Жорж Карл 1000 дахь ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Жорж Карл 1000 дахь ялалтаа авлаа

“Денвер Наггетс” баг орон нутгийн цагаар баасан гаригийн үдэш “Торонто Рэпторс”-ыг 123:116 харьцаатай буулган авснаар Жорж Карл дасгалжуулагчийн хувиар 1000 дахь ялалтаа авлаа. Тус тоглолтод Аль Харрингтон 31 оноо авч, улирлын дээд амжилтаа үзүүлсэн бол Нене 26 оноо авч, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ.

NBA-ын түүхэнд 1000 ялалтын босго давсан долоо дахь дасгалжуулагч болсон Карл 2008 оны арванхоёрдугаар сарын 31-нд мөн л “Рэпторс”-ыг ялж, 900 дэх ялалтаа авч байлаа.

Түүхэн амжилтын эзэн болгосон тоглолтын сүүлийн хэдэн секундэд Карл ойролцоо суусан фенүүдтэйгээ гар барин мэндчилж, тоглолтын эцсийн шүгэл дуугарсны дараа Денверийн тоглогчид болон туслах дасгалжуулагчид түүнд баяр хүргэсэн байна. Талбай дээр радио, телевизийнхэнд ярилцлага өгч дуусаад Карл хувцас солих өрөөнд багийнхантайгаа баярын торгон агшинг тэмдэглэн өнгөрүүлжээ.

Багийн шилдгүүдийн нэг Чаунси Биллапс дасгалжуулагчийнхаа талаар “Миний хувьд Карл удирдлаганд нь тоглож байсан хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэг. Зөв арга барилаар тоглож, үргэлж ялж байдаг тэрбээр гайхалтай. Мэдээж 1000 ялалт  гэдэг түүний юу хийж, бүтээснийг харуулж байна” хэмээн ярьжээ.

Карл 2005 онд түрүү булчирхайн хавдар тусч, эдгэсэн бөгөөд энэ жилийн эхээр мөн хүзүү, хоолойн хавдрын улмаас эмчилгээ хийлгэж, улмаар өнгөрсөн улирлын төгсгөлд багтайгаа хамт байж чадаагүй билээ.

Энэ тухайд Биллапс “Үнэхээр итгэмээргүй. Тэр NBA-д 1000 ялалт авч, хоёр удаа хорт хавдрыг ялан дийлсэн. Энэ түүний хамгийн том ялалт” гэжээ.

Тоглолтын туршид Биллапс 21 оноо авсан бол гэмтэлтэй байгаа Кармело Антониг орлон талбайд гарсан Гари Форбес 15 оноо багтаа авчирчээ. Мөн. Смит 11 оноо авч, дараалан хоёр тоглолтод ялагдаад байсан “Наггест” хар цувралаа зогсоосон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж