Токиогийн “Их дуулга” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.11-нд нийтлэгдсэн

Токиогийн “Их дуулга” эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их дуулга” ангилалд багтах 154 мянган ам.долларын шагналын сантай олон улсын тэмцээн өнөөдөр Японы нийслэл Токио хотноо эхэлж байна. Тэмцээнд дэлхийн 53 орны 363 жүдоч өрсөлдөх бөгөөд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй хоёр тамирчин Токиогийн татамид зодоглоно. Энэ сарын 13-ныг дуустал үргэлжлэх “Их дуулга”-ын эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 ба 52 кг-ын жинд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорно. Дашрамд сонирхуулахад, аваргын алтан медалийг 5000 ам.доллар, мөнгөн медалийг 3000, харин хүрэл медалийг 1500 ам.доллар дагалдах юм.

Тэмцээн өнөөдөр өглөө 09.30 цагаас эхэлсэн бөгөөд Монголын баг тамирчдаас 60 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар, харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар барилдаж байна.

Залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа Польшийн Укаш Кьебасискитэй хийж, вазари үнэлгээгээр ялагдсан бол түүнтэй хамт 60 кг-д зодоглож буй Г.Болдбаатар эхний тойрогт Францын жүдоч Иссам Нуртай барилдаж, вазари үнэлгээгээр ялжээ. Харин дараагийн барилдаанаа Японы бөх Хирофүми Ямамототой хийх юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын тухайд эхний тойргийн барилдаанд Финляндын Антти Ринтамакиг цэвэр ялсан бөгөөд дараагийн торогт Японы бөх Масаши Кодератай барилдана. Харин С.Мияарагчаа эхний барилдаандаа Бельгийн Жаспер Лефеверег юүкогоор ялсан байна. Тэрбээр дараагийн барилдаанд Узбекистан, Японы бөхчүүдийн ялсантай нь барилдана.

Эмэгтэй жүдочдын тухайд 48 кг-д М.Уранцэцэг эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд Японы жүдоч Харуна Асамитай барилдах бол 52 кг-д М.Бундмаа мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Финляндын жүдочтой барилдахаар болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж