Д.Зоригт сайд үнэнээ л хэлсэн байна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайд үнэнээ л хэлсэн байна

Ч.Хурц: Д.Зоригт сайд үнэнээ л хэлсэн байна, давуу эрхийн хувьцаа Монголд юу ч өгөхгүй

УИХ-ын гишүүнээр 1992-1996 онд
сонгогдон ажиллаж байсан,  геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцыг
“Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар ярьж эхэллээ. Гол
асуудал нь давуу эрхийн хувьцаагаар санхүүжилт хийх тухай юм. Үүнийг
Сангийн сайд, ЭБЭХ-ний сайд нар тайлбарлахдаа эрсдэлээ өөрөө хүлээх сайн
талтай гэж тайлбарлалаа.  Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-П.Цагаан зөвлөх давуу эрхийн хувьцаа болон энгийн хувьцааны гол ялгаа,
мөн чанарыг саяхан яг мэргэжлийн үүднээс тодорхойлсон. Давуу эрхийн
хувьцаа эзэмшигч хамгийн түрүүнд санхүүгийн хувьд ашиг хүртэж,
хуваарилдаг эрхээ авчихдаг. Манай энгийн хувьцаа эзэмшигч П.Цагаан
зөвлөх, Ч.Ганболд нар ийм байж болохгүй гэж тайлбарлаад байхад Засгийн
газар “болно” гэж тайлбарлаад байх юм. Тийм итгэлтэй байгаа юм бол
үүнийгээ олон эрдэмтнээр хэлэлцүүлэх хэрэгтэй.

Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нар эрдэмтэн судлаачид,
мэргэжлийн инженерүүдтэй хамт сууж байгаад “Давуу эрхийн хувьцаа гэж юу
юм бэ” гэдгээ мэддэг болмоор байна. Нөгөөтэйгүүр энгийн хувьцааны 34
хувь гээд байгаа чинь чухам ямар компанийн 34 хувь бэ гэдэг нь
ойлгомжгүй болчихлоо. Бид наад хүмүүс чинь гэрээ хийх субъект биш байна
гэдэг асуудлыг олон удаа тавьсан.

-Яагаад биш гэж?

-Анх энэ гэрээг ярьж байхад л хууль эрх зүйн батламжгүй этгээд байна.
Төрийг ч, компанийг ч, өөрсдийгөө ч,  хэнийг ч төлөөлж чадахгүй
хүмүүстэй гэрээ хийх гэж байдаг бид анхааруулсан. Канад улсад байгаа
компани юм бол манай Оюутолгойг орхи. Манай Оюутолгой дээр ажиллах
компани юм бол түүнийг эзэмших гэрээгээ хий. Хэн нь юм бэ, нэг хүнтэй л
хий гэдэг шаардлага тавьж байлаа. Гэтэл одоо чухам хэн нь тодорхойгүй,
4-5 субъекттэй гэрээ хийчихээд сүүлдээ хэнтэй нь хариуцлага тооцохоо
мэдэхгүй болчихоод байна. Нидерландын вант улсад бүртгэлтэй компанийн
тухай ярих уу, Монголд байгуулах гэж байгаа компанийн тухай ярьж байгаа
юм уу гэдэг нь ч ойлгомжгүй боллоо. Нидерланд улсад биш,  Нидерландын
вант улсад бүртгэлтэй гэж байгаа юм шүү. Нидерландын вант улс гэдэг чинь
Нидерландын хааны захиргааг хэлдэг юм. Ингээд манайхыг зориуд тэр вант
улсад давхар татвар ногдуулахгүй байх тухай гэрээг эхлээд хийсэн. Эцэст
нь хариуцлага тооцох хүнгүй, баталгаагүй гэрээ хийлгээд луйвардчихаж
байгаа юм. “Айвенхоу Майнз” компани “Рио Тинто”-той гэрээ хийх эсэх нь
Монголын Засгийн газрын асуудал биш. Гэтэл өнөөдөр “Рио Тинто”,
“Айвенхоу Майнз”, “Айвенхоу Майнз Монголиа инк” компанийн алинтай нь
хийх нь мэдэгдэхгүй төөрүүлчихлээ. Субъект нь тодорхойгүй гэрээ гэдэг
бол цэвэр луйврын гэрээ байдаг юм. Ийм хүмүүстэй гэрээ хийсэн Засгийн
газар ичих ёстой. Цаашдаа ийм ойлгомжгүй үйл явдлууд хөвөрч, асар олон
асуудалтай тулгарна.

-Юу болно гэж?

-Тухайлбал, хувь нийлүүлэгчийн гэрээнд бас нэг ноцтой асуудал бий. Тэр
нь хөрөнгө оруулагчид Оюутолгойд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтыг
нэмж хийхээр болж байна. Үүний 34 хувийг бас Монгол Улс авах болж
байгаа биз. Өөрийнхөө баялгийг өгөөд, дээр нь зээлдэгч болж хүү төлөөд,
энэ зээл, хүүний дороос  Монгол Улс хэзээ ч босохооргүй нөхцөлгүй гэрээ
хийхээр чинь яаж улс орон урагшаа ахих юм бэ?

-Д.Зоригт сайд тайлбарлахдаа “Давуу эрхийн хувьцаа нэртэй өрийн
бичиг хувь нийлүүлэгчдийн шийдвэрт нөлөөлж огт чадахгүй. Давуу эрхийн
хувьцаа их байх тусам манай 34 хувь буурахгүй, харин хоёр талын ногдол
ашгийн хэмжээ багасна” гэсэн байна. Үнэхээр тийм гэж үү?

-Яаж ч нөлөөлж чадахгүй. Д.Зоригт сайд үнэнээ л хэлсэн байна. Давуу
эрхийн хувьцаа бидэнд юу ч өгөхгүйгээрээ манайд сөрөг нөлөөтэй. Давуу
эрхийн хувьцаа гаргасан хүн нь  тэрхүү давуу эрхээрээ хамгийн түрүүнд
зээлээ, хүүгээ төлнө. Бид эндээс юу ч олж чадахгүй. Тиймээс сайд давуу
эрхийн хувьцааг гаргаснаар Монголд ямар ч ашиггүй шүү гэж үнэнээ л
хэлсэн байна шүү дээ.

-Давуу эрхийн хувьцааг ямар тохиолдолд гаргадаг, ямар ашигтай
хувьцаа вэ. Бусад орны туршлагаас жишээ авч тайлбарлах боломж байна уу?

-Би санхүүгийн нарийн асуудалд тааруу гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ
миний ойлгосноор давуу эрхийн хувьцаа гаргана гэдэг бол тухайн компани
өөрийнхөө зардлыг нөхөх давуу эрхээ олж авч байгаа хэрэг юм. Үүнийг
хөрөнгө босгох механизм гэж тайлбарлаж байна билээ. Биш. Хамгийн түрүүнд
“Монголоос үл хамааран орж ирэх ашиг орлогоо бүгдийг нь бид мэднэ”
гэсэн эрхээ л олж авч байгаа тийм л системээ бий болгож байна. Манай
гурван хувь нийлүүлэгч энгийн хувьцаа эзэмшигч учраас түүнд ер хамаагүй.
Өөрөөр хэлбэл Торонтогийн биржээс хувьцаа авч байгаа иргэний хэмжээний л
эрх мэдэл Засгийн газарт байна.

-Тэгвэл одоо Оюутолгойгоос роялтийг нэмж авах нь зүйтэй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Яагаад роялти гэдэг нэртэй болсон гээч. Эзэн хааны өмчийг, тухайлбал,
газрыг эзэмшсэнийхээ төлөө орлогынхоо тодорхой хэсгийг өргөн барьдаг
хандив, хишгийг роялти гэдэг байсан. Ийм л түүхтэй роялти гэдэг үг гарч
ирсэн. Гэвч сүүлийн үед роялти хэлбэрээ өөрчлөөд ашигт малтмалын орд
газрыг ашигласныхаа төлөө тухайн улсын шууд авч буй төлбөрийг роялти
гэдэг болсон. Нөөц ашигласны төлбөр гэсэн үг. Одоо дэлхийн улс орнуудад
нөөц ашигласны төлбөрөөс гадна тухайн ордын нөөц газар дор байхдаа ямар
үнэ цэнэтэй байсныг үнэлдэг болсон. Уг үнэлгээ тухайн улс орны эдийн
засгийн чадавхийг тодорхойлох хөрөнгө мөн гэж үзээд, түүнээс шимтгэлийг
авах тухай  өнөөдөр ярьж байна. Тиймээс суурь үнэ тогтоох ёстой. Түүндээ
тулгуурлан тухайлбал, та Оюутолгойн үйлдвэрлэлд 4.6 сая ам.долларын
хөрөнгө оруулсан юм байна. Миний ашигт малтмал газар дор байхдаа тийм
хэмжээний үнэ цэнэтэй байсан гэж суурь үнээ хэлнэ. Ингээд та хөрөнгө
оруулалт хийснийхээ хувьд хөрөнгийнхээ шимтгэлийн хувийг авч байгаа бол
би бас ашигт малтмалаа ашиглуулсны хувийг авна гэж ярих ёстой. Тиймээс
роялтиг нэмж авах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр роялтиг газрын тосон
дээр нийт орлогын 25 хувь хүртэл авна гэж байгаа. Зарим улсад зэсийн орд
дээр 12.5 хувь хүртэл авдаг. Роялтиг ашгаас биш орлогоос авдаг.
Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглүүлээд өсөн нэмэгдэх роялтиг
нэмнэ гэж ярьж байгаа нь маш зөв. Бүр сайн нэмэх хэрэгтэй. Ер нь гэрээ
байгуулаад гэрээний нөхцөлөөр хуулиа хүчингүй болгож байдаг улс, Засгийн
газар манайхаас өөр байдаг юм болов уу мэдэхгүй юм. Роялти нэмэгдэхээр
суурь үнээ тогтоох тухай ч бодох хэрэгтэй.

-Манай Засгийн газар Оюутолгойд роялтиг хэдэн хувиар тогтоож болох вэ?

-Оюутолгойн ТЭЗҮ дээр нэг тонн зэсийн үнэ 2600 ам.доллар байхаар
тооцсон. Роялтиг таван хувиар тогтоосон. Гэтэл өнөөдөр 8700 ам.долларт
хүрчихээд байна.  Роялти хэвээрээ. Роялтиг тооцохдоо тухайн ордын ТЭЗҮ-д
дурьдсан эдийн засгийн үр ашигтай уялдуулах ёстой байдаг. Өндөр
агуулгатай, сайн чанарын хүдэр байх тусам роялти өндөр байх учиртай. Ийм
нөөцтэй газар руу л хөрөнгө оруулагчид эхэлж ордог. Агуулга бага,
хүдрийн чанар тааруу болох тусам роялтиг багасгаж, үйлдвэрлэлээ
явуулахыг чухалчилдаг. Бас нэг маш ноцтой алдаа гаргасан байдаг.

-Тэр нь юу вэ?

-Тэр бол роялти энэ тэрийн дэргэд юу ч биш. Юу гэвэл 1996 онд Ашигт
малтмалын хуульд Б.Чимэд гуай бидний оруулсан Монголын төрийн
хамгаалалтын хамгийн гол зүйл бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн
зах зээлийн үнээр Монгол Улс хамгийн түрүүнд худалдаж авах эрхтэй гэж
заасан байдаг. Үүнийг сая баталсан Ашигт малтмалын тухай хуулиас аваад
хаячихсан. Оюутолгойн гэрээнд ч оруулаагүй. Өөрөөр хэлбэл Оюутолгойгоос
гарах баяжмалыг монгол хүн гар дээрээ барих эрхгүй болсон. Энэ бол
хамгийн ноцтой алдаа, буруу хандлага юм. Одоо Тавантолгой дээр энэ
асуудлыг эргэж хармаар байна. Буруу юм хийгээд байна гэж хэлэхээр зөв
гэж тайлбарлаад, түүнийгээ нотолж чадахгүй байхын оронд хурал зөвлөлгөөн
хийгээд эрдэмтдийнхээ үгийг сонсох хэрэгтэй байна.

-Оюутолгойн гэрээнд роялтийг нэмэх тухай заалт оруулж өөрчлөх эрх бидэнд бий юү?

-Байхгүй шүү дээ. Гэрээний нэг нөхцөл нь энэхүү гэрээг байгуулснаас хойш
Монгол Улс компанид ашигтайгаар сайжруулсан өөрчлөлт хийх бол түүнийг
дагаж мөрдөнө. Компанийн ашиг сонирхлыг зөрчсөн аливаа өөрчлөлтийг
хүлээж авахгүй гэж байгаа юм. Тэгэхээр одоо яаж ч яриад өөрчлөлт хийх
боломжгүй.

-Зөвхөн Оюутолгой гэлтгүй Эрдэнэтийн зэсийн ордод түшиглэсэн
үйлдвэртэй болох тухай олон жил ярилаа. Зэсийн ханш өсөн нэмэгдэж байгаа
энэ цаг үед бид гараа хумхин суугаа нь харамсалтай санагдах юм?

-Ядахдаа бид эх орныхоо зэсийг дэлхийн зах зээлийн үнээр өөрсдөө
худалдаад авах эрхтэйгээ үлдмээр байна шүү дээ. Энэ чиглэлээр үндэсний
үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй. Ерөнхийлөгч саяхан Финландад айлчлахдаа
500 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай металлургийн үйлдвэр
оруулж ирэх тухай ярьчихаад ирлээ гэж хэвлэл мэдээллээр мэдээлж байсан.
Үнэн хэрэгтээ манайд тийм хэмжээний баяжмал байхгүй. Тэгэхээр тэр
үйлдвэрийг байгуулж яах юм бэ. Одоо зэсийн үйлдвэр байгуулъя гэж байгаа
нь зөв л дөө. Өмнө нь нэг хувийн агуулгатай зэсийн хүдрээс 35 хувийн
агуулгатай баяжмал гаргадаг байсан үед үйлдвэр барьсан бол өдийд хэчнээн
их ашиг олсон байх вэ. Гэхдээ оройтсон ч гэсэн одоо барихаас яах вэ.
Эрдэнэтийн дэргэд 0.5 хувийн агуулгатай 4-5 ширхэг “Эрдэнэт үйлдвэр”
байгуулахаар зэсийн нөөц бий.

-Алтны лицензүүдийг хураах болсон шийдвэрийн талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Монголынхоо үндэсний үйлдвэрүүдийг л боомилж байна. Тэд эх оронч,
байгаль, газар дэлхийдээ хайртайдаа ч ийм шийдвэр гаргаагүй л болов уу.

-Ярилцсанд баярлалаа.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж