Европын холбоо, Олон улсын валютын сан хамтран өнгөрсөн сард Ирландын Засгийн газарт 67.5 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон. Үүний нэлээд хувийг банкны салбарын тогтвортой байдлыг хангахад зарцуулна гэж тус улсын бодлого боловсруулагчид төлөвлөж байна. Үүнээс Ирландын банкны тогтолцоо яг ямар байдалтай байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Дэлхийн санхүүгийн хямрал 2008 онд эхлэх үед үл хөдлөх хөрөнгийн үнэ хоёр дахин буурсан. Энэ нь банкны салбарт хамгийн их нөлөөлж, чанаргүй зээл олголтоос болж цөөнгүй банк, санхүүгийн байгууллага дампуурсан билээ. Тухайн үед Ирландын Засгийн газар тэдний заримыг мэдэлдээ авч, баталгаа гарган санхүүгийн тусламж үзүүлжээ. Гэсэн ч чанаргүй зээлийн хэмжээ хэтэрхий их байснаас нөхцөл байдал өдийг хүртэл дээрдээгүй байна. Түүгээр ч үл барам энэ нь Ирландын хэдэн жилийн төсвөөс ч давжээ. Одоогийн байдлаар тус улсын төсвийн алдагдал дайны үеийнх шиг хэмжээнд хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 32 хувьтай тэнцэж байна. Хөрөнгө оруулагчид Ирландын Засгийн газрын баталгаанд итгэхээ больж, банкуудаас мөнгөө татсанаар асуудал улам даамжирчээ. Ингээд хямарч эхлэв. Зарим шинжээчийн нотолж байгаагаар Ирландын банкны өнөөдрийн хямрал үл хөдлөх хөрөнгийн үнээс цэвэр хамаарсан дотоод шалтгаантай юм. Гэхдээ бүс нутгийнхаа хөршүүдэд үзүүлэх нөлөө нь нэлээд их. Учир нь хямралын үед Ирландын Засгийн газрын баталгаанд найдаж Европын томоохон банкууд тус улсын санхүүгийн байгууллагуудад их хэмжээний зээл олгосон. Гэтэл өнөөдөр түүнийгээ эргэн төлөх чадвар нь суларсаар байна.
Дээрх хямрал Испани, Португальд ч мөн адил давтагдах аюултай болсон. Испанийн банкууд Засгийн газрын тусламжийн сангийн хөрөнгө оруулалтаар хямралын үеийг давсан. Цаашлаад Европын томоохон банкуудаас ч зээл авсан. Тэд Ирландын гишгэсэн мөрөөр явсаар эцэст нь өрөө төлж чадахаа болив бололтой. Португалийн Сангийн сайд Фернандо Тейкейра дос Сантос саяхан гаргасан мэдэгдэлдээ тус улсын санхүүгийн тогтолцоо нэлээд тааруухан дүр төрхтэй байгааг онцолсон юм.
Өнгөрсөн хаврын дуулианы гол эзэн байсан Грекийн санхүүгийн тогтолцоо өнөөдрийг хүртэл олигтой сэхэл авч чадаагүй бололтой. Тус улсын төсвийн алдагдал 2009 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 15.4 хувьтай тэнцэж байсан. Харин өнгөрсөн гуравдугаар сард санхүүгийн тусламж авах тухай хэлэлцэж байх үед гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 120 хувь болсон байлаа. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр энэ оны эцэс гэхэд гадаад өр 133 хувьд хүрэх бололтой.
Европын жижиг орнуудтай харьцуулахад Герман зэрэг цөөн улсын санхүүгийн тогтолцоо харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ евро гэдэг ганц мөнгөн тэмдэгт хэрэглэж, нэг бүс нутгийн нэршилтэй болсноос хойш банкны тогтолцоо нь бүхэлдээ нэг нэгнээсээ хамаарсан. Үүний хар гайгаар дэлхийн санхүүгийн хоёр дахь хямралыг Европын жижиг орнууд эхлүүлэх вий гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд газар авч байна. АНУ-ын “Lehman Brothers”, “AIG”, “Голдман Сакс”-ийн уналт дэлхийн эдийн засагт аюул авчирсан шиг үр дүнд хүрч магадгүй л юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд Ирланд, Грек, Испани, Португалийн санхүүгийн тогтолцоо тогтворгүй байгаа гэх мэдээллээс болж АНУ-ын “Dow Jones” индекс 200 нэгжээр буурсан юм. Өөрөөр хэлбэл, банкны салбар нь харьцангуй эрүүлд тооцогдож байгаа Их Британи, Бельги, Италид удахгүй нөлөөлж эхлэх магадлалтай гэдгийг зарим шинжээч онцолж байна.Зөвхөн хямраад зогсохгүй Европын холбоо гэх нэгдсэн статусыг үгүй хийж болох юм. Чухам хэдий хүртэл Германы татвар төлөгчид бүхэл бүтэн бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн тогтолцоог нуруундаа үүрч тэсэхийг таахад хэцүү. Гэхдээ тус улсын Канцлер Ангела Меркел “Евро бүс үгүй болбол Европ сүйрнэ” хэмээн анхааруулж байсан. Тиймээс нэгдсэн Европ байгуулах гэсэн мөрөөдлөө тус бүс нутгийн удирдагчид тийм ч хялбар орхихгүй бололтой. Ингэснээр тэд улс орнуудын төсвийн зардлыг бүр ихээр танаж, банкны салбарынханд тавих хяналтыг улам чангатгах нь дамжиггүй. Кенсийн онолоор бол эдийн засаг дахь төрийн оролцоо гэж чухам үүнийг л хэлдэг.
Т.ЭЛИСА
"Улс төрийн тойм" сонин