Тайван бүсээс мах экспортлох боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Тайван бүсээс мах экспортлох боломжтой

Өнгөрсөн дөрвөн сараас хойш малын гоц халдварт шүлхий өвчин гарч, манай улсын зүүн бүсэд онцгой байдал тогтооход хүрсэн. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Төв аймгийн 22 суманд илэрсэн шүлхий өвчнөөр нийт 25929 толгой мал өвчилж, өвчилсөн малыг бүрэн устгажээ. Мөн Дорнод, Сүхбаатар аймагт 1616 зээр шүлхийгээр өвчилснийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Ийнхүү их хэмжээний хохирол учруулсан шүлхий өвчний байдалд дүн шинжилгээ хийхээр НҮБ-ын экспертүүд манай улсад ирж ажиллан дүгнэлт гаргажээ. Шадар сайдын урилгаар ирсэн экспертийн багийг НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх Хямралын менежментийн төвийн болон Австралийн шүлхийн мэргэжилтэн зэрэг хүмүүс оролцсон байна. Экспертийн багийнхан өнөөдөр АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Япон зэрэг орны Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд шүлхийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Багийн ахлагч Lan Douglus танилцуулгадаа “Монгол Улсад сүүлийн 10 жилд гарсан шүлхий өвчний байдлаас ажиглахад үе үехэн голомтлон гарч байна. Үргэлжлэх хугацаа нь богино боловч хамрах хүрээ нь өргөн, олон тооны мал устгахад хүрчээ. Гэхдээ Монгол Улсын баруун бүс харьцангуй тайван бүс гэдэг нь тогтоогдлоо.Тиймээс баруун бүсээс болон зүүн бүсийн вакцинд хамрагдсан газруудаас мал экспортлох бүрэн боломжтой”  гэсэн дүгнэлтийг хэлж байлаа. Хойшид Дэлхийн мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллах, махны экспортод уян хатан хандах хүсэлтийг Монголл Улсын Засгийн газрын зүгээс гаргаж болох юм гэдгийг ч тэрбээр нэмж дуулгасан.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж