Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн мэнд хүргэе


МЭНДЧИЛГЭЭ

Ардчиллаар овоглосон Монголын ард иргэд ээ.

Ардчиллын ариун үйл хэргийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулсан

үе үеийн эрхэм журмын нөхөд өө.

Та  бүхэндээ Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Өнөөдөр босоо хийморьтой Монгол түмний минь заяа түшиж тэртээх цагаан морин жил эхлүүлсэн Ардчилсан хувьсгал эрийн цээнд хүрч Ардчилсан Монгол улсаар овоглогдож эхэлсэний 20 жилийн ойн түүхэн баярын өдөр тохиож байна.  

Монголчууд бид бахархах түүхтэй, бахдам эрх чөлөөтэй ард түмэн. Бид тэр түүхээ өөрсдөө бүтээж, тийм хувь заяагаа өөрсдөө сонгож, өнөөгийн ардчилсан Монголоо цогцлоож чадсан гавьяатай улс.     

Өөдөө дэвжих сэтгэлдээ цогтой, өнөд орших сүлдэндээ нартай, өргөө гэрийн тулгандаа галтай монгол түмнийхээ зүрхний дуудлагаар 20 жилийн өмнөх яг энэ өдөр Та бид “Хонхны дуу”-тайгаа уухайлан ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн билээ.

Ардчиллын баяраа бахдан тэмдэглэж байгаа энэ өдрөөс эргэн харвал, 20 жил гэдэг түүхийн хэлхээст зурвасхан үе мэт боловч хүний амьдралын бүтэн үеийг ардаа орхижээ.

Ардчиллын бэлгэдэл болсон цагаан морин жилд төрсөн хөвгүүд, охид 20 насны босгыг алхаж, ардчиллын тугийг намируулж, их хувьсгалын түүчээ болж явсан бидний тэргүүнд алдаа онооны буурал хяруу аль хэдийн унажээ.

Өнгөрсөн түүхээ эргэн нэг харвал салж бутрах, ялж ялагдахын жаргал зовлон бишгүй үзсэн ч эцсийн дүндээ монгол түмнийхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэл маань ямагт тууштай байж туулж өнгөрүүлсэн 20 жилд бид чамлахааргүй ихийг бүтээжээ.

Өнөөдөр энэ бүгдийг дурсахын хамт, ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлээ эрхэм зорилго болгож, ард түмнийхээ сайхан  амьдрал, хөгжил дэвшлийн төлөө Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Ардчилсан хувьсгалын 20 жилийг Эдийн засгийн эрх чөлөөний хувьсгалаар буухиалуулахаар ажиллаж эхэлсэнийг та бүхэндээ дуулгахад таатай байна.         

Монгол хүн ажилтай орлоготой, сэтгэл тэнүүн, сайхан амьдрах тэр л боломжийг бүрэн дүүрэн бий болгохын төлөө Ардчилсан нам эдийн засгийн хувьсгалыг эхлүүлж байна. Чинээлэг иргэдтэй, Чинээлэг Монгол улсын төлөө хамтдаа урагшилцгаая.

Тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг, агуу түүхтэй монгол түмэн та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж хотол түмнээрээ сэтгэл тэнүүн, өөдрөг явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ардчилсан Намын Дарга Н.Алтанхуяг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж