Нийслэлийн төсвийн дийлэнх нь авто замын салбарт зарцуулагдсан байна. Тухайлбал энэ онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 6.5 тэрбум, Улсын төсвийн хөрөнгөөр 11.3 тэрбум, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн, дараа төлөгдөх нөхцөлтэйгээр 59.5 тэрбум төгрөгийг Нийслэлийн авто замын шинэчлэлд зарцуулсан байна. Түүнчлэн нийслэлийн автозамын салбарт 77.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсанаас 59.5 тэрбум төгрөгийн 60.2 км авто замыг дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хийжээ. Мөн нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах ажлын хүрээнд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх 3.4 км авто замын шинэчлэлт, Гурвалжингийн гүүрийн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн байна. Харин өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр Самбуугийн гудамжны 1.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 1.6 км авто зам, Их тойруугийн 2.2 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх 0.9 км авто замын шинэчлэлт, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас Сэлбэ голын гүүрний уулзвар хүртэлх 840 метр авто зам шинээр барьж ашиглалтад оруулжээ.
С.Отгон