгол” клубын 50 орчим тамирчин тус тус оролцох юм байна. 

Сонирхуулахад, кэндо нь Кэн буюу сэлэм, До буюу зам, хөгжил гэсэн утга бүхий сэлмийн тулааны урлаг юм. Японы үндэсний тулааны урлаг болох кэндо нь каратэ, жүдо, айкидогийн нэгэн адил тулааны урлаг бөгөөд сэлмээр тулалддагаараа онцлогтой. Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлаг бөгөөд харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан хөгжүүлэхэд ач холбогдолтой тулааны урлаг юм.Кэндо нь тулааны урлаг, самурайн замнал бөгөөд сэлэм ашиглан дайснаа хороох арга ухаанаас үүдэлтэй боловч түүхийн урт хугацааны явцад хөнөөл аюулгүй хулсан сэлмээр солигдон, хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг агуулсан амар амгалан нийгмийн цогц урлаг болон хөгжиж иржээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж