Малчдаас санал авна гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Малчдаас санал авна гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос дөнгөж сая УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайланг тавилаа. Тус байнгын хороо нь 15 удаа хуралдаж, давхардсан тоогоор 42 асуудал хэлэлцсэн байна. УИХ-ын намрын чуулганаар батлуулсан томоохон хуулиудад Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, Ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Байгалийн ургамлын тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиудыг нэрлэж байна. Харин батлуулж чадаагүй хуульд Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулах тухай, Бэлчээрийн тухай хуулийн төслүүд багтжээ. Эдгээр хуулийн төслүүдийг чамбай болгох зорилгоор намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллах үеэр малчдаас санал авах гэнэ. Учир нь Бэлчээрийн тухай хуулийн төсөл нь УИХ-д таван удаа орж ирж байсан ч тэр бүрийд буцаж байсан удаатай аж. Мал сүргийн тоогоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд бичигдэж болохуйц хэрнээ газар нутгийн 80 гаруй хувь нь доройтсон, тэр дунаа бэлчээрийн 90 гаруй хувь нь доройтолд орсноос мал аж ахуйг хөгжүүлэхэд бэрхшээлтэй болж, тэр хэрээр бэлчээрийг малчдад эзэмшүүлэх асууал хурцаар тавигдах болсон тул амьдралд хэрэгжих, урт удаан настай хууль батлахад малчдын санал чухал гэж үзсэнийх аж.

Мэдээллийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Н.Ганбямба нар хийлгэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж