Төмөр замд шатар нүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Төмөр замд шатар нүүнэ

Зохиолч Ч.Лодойдамбын бич­­сэнчлэн Алтай нутгийн ху­гараагүй ноён нуруунуудын нэг бол  Т.Очир­хүү юм. Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж, хууль тогтоох дээд байгууллагад 2008 он хүртэл тасралтгүй хүчин зүтгэсэн энэ эрхэм бол монгол  төрийн журамт цэрэг. Зарим нэг нь түүнийг ийнхүү энгийнээр тодорхойлж байхад нөгөө хэсэг нь “Монгол төрийн жинхэнэ капитал” хэмээн үнэлдэг. Хуучнаар ЗХУ-тай 1949 онд байгуулсан гэрээгээ хараахан шинэчилж амжаагүй, өмнийн говь дахь орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдон төмөр замын бодлогыг шинэчлэх эрин үе эхэллээ. Яг энэ үед төр Т.Очирхүүгээр “Улаанбаатар төмөр зам”-ыг удирдуулахаар илгээсэн юм. Монгол Улсын стратегийн энэхүү чухал баазад түүнийг илгээсэн нь улс төрийн хүрээнд шийдсэн ердийн нэг тохиролцоо төдий зүйл биш. Харин төмөр замын салбарын хөгжлийн бодлого хоёр дахь үе шатандаа    ирж, түүнийг зөв удирдах хүн хэрэгтэй байсны илрэл нь энэхүү томилгоо. Чухам ийм үед зөвхөн Орос биш, олон улстай үг хэлээ ололцож, мэргэжлийн түвшинд “шатар” нүүж чадахуйц мундаг “толгой” хэрэгтэй байсан нь Т.Очирхүү юм. Тэрбээр Ерөнхий сайд агсан П.Жасрай, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нарыг өөрийнхөө багш хэмээн хүндэлдэг. Хорин гурван настайдаа Ленинград хотноо их сургууль дүүргэж, Улсын үнийн хороонд дээрх эрхмүүдийн удирдлага дор ажиллаж байснаа бэлгэшээж бай­гаа нь энэ. Гэхдээ “Надад макро эдийн засгийн ухааныг зааж, ихийг ойлгуулсан хүн бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Моломжамц” хэмээн ярьдаг юм билээ. УИХ-ын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, Сангийн дэд сайдын албыг хашиж явсан түүнийг “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар томилоход хүний, өөрийн намынхан бүгд л дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Тэд “Т.Очирхүү бол сайн эдийн засагч. Бас тулхтай улстөрч. Хувь хүнийхээ хувьд Алтайн хөх байц шигээ дүн нуруутай хүн” хэмээн энэ эрхмийг дүгнэдэг.

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж