У.Хүрэлсүх, Д.Тэрбишдагва хоёр ”Хонь, чоно” болчихоогүй

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх, Д.Тэрбишдагва хоёр ”Хонь, чоно” болчихоогүй

УИХ-ын  гишүүн Ц.Цэнгэ­лийг “Ярилцах танхим”-ын зоч­ноор урилаа.
 
-Н.Энхбаяр нам бай­гуулж, одоо Монгол ардын хувьсгалт нам нэрийг ава­хаар Дээд шүүхэд хандаад байна. Та Н.Энх­баяртай нэг намд хамтран зүтгэж байсны хувьд түүний энэ үйлдлийн талаар ямар дүг­нэлт хийж байна вэ?

-Би нарийн учрыг нь сайн ойлгохгүй байна. Ер нь Н.Энхбаяр дарга яг ийм асуудлаар хөөцөлдөөд явах хүн мөн үү гэвэл, арай биш л дээ.  Яагаад гэвэл энэ на­мын 160 гаруй мянган гишүүний  ит­гэ­лийг хүлээж, намын болон төрийн өндөр албан тушаалыг шат дараалан хашиж явсан хүн шүү дээ. Гэтэл дараа нь тусдаа нам байгуулж, хуучин нэрийг хөөцөлдөж яваа нь олон нийтийн дунд эерэг бус уур амьсгалыг бүрдүүллээ гэж би үзэж байна. Н.Энхбаяр ухаантай хүн. Хажууд нь далдаганаж, өдөр тутам янз бүрийн худал мэдээллээр сүртэй зөвлөгөө өг­дөг хүмүүст хөтлөгдөөд байна уу л гэж харамсч байгаа.
 
-Бусдад уруу татагд­чих­лаа гэж та хэлэх гээд байна уу?

-Уруу татагдах гэхэд ч хаа­шаа юм бэ. Н.Энхбаярыг хэн нэгэн уруу татчихлаа гэвэл хүмүүс ит­гэхгүй байх. Бодвол өөрийн санаа өөртөө зөв биз. Түүхэн та­лаасаа ч, ер нь аль ч талаас нь бодсон энэ бол сайн үйл биш. Яагаад намынхантайгаа ярилцаад уч­раа олж болоогүй юм бэ. Би намын дарга, Ерөн­хий нарийн бичгийн дарга нарт өмнө нь хэлж л байсан. “Энэ хүнтэй учир зүйгээ ололцож болдоггүй юм уу” гэж. Тэд “Болохгүй байна, бид санал тавьсан” гэдэг. Хэн нь үнэн, худал ярьж байгааг чихээр сонсч, нүдээр хараагүй болохоор мэдэхгүй юм. Экс, эдүгээгийн дарга нарын хоорон­дын үйл ажиллагааны зөрчилдөөн, маргаан нь дотроо шийдэж болохгүйд хүрээд улс орны хэмжээнд ил гарлаа шүү дээ. Уг нь Н.Энхбаяр дарга “Эвтэй байхдаа хүчтэй” гэж ярьдаг хүн. Энэ үзэл бодлоосоо ухарч байгаа мэт хараг­даж буй болохоор би хувьдаа шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Та түүний найз мөн үү?

-Найз нөхөр биш гэж хэлэхгүй.

Гэхдээ улс төрийн байр суурийн хувьд хүн бүр өөр шүү дээ.

-Хамгийн сүүлд түүнтэй хэдийд уулзсан бэ. Одоо холбоотой байдаг уу?

-Өнгөрсөн жил “Алтаргана” наадмын үеэр уулзсан. Түүнээс хойш уулзаагүй, утсаар ч яриагүй. Гэхдээ би сар шинийн баяр, улсын наадмаар нутгийнхаа айраг, идээний дээжийг явуулдаг хэвээрээ. Нөхөрлөлийн тийм харилцаа, тогтсон ёс жаяг бол өөрчлөгдөөгүй. 

-Ардын нам дотор “Дөрвийн бүлэг” гэж цоллуулаад байгаа тэр хүмүүсийн байр суурийг та хэрхэн үздэг вэ. Нам дотор байх ёстой эрүүл үзэгдэл үү, эсвэл зөрчилдөөний нэг жишээ юү?

-Манай л намын дөрвөн гишүүн шүү дээ. Тэдэнтэй найз нөхөд хэвээрээ. Үзэл бодлоо илэрхийлснийг нь хүндэтгэнэ. Үзэл бодлоо  илэрхийлж байгаа хэлбэрийг нь л хэрүүл, маргаан болгож хувиргасан болохоос тэд эсэргүү бүлэг болчихоод байгаа юм биш. Намын бүлгийн хурал дээр яаралтай шийдэх асуудлуудын талаар саналын зөрүүтэй байгаагаа л хэлсэн. Нам  тэдний саналыг хүндэтгэж сонссон болохооос “Энэ бүтэхгүй нөхөд байна” гэж хурцадмал байдлаар хүлээж аваагүй. Ер нь ийм үед зохион байгуулалттайгаар хагаралдуулах үйл ажиллагаа идэвхтэй явагддаг юм байна гэж би хувьдаа үзэж байгаа. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан улсуудыг задрахад НАТО үүргээ биелүүллээ гэж байсан шиг ямар ч намыг төрийн эрх барьж байхад ийм эсрэг үйлдэл явж л байдаг. Үүнийг мөнөөх зөгнөлдөө итгэсэн хүмүүс хэт хөөрөгдөж, өдөөдөг. Ийм л явдал болсон гэж үзэж байна.

-Таны хувьд тэр дөрвөн гишүүнтэй нэг үеийнхэн. Гэтэл яагаад У.Хүрэлсүх дарга, Д.Тэрбишдагва гишүүдийн хооронд ахмад, залуу үеийн талаар маргаан өрнүүлэх болов. Танай намд оны болон үеийн ялгаа зөрчил үүсгэдэг “хууч”-тай юм биш үү?

-Энд “үе”-сэж мөчөөрхөөд байх юм байхгүй л дээ. С.Баяр даргын үед л нам залуусаа түшиглэж хөгжих хэрэгтэй гэсэн нэг санал, онол явдаг байсан. Гэхдээ бид залуусын хийж бүтээсэн ажлын үр дүнг харах ёстой. С.Баяр даргын хувьд үүнийг хараагүй. Зүгээр л нас залуу, хэл ус сайтай бол боломжийн гэсэн байр суурьтай байх шиг санагдсан. Миний хувьд зөрүүтэй бодол нь ердөө л тэр. Уламжлалаа ч бодсон ядаж тухайн ажил мэргэжил дээрээ гурваас дээш жил ажилласан туршлагатай, нэр хүндтэй, өсөх ирээдүйтэй залуусыг дэмжих нь зөв. Бизнес хийж байсан, олон хэл мэддэг л бол танил талаараа дамжуулаад юм уу, ямар нэг байдлаар төрийн ажил өгөөд байвал улс орон юу болох вэ. Туршлагагүйдэх ч хүн бий. Цоо шинээр ажиллаад амжилт гаргах нь ч байдаг байх. Энэ бол хоёр талтай асуудал. У.Хүрэлсүх залуучуудын байгууллагын дарга байсан болохоор “Залуучуудаа л дэмжинэ. Ахмадууд юу юм бэ” гэсэн санаа гаргаагүй байх. Д.Тэрбишдагва, У.Хүрэлсүх хоёр цагтаа нэг танхимын сайд нар байсан. Бие, биеэ сайн мэднэ. Монголчуудын чөлөөтэй хэрэглэдэг жижүүрийн үгсээр л жаахан ширүүхэн харилцсан нь анхаарал татсан болохоос хоорондоо “хонь, чоно” болчихоогүй. Тэд хоорондоо шүүхдэлцэнэ ч гэж юу байх вэ. Би хэн, хэнтэй нь нөхөрлөдгийн хувьд мэдэлгүй яахав. Дээр хэлсэнчлэн уургалж аваад дуулиан тарих л сэжүүрийг өгчихсөнөөрөө  хэл амны бай болсон байх.

-Ойрын үед нийгмийн анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэд хэзээнээс, хэрхэн эзэмших вэ гэдэг асуудал болоод байна. Энэ нь та бүхний сонгуулиар амлаж байсан хувь хишиг хүртээх тэр арга зам, бидний хүсч буй байгалийн баялгийн зөв хуваарилалт мөн гэж үү. Эсвэл үүнээс өөр арга байсангүй юу?

-Энэ бол ерөөсөө л сонгуулийн үеэр нарийн тооцоо судалгаагүйгээр намууд хоорондоо уралдсан амлалт­тай холбоотой. Гэтэл тэр мөнгө нь хаана байх вэ. Ямар ч байсан сонгогчдоо хуурч болохгүй. Ямар нэг гарц хайж, амласнаа биелүүлье гэсэн намуудын бодлого зөв. Тиймээс иргэн бүрт 21 мянган төгрөг өгөөд, нийгмийн даатгал, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх замаар 1.5 сая төгрөгөө өгч болж байгаа юм. Харин Тавантолгой болон стратегийн бусад ордын хишгийг Үндсэн хуулийн дагуу л шийдэх ёстой.  “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэн бүрт 550  хувьцаа эзэмшүүлнэ гэдэг бол том өмч. Гэхдээ үүнийг ягаан, цэнхэр тасалбарын түүхийг давтахгүй, бусдад шилжүүлэх боломжгүй байх талаас нь зохицуулах хэрэгтэй. Эс тэгвэл хувьцааныхаа үнэ цэнийг, яаж ашиглахаа мэдэхгүй байгаа хүмүүс ядуу хэвээрээ л үлдэнэ.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойгоос 34 биш 6.8 хувийг л эзэмших нь гэж ярьж эхэллээ. Олон талаас нь нягталж, хууль эрх зүйн үндсийг нь бүрдүүлж өгсөн атлаа одоо яагаад ингэж ярих болов?

-Ийм байр суурьтай гишүүдийн нэг нь би. УИХ-ын 57 дугаар тогтоолын хүрээнд л асуудлыг шийдэхгүй бол бид алдчихсан юм билээ. УИХ-аас Засгийн газар түүрэг өгсөн. Үүнийгээ шинэчилж өөрчлөөд мөрдөхгүй бол болохгүй. Торгуулна л биз. Буцаахаас өөр аргагүй. Ер нь бидний санаж, бодож байснаар болоогүй. Гэрээний орчуулга ч зөрүүтэй. Бусдын амаар ингэж хамтарна гэж юу байх вэ дээ.

-Та энэ талаар “Оюутолгой”ХК-ийнхантай ярилцаж байсан уу. Иргэдэд энэ талаар ямар ойлголт өгөх нь зүйтэй вэ?

-Одоо мөрдөж байгаа гэрээний хувьд Монголд ашиггүй байгаа учраас дахин шинэчлэх ёстой. 

-Тийм боломж байгаа гэж үү?

-Боломж байхгүй гэж холбогдох хүмүүс нь хэлдэг. Миний хувьд гэрээг өөрчлөх боломж байгаа гэж үзэж байна. Наанадаж монгол хүн гадныхантай ижил цалин авах ёстой. Яахаараа гадныхан олон улсын хөрөнгийн бирж дээр мөнгө босгож болдог. Бид болдоггүй юм бэ.

-Уг нь УИХ-аар хэлэлцэж байхад нь та бүхэн энэ талаар яриад баталсан биз дээ?

-Тэгсэн. Гэхдээ хэлэлцээрийн ширээний ард гэрээ байгуулсан нь Засгийн газар шүү дээ. УИХ-аар хэлэлцэх үед бидний хэлж, анхааруулж байсан зүйлийг бүрэн тусгаагүй учраас л ингэж ярьж байна. Энэ саналыг хоёр тал ойлгож хүлээж авна гэж бодож байна.

-УИХ дахь Ардын намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн. Та Хөгжлийн банкны талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөгжлийн банкны захирлыг ч сонгоогүй байхад 15 том компанийн удирдлага ирчихээд байдаг. Хөгжлийн банкны удирдлагын бүтцэд Монголын талын оролцоо 50 хувьтай байна гэдгээс илүү тодорхой шийдвэр алга. Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг яаралтай хэрэгжүүлж, ард түмэнд үр ашгийг нь хүргэх шаардлагатай байна. Бид Мянганы замыг ярьсаар байгаад 2016 он гэхэд бүх аймгийг авто замаар холбох төлөвлөгөөтэй яваа. Энэ хөтөлбөрийг би боловсруулалцаж байсан. “Эрдэнэт”-ийн ашигт малтмалыг бид 30 гаруй жил хамтран ашиглалаа. Одоо өөрсдөө зэсээ хайлуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болчихмоор байна. Үүнд 500 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай. Яагаад үүнийг шийдчихэж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг ч ярих ёстой. Дээр нь төмөр замын асуудал байна. Намайг энэ салбарын сайд байхад л ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин бид хоёр нэг тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурж байлаа. Энэ бол маргаангүй үнэн. Түүхэн баримт.  ОХУ-ын тал энэ хөрөнгийг гаргах цаг нь болсон. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох гээд олон чухал ажил байна. Дарханд шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэвэл хэчнээн хямд тусах билээ. Энэ талаар шийдсэнээ яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. Юуны тулд бид шилэн кабель барьж байгуулахад 30 тэрбум төгрөг зарцуулсан юм бэ.  Үүнийгээ ашиглаж эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн технологийн салбараа хөгжүүлж эхэлмээр байна.Миний бодлоор давхаргын метаныг ашиглаж Улаанбаатар хотыг утаанаас салгах багц асуудлыг Ерөнхий сайд С.Батболд, түүний Засгийн газар шийдэж чадвал жинхэнэ хувьсгал хийх болно. Хөгжлийн банк байгуулснаар бид ард түмэнд өдөр тутам хэрэгтэй байгаа эдгээр асуудлыг онцлон 2012 онд багтаан хийх ёстой. Засгийн газар, УИХ үүнийг зөв зохион байгуулж, үр дүнг нь үзэх хэрэгтэй. Энэ бүхнийг хийгээгүй байж хоорондоо маргаад хэрэггүй. Бид хорин жил маргаад урагш ахисангүй. Хойшоо ухарсаар байгаад цаг хугацаа алдлаа.

-Таныг сайд байхаас л төмөр замын гэрээг шинэчлэх талаар ярилаа. Яагаад өнөөг хүртэл тохиролцоонд хүрч чадахгүй байна вэ?

-Яг нарийндаа бол зах зээлийн эхэн үед оросууд зам тээврийн асуудлаа “сул тавьчихсан” юм шүү дээ. Тэр үед нь манай хүмүүс нэг их идэвхтэй ажиллаагүй.

-Яагаад?

-Улсаас тусдаа “вант улс” шиг байх нь чухал санагдаад өчүүхэн эрх ашгийн үүднээс хандсаны л балаг. Гэтэл оросууд ч тэнхлүүн болоод их гүрний бодлогоор явуулж эхэлсэн. Ингээд төмөр замыг эзэмших харьцаа 49:51 хувь байхаар ярьж эхэлсэн. Тэгвэл бид “БНХАУ-аас зээлсэн 300 сая ам.доллараас 180 сая ам.долларыг нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, автоматжуулах ажилд зарцуулна” гээд Оросын талаар зөвшөөрүүлсэн. Протокол нь ч бий. Харамсалтай нь үүнийг ч, дараа нь Америкийн талын хөрөнгө оруулалтыг  ч хийгээгүй. Нөгөөтэйгүүр 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх рублийг зарцуулж дээрх шинэчлэлийг хийхээр ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитинтэй хийсэн гэрээний асуудал ч бүдгэрсэн. Нарийн учир шалтгааныг нь сайн мэдэхгүй байна.

-Сонгуулийн хуулиа баталж чадалгүй намрын чуулган өндөр­лөлөө. Энэ хуулийг хэрхэн өөрчлөх талаар та ямар бодолтой байна вэ?

-Хамгийн гол нь улс төрийн намууд мөнгөний амлалт өгөх гэж оролдвол сонгуульд оролцох эрхийг нь шууд хасдаг болох хэрэгтэй.  Тэгэхгүй бол арай хэтэрч байна. Амласандаа хүрч чадахгүй төрийн нэр хүндийг унагаж, сонгогчдоо ч хүнд байдалд оруулж байгаа нь буруу. Тиймээс үүнийг л Сонгуулийн хуульд хамгийн хатуу чангаар оруулах хэрэгтэй.

-Тийм хууль баталж чадна гэж үү?

-Тэгж чадахгүй бол хамтарч төр барьсны хэрэг юу байх вэ дээ. Олон түмнээс ичих булчирхай байвал энэ алдаагаа засах л хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж