
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо саяхан хуралдсан. Үүнээс өмнөхөн “Алтангадас” фракцийнхан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын эсрэг “сурталчилгаа” явуулсан нь МҮДН-ынхны амбицийг дэвэргэсэн хэрэг болов. Тэрхүү “сурталчилгаа”-ны гол агуулга нь “Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр Д.Эрдэнэбатыг Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас огцруулна” гэсэн утгатай байсан юм. МҮДН-ынхан чухам үүн дээр акцент өгч, Н.Алтанхуягийг тулаанд дуудахаар шийдсэн аж. Учир нь Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбат бол МҮДН-ын угшилтай эрхэм. Харин Ардчилсан хүчний холбооныхны хувьд, энэ талаар намжмал байр суурьтай байна. Тэд ирэх сард чуулганаа хийж, УИХ-ын 2012 оноос өмнө хэрэгжүүлэх тактикаа төлөвлөх юм байна. Гэхдээ энэхүү тактик нь МҮДН-ынхныг фракциудын нэгдэлд дахин татан оруулж чадах уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
Ардын нам болон МАХН-ынхны дунд өрнөсөн үйл явц ч Ардчилсан намынхныг хэд, хэд хуваачихаад байна. “Алтангадас”-ынхан Ардын намын байр суурийг хамгаалж байгаа бол Ардчилсан хүчний холбооныхон “Улсын дээд шүүх МАХН-ынхны талд шийдвэр гаргах нь ойлгомжтой” хэмээн илт дэмжиж байгаа аж. Харин “Хоёр арслан тулалдаж л байг. Тэрхүү тулаанд хэн ялахаас Ардчилсан нам удаах тактикаа тодорхойлно” гэдгийг “Алтангадас”, Ардчилсан хүчний холбооныхны аль, аль нь хүлээн зөвшөөрч байна. Гэвч МҮДН-ынхан “Алтангадас”-ынханд ямар сюрприз барих нь бас л сонирхолтой үйл явц. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монголын төлөө” хөдөлгөөн байгуулж, хүний, өөрийн намынхныг татах сураг дуулдаж эхэлсэн. Эрхэм гишүүн санасандаа хүрвэл Ардчилсан хүчний холбооноос тусгаарлаж мэдэх л юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин