
Яг л бат бөх гэр бүлийн харилцаа хийгээд хайр дурлалынхаа төлөө хэрэгтэй үед нь хэрэгтэй алхам хийх ёстой шиг. Буулт хийх шалтгаан нь ч агаар нэг. Үүний төлөө л JP Morgan, Gredit Suisse, Goldman Sachs, Morgan Stanley, Deutshe bank, Barclays Capital, CITI, UBS, Standrat Chartered bank, Bank of China, Jefferies and company, ING, Bank of America Merrill lynch, HSBC, Macquarie, BHP Paribas гэсэн акулууд “Эрдэнэс Тавантолгой” хэмээх төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй хэлэлцээрийн ширээний ард сууж буй.
Тэгвэл энэ сарын 11-ний өдөр “AFP” агентлагт дараах мэдээллийг гаргасан байна. Уг мэдээлэлд Монголын Засгийн газар “Citigroup”, “JPMorgan”, “Morgan Stanley”, “Merrill Lynch”, “BNP Paribas”, “ING” зэрэг банкинд найдвар тавьж байгаа хэмээн онцолжээ. Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр бол Засгийн газар энэ удаагийн тендерт олон тоглогчийг нээлттэйгээр оролцуулах сонирхолтой байгаа бөгөөд дээрх нэр бүхий өрсөлдөгчдөөс ялагчийг нь дараах гурван хувилбараар дэвшүүлсэн байна. Энэ дунд “Morgan Stanley”-д гол ялагчаар тодрох найдвар хамгийн өндөр байгаа гэдгийг дурьдсан байлаа.
Харин хоёр дахь хувилбар нь “JPMоrgan” болон “Deutsche Bank”. Эдгээр банкийг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дэлхийн Хөрөнгийн биржид гаргах том үүргийг гүйцэтгэх эрхийг авах боломжтой гэдэг хувилбар ч хаалганы цаана яригдаж байгаа талаар онцолсон. Зөвхөн “JPMorran”-ийн тухайд гэхэд л “Монголиа майнинг групп”-ийн гол хувьцааг Хонконгийн Хөрөнгийн биржээс 650 сая ам.доллараар худалдаж авсан нь Засгийн газартай түншлэхэд чамгүй дөхөм үзүүлэх хүчин зүйл болно гэдгийг ч дээрх агентлаг мэдээлэлдээ тайлбарласан байв.
Тэдний дараагийн нэг сонирхолтой ялагчийг урьдчилж тодруулсан нь “Goldman Sachs” болон “UBS” гэх санхүүгийн аваргууд байлаа. Энэ хоёр банкийг онцлох болсон шалтгааныг Монголын төрийн томчуудтай тун сайн харилцаатай гэдгээр тайлбарласан байв.
Хэдийгээр дэлхийн мэдээллийн агентлагууд энэ мэтээр өөр, өөрсдийн таамаглал дэвшүүлж буй бол Монголын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад барьж байгаа ерөнхий болзол нь дараах үндэслэлээр тайлбарлагдаж буй. Ерөнхийдөө Монгол дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орчихсон учраас манай тал тодорхой түвшинд “их зан”-тай байх хэрэгтэй гэсэн сонирхол цухалзаж буй нь нууц биш.
Н.Алтанхуяг сайдын хувьд Тавантолгойн баруун Цанхийн хэсэгт хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Энэ удаагийн шалгаруулалтын финалын “цом”-ыг гардах компанийнх нь ойролцоогоор 15 тэрбум ширхэг хувьцааны хувь заяаг шийднэ гэсэн үг. Тэдгээрийн арван хувийг монголчуудад дотоодын Хөрөнгийн биржээр дамжуулж тараах бол дараагийн арван хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд хуваарилна. Ингэснээр 30 хувийг нь дээрх банкуудын аль нэг нь гадаад, дотоодын Хөрөнгийн бирж дээр дэлхийн хөрөнгийн зах зээлийн зарчмаар борлуулах эрхтэй болох юм. Үүн дээр нь үндэсний аж ахуйн нэгжүүд Засгийн газрын мэдлийн хувьцааг гаргасны дараа өөрсдөө хүсвэл хувьцаагаа борлуулах боломжтой болно. Ерөнхийдөө аль ч банк нь шалгарлаа гэсэн баруун Цанхийн хөрөнгө оруулалт хийгээд хувьцааны борлуулалтыг хариуцаж, урьдчилгаа олгох үүрэг хүлээнэ. Үүний төлөө Засгийн газрын төлөөлөгчид ойрын өдрүүдэд хэлэлцээрийн ширээний наана цаанаас хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд амлаж буй таатай сайхан боломжийг нь сонсч байгаа. Хөрөнгийн зах зээл рүү хөтлөхдөө хөрөнгө оруулагчдын хатуу шаардаж буй болзол нь хууль эрх зүйн орчны хатуу чиг шугам гэх яриа мэр сэр дуулдсан. Хувьцааг нь хөрөнгийн зах зээлд гаргах чухал үүргийг гүйцэтгэх зуучлагчдын хувьд эргээд УИХ хийгээд Засгийн газрын эргэлзээнээс үүдсэн бэрхшээлд орохгүй гэдгээ мэдэгдэж буй нь энэ аж.
Ямартай ч дэлхийн хэвлэлүүд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг өөр өөрсдийнхөөрөө тодруулахтай зэрэгцээд хөрөнгө оруулагчид зарим талаараа Монголоос өөр дурлах “бүсгүй”-гүй болсон нь нууц биш юм. Харин эцсийн шийд чухам хэнийг нь хөрөнгийн зах зээлийн итгэлтэй түнш, ирээдүйн хамгийн чухал хань хамсаатнаараа тодруулах нь ирэх өдрүүдэд тодрох биз ээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин