Халдварт шар хотын захын хорооллоор таржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Халдварт шар хотын захын хорооллоор таржээ

Мэргэжлийн хүмүүс “А вируст гепа­тит” хэмээн нэрлэдэг. халдварт шар өвчин хот хөдөөгүй сандаргах боллоо. Уг өвчнөөр бага насны хүүхдүүд ихэвч­лэн өвчилдөг бөгөөд сайн эмчлэх­гүй бол элэгний архаг хуучтай болдгийг хүн бүр мэддэг. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хэлж буйгаар уг өвчин манай улсын нийт хүн амын дунд нутагшмал байдалтай аж. Угаасаа ч тийм. Бас ихэвч­лэн төв суурин газарт,  10 хүр­тэлх насны хүүхдүүдийн дунд жил бүрийн 8-12 дугаар сард дэгдэлтийн байдалтай гардаг. Өнгөрсөн онд манай улсын нийт хүн амын халдварт өвчнөөр өвчлөх нь харьцангуй гайгүй байсан. Энэ нь томуугийн H1N1 вирусын тархалт 2008 онд гарч, хүмүүс түүнээс сэргийлж ариун цэвэр сайн сахиж байсантай холбоотой аж. Харин энэ онд хүмүүс айдгаа авдрандаа хийсэн гэсэн шиг анхаарлаа сулруулснаас уг өвчний тархалт өмнөх онуудынхаас нэмэгдсэн гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар А вируст гепатитийн өвчлөлийн 1300 гаруй то­хиолд­лыг бүртгээд байгаа юм байна. Халдварт өвчний 92 хувийг А вируст гепатит буюу халдварт шарын өвчлөл эзэлж байгаа ажээ. Улсын хэмжээнд гарсан халдварт шар өвчний 60 гаруй хувь нийслэлд гарсан мэдээ бий. Харин орон нутагт гарсан өвчлөлийн 67 орчим хувь нь аймгийн төвөөс, үлдсэн хувь нь сумдаас бүртгэгдэж байгаа гэсэн. Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар аймагт улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа хэмээн ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Шар өвчний тархалт, түүнээс хэрхэн сэргийлж байгаа талаар холбогдох байгууллагуудаар нь орж сурвалжиллаа. 

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд халдварт шар өвчин тархсаар байгаа. Хэд хэдэн сургуульд уг өвчин голомтлон гарсан бөгөөд ХӨСҮТ-ийн эмч нар газар дээр нь ажилласан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Уртнасангаас тодруулсан юм.

-Сургууль, цэцэрлэгүүдэд халдварт шар өвчин голомтлон гарч байна гэсэн?

– ингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуульд А вируст гепатит голомтлон гарсан. Манай эмнэлгийн эмч нар газар дээр нь ажиллаж зохих арга хэмжээг авсан. Одоо дээрх сургуулиудад өвчлөл байхгүй. Бас өвчлөл өндөртэй аймгуудад 2-3 хүнтэй эмч нарын баг ажиллаж байгаа. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн эмч багш нарт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авахыг даалгасан. Одоо голомт үүсч тархсан газар байхгүй. Гэхдээ хаа сайгүй уг өвчнөөр ганц нэгээрээ өвчилж байна. Хамгийн гол нь ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Ялангуяа нийслэлийн захын дүүргүүдийн сургууль, цэцэрлэгт ариун цэвэр сахих нь муу байдаг.

-Шар өвчний вакциныг хийж байгаа юу?

-Улсын хэмжээнд нэг настай хүүхдүүдийг шар өвчний вакцинд хамруулсан. Нийт 16 мянга 500 тун вакцин хийж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ес хүртэлх насны хүүхдүүдэд вакцин хийх тухай ярьж байгаа. Мөн А вируст гепатитаас сэргийлэх вакциныг өвчний голомтод тарих талаар Эрүүл мэндийн сайдын тушаалын төслийг боловсруулж ЭМЯ-нд хүргүүлсэн.
 
Халдварт шар өвчин нийслэлийн бүх дүүрэгт гарсан. Ялангуяа нийслэлийн захын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд их өвчилж байгаа аж. Энэ нь гэр хорооллын ундны усны хүрэлцээ, сургуулийн бие засах газрын хүртээмж, ариун цэвэр муу байгаатай холбоотой. Ундны уснаас дээж аван шинжилгээ хийхэд талаас илүү хувьд нь гэдэсний  эмгэг төрүүлэгч буюу хүний ялгадас илэрдэг хэмээн ХӨСҮТ-ийн эмч нар хэлсэн юм. Сургууль, цэцэрлэгүүд уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг чадах ядахаараа авч байгаа ч өвчлөл мэр сэр гарсаар байгаа гэж байв. Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн эмч н.Хэрлэнтэй уулзсан юм. Тэрбээр “Манай цэцэрлэгт шар өвчин гараагүй. Өөрсдийн хэмжээнд сэргийлж байгаа. Хүүхдүүдийнхээ гарыг тогтмол угааж, эцэг эхчүүдэд нь заавар өгсөн” гэв. Хүүхдийн эмнэлгүүдээр зөвхөн шар өвчин гэлтгүй бусад төрлийн халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ажээ.

Стандарт гэдэг үгийг манай улсад түгээмэл ашигладаг. Харин стандартыг сургууль, цэцэрлэгийн байрнаас олж харна гэдэг бараг бүтэшгүй зүйл. Учир нь манай улсад 20 хүүхэд сурах ёстой танхимд 30 гаруй хүүхэд сурч, 25 хүүхэд орох ёстой бие засах газарт нь 200 хүүхэд орж байна. Өнөөдөр  ХӨСҮТ-ийн эмч нар “Халдварт өвчнөөр 1300 гаруй хүүхэд өвчлөөд байгаа нь хэвийн л үзэгдэл” хэмээн хэнэг ч үгүй хэлээд сууж байна. Хэрвээ гэр хорооллынхон аюулгүй ундны эх үүсвэрээс усаа авч, өдөрт нэг удаа биш 10 удаа гараа угааж, хүүхдүүд цэвэрхэн бие засах газарт орж, анги танхимдаа шахцалдахгүй сууж, хоггүй гудамжаар алхаж, нянгүй жимс иддэг байсан бол ийм тоо гарахгүй байсан. Эмч нар ч “Жил бүр л ийм байдаг” гээд сууж байхгүй байсан болов уу.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж