Африкийн орнуудын дунд өрнөсөн эцэс төгсгөлгүй маргаан 100 орчим жил үргэлжилж, сүүлийн арван жилийн хугацаанд дээд цэгтээ тултал ширүүсчээ. Ялангуяа Африкийн орнууд Европын колоничлолоос ангижирч эхэлсэн XIX зуунаас хойш улс доторхи дайн газар авчээ. Европын эзлэн түрэмгийлэгчид, Америкийн ашиг хонжоо хайгчид тус тивийн газар шороог сэндийчиж, аль өнгөтэй өөдтэй бүхнийг нь хаман одсон. Үүнээс болж хүн төрөлхтөний дотроос хамгийн ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн, дарлуулж зовсон бүхэн Африк тивийн өнгө төрх болжээ. Улстөрчид, ард түмний үзэл бодлын зөрчилдөөнөөс үүдэлтэй улс төр, эрх мэдлийн төлөөх дайн ч тус тивийн нэрийн хуудас гэж болно. Шашин хоорондын асуудал ч улс орныг хагалан бутаргаж байгааг ажиглагчид онцлов. Африк тивийн хамгийн том орон болох Судан улсыг лалын болон загалмайтны шашинтнууд умард, өмнөд хэсэгт хуваасан нь хамгийн том жишээ юм. Талуудын зөрчилдөөн 1990-ээд оноос эхлэлтэй бөгөөд тухайн үед иргэний дайн дэгдэж байжээ. Харин шашны эрх мэдэлтнүүдийн мөргөлдөөний хамгийн том золиос нь ард түмэн болж байна. Умард ба өмнөд Судан өөрсдийн хилийн зурвасыг тогтоосон бөгөөд Дарфур хэмээх тайван бүсийг бий болгосон юм. Өнөөгийн байдлаар Дарфурт долоон сая орчим хүн амьдардгаас гуравны нэгийг нь иргэний дайны хөлд нэрвэгдэн дүрвэсэн хүмүүс эзэлдэг аж. Суданы засаг захиргаа умард хэсэгтээ оршдог болов ч эрх мэдэл төдийлөн эдэлдэггүй аж. Хоёр Суданыг нэгтгэх эсэх талаар бүх нийтийн санал хураалт явуулах тухай өнгөрсөн сард хоёр талын бүх иргэнийг оролцуулсан санал асуулга болжээ. Ингэснээр ирэх нэгдүгээр сард Суданыг нэгтгэх санал хураалт болох юм. Гэхдээ хоёр талын дунд яс хаядаг шашны зэвсэгт босогчдын явуулга санал хураалтыг бусниулж ч мэдэхээр байна. Тиймээс Африкийн холбоо болон НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхэн санал хураалтын дүн гартал аюулгүй байдлыг сахиулахаар Судан дахь харуул хамгаалалтаа чангатгаад байгаа юм. Хэрэв Судан эргэн нэгдвэл бусад улсад үлгэр жишээ үзүүлж, Африк тивд нэгдмэл байдал ноёрхоно гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Тус улсаас гадна Сомали улсын нөхцөл байдал өнөөдөр тогтвортой бус байна. Тус улс эх газрын ба арлын гэсэн хоёр хэсэгт хуваагдан оршдог. Сомалийн иргэд газар нутагтаа олон арван жил амьдарсан бөгөөд өөрсдийгөө тусгаар улс болох ёстой хэмээн үздэг. Хэдийгээр арлын Сомали тусгаар тогтнолоо зарлаж байсан ч олон улсын хэмжээнд эх газрын Сомалийн харьяанд багтдаг аж. Тус улсын хуваагдмал байдлыг үндэстний өөрсдийгөө дөвийлгөх үзэл хэмээн ажиглагчид дүгнэж байна. НҮБ тэргүүтэй барууны орнууд Африк тивийн улс орнуудын маргаанд хөндлөнгөөс оролцож, аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг оролддог. Барууныхны хүчинд улс шиг улс болсон орон Өмнөд Африкаас эхлээд цөөнгүй бий. Мөн Африк тивийн ороо бусгаа байдалд эрх мэдлийн төлөө тэмцэл болон хэн нэгэн хүний дангаар ноёрхох үзэл, дарангуйлал их нөлөөлдөг. Улс төрийн тэмцэл нь Африк тивийг олон улсын гол тоглогч болгодог юм. Африкийн ихэнх улсад 1950 оноос хойш жилд хоёроос гурван удаа төрийн эргэлт гарч байжээ. Үүний 90 хувийг цэргийн цолтнууд хийсэн аж. Харин сүүлийн таван жилд төрийн эргэлт хийх явдал эрс багассан бөгөөд барууныхны ачаар ардчилсан сонгууль явуулах нь элбэгшив. Гвиней улсад өнгөрсөн онд төрийн эргэлт гарч байсан бөгөөд энэ нь Африкийн хамгийн сүүлчийн эрх мэдэл булаасан үйл явдалд тооцогдож байна.
Т.ОТГОНБАТБАЯР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
"Улс төрийн тойм" сонин