Шинэ зүтгүүр хүлээж авах үеэр УБТЗ-ын дарга Т.Очирхүүтэй төмөр замын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-ОХУ, Монголын Засгийн газар хоорондын шийдвэрээр УБТЗ-ын дүрмийн санг 250 сая ам.доллараар өсгөхөөр болсон. ОХУ-аас нийлүүлэх 125 сая ам.долларт бүгдэд нь зүтгүүр авахаар болсон юм уу?
-УБТЗ-д сүүлийн 15 жилд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгээгүй. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д өнгөрсөн оны сүүлчээр айлчлах үед тус улсын Ерөнхий сайд 125 сая ам.долларыг УБТЗ-д өгөх тухай мэдэгдсэн. Улмаар Оросын холбогдох байгууллагын удирдлагууд ярилцаж байгаад бидэнд хамгийн их хэрэгцээтэй байгаа зүтгүүрийг нийлүүлэхээр болжээ. Урьдчилсан байдлаар, гол замын 30, сэлгээний долоон зүтгүүр манайд нийлүүлэх юм. Манайх өмнө нь ОХУ-аас 30 зүтгүүр түрээсэлдэг байсан. Эдгээр зүтгүүр хуучирсан учраас хүчин чадал муутай, засвар их шаарддаг. Тиймээс бид хамгийн чухал салбараа шинэчлэхээр шийдсэн. Шинэ зүтгүүрүүдийн хүчин чадал хуучнаасаа гурав дахин их. Ер нь ОХУ-ын Засгийн газраас өгөх мөнгөөр тус улсад үйлдвэрлэсэн зүтгүүр авна гэсэн төлөвлөгөө тус нийгэмлэгийн өмнөх удирдлагуудад байсан. Ер нь аль ч улс мөнгө өгөхдөө өөрийнхөө улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авахыг санал болгодог. Энэ жишгээр л шийдсэн хэрэг.
-Зүтгүүрүүд ямар үнэтэй вэ?
-Нэг зүтгүүр гурван сая 800 ам.долларын үнэтэй. Оросын тал зүтгүүрүүдийнхээ үнийг нэлээд буулгасан юм билээ.
-Монголын тал танай байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлэхээр амласан мөнгөө хэзээ өгөх вэ?
-Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсаас УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх 125 сая ам.долларыг энэ оны эхний хагас жилд өгнө гэсэн шийдвэр гаргасан. Улмаар энэ ажлыг УИХ-д танилцуулж тодорхой шийдэл гаргах үүргийг Сангийн сайдад өгсөн байна лээ. Ямар ч байсан энэ жилд багтаж өгөх байх.
-Монголын талаас өгөх мөнгийг юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-Бид 125 сая ам.долларыг хэрхэн ашиглах саналаа Төмөр замын агентлагт хүргүүлж байгаа. Төмөр замын агентлаг бидний саналыг боловсруулж Сангийн сайдад өгөх ёстой. Харин Сангийн сайд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдтай хамтран уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна. Засгийн газар шийдвэрээ ирэх дөрөвдүгээр сард гаргачих байх. Засгийн газрын мөнгө учраас УБТЗ-ынхан зөвхөн саналаа өгөх л эрхтэй.
-Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оноос өснө гэж таамаглаж байгаа. Эдийн засаг өсөхийн хэрээр төмөр замын ачаалал нэмэгдэнэ. Төмөр замаас шалтгаалж, Замын-Үүдэд дөрвөн жилийн өмнө гарсан шиг бөглөрөл үүсэхгүй гэх баталгаа бий юү?
-Эдийн засгийн өсөлтийг дагасан уул уурхайн салбарын өсөлт өндөр байгаа. Үүнтэй холбоотой төмөр замын ачаалал өсч байгаа нь үнэн. Төмрийн хүдрийн тээвэрлэлтийн захиалга гэхэд л гурав дахин өсчихсөн байна. Мөн их бүтээн байгуулалт эхэлж байгаа учраас барилгын материалын импорт ихэсч байна. Төмөр замын ачааллыг хүндрэлгүй давахын тулд төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн. Техникийн шинэчлэл ачаалал давахад их дөхөм болно. Манай байгууллага 2011 оныг “Чанд үр ашгийн жил” болгож зарлалаа. Хэмнэлттэй, үр ашигтай ажиллаж орлогоо нэмж чадвал 40 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ гэсэн төлөвлөгөө бий.
-Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ баталсан. Шинэ төмөр замд ажиллах боловсон хүчнийг дотоодоос хангах боломжтой юу?
-УБТЗ-ын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суурилж төмөр замд ажиллах боловсон хүчнээ бэлтгэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөө өргөжүүлэхэд хөрөнгө оруулагчдыг татахаар ярилцаж байна. Манай сургуулийг жил бүр 400 гаруй иргэн төгсдөг. Тэдний 90 гаруй хувь нь ажлын байртай болдог. Төмөр замын салбарын цалин өндөр учраас залуучууд нэлээд сонирхдог. Тиймээс боловсон хүчнээ дотоодод бэлтгэх бүрэн боломжтой.
-Хөгжлийн банкаар дамжуулж эхний ээлжинд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого төслийг санхүүжүүлэхээр болсон. Уг төслийн хүрээнд УБТЗ-д ямар шинэчлэл хийх вэ?
-Манай улсын төмөр зам өгсүүр учраас их хэмжээний ачаа тээвэрлэхэд эрсдэлтэй. Тиймээс Улаанбаатар хотын дундуур тавьсан төмөр замаар явахаа болиод Богд уулын урдуур 170 км төмөр зам барихаар төлөвлөж байгаа. Хөгжлийн банкнаас зээл авах хувилбараар энэ замыг барьж магадгүй. Үүнээс гадна 500 гаруй км замд шинэчлэл хийх шаардлагатай. Үүнд ч Хөгжлийн банкнаас зээл авах байх.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин